Ж.Бат-Эрдэнэ: Санхүүжилтийг шийдвэрлэж, замын ажлыг хугацаанд нь дуусгах шаардлагатай байна

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй аймгийн төвүүдийг хатуу хучилттай автозамаар холбох ажлын явцын талаар ярилцлаа.

-Аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажил нэлээд эрчимтэй хийгдэж байгаа. Таны хувьд ч замын ажилтай танилцаад ирсэн. Аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажил хэр байна, бодит байдал дээр ажил урагшилж байна уу?

-Яамны удирдлагууд зам барилгын ажилтай танилцах, зарим талаараа ажлыг эрчимжүүлэх, саадтай байгаа ажлуудын гацааг гаргах үүднээс ажлын хэсгүүд гараад чиглэл чиглэлээр яваад ирлээ. Нэгдүгээрт, зам барилгын ажилтай танилцах. Хоёрдугаарт Зам, тээврийн яамнаас хийгдэх ажил бол замын бэлэн байдлын үнэлгээ гэдгийг гаргая гэсэн. Тухайлбал, тухайн автозам аваар осолгүй байх, явж буй тээврийн хэрэгсэл, үйлчлүүлж байгаа зорчигчдыг аюулгүй байлгах үүднээс бэлэн байдлын үнэлгээ гэдгийг гаргая гэж зорьсон. Энэ хоёр зорилгын хүрээнд ажлын хэсэг ажиллаад ирлээ. Миний ахалсан ажлын хэсэг Орхон-Хөвсгөл-Завхан-Архангай-Хархорин-Өвөрхангай гэсэн чиглэлд ажиллалаа. Ажлын явцтай танилцаад ирэхэд багагүй хүндрэл байна. Хамгийн эхнийх нь санхүүгийн хүндрэлийн асуудал. Ажил гүйцэтгэгч байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт цаг хугацаандаа орохгүйгээс болж ажлыг хойш нь татаж байна гэдэг асуудал бүх зам дээр л яригдаж байсан. Мөн өнөөгийн нөхцөлд хүйтний улирал ирж байгаа учраас зам барилгын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж харагдаад байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр аймгийн төвийг холбохоос гадна хот доторх замын ажлууд бас хийгдэж буй. Орхон аймагт гэхэд хоёр зам тавигдаж байна. Энэ хоёр замын ажлын явц гайгүй байгаа. Санхүүжилтийн хувьд дараа жил дуусахаар байгаа ч, энэ ондоо багтаагаад замаа тавиад дуусгачих боломж юу байна гэдгийг гүйцэтгэгч компаниудтайгаа ярьсан. Дашрамд хэлэхэд санхүүгийн хүндрэлээс гадна зам барилгын зураг төсөлтэй холбоотой асуудал гарч ирдэг. Барилгын газар дээр зураг төсөл нь өөрчлөгдөх, зарим талаараа дутмаг байх, үер устай холбоотой зүйлийг нь дутуу тооцсон асуудал гарсан. Энэ бүгдийг газар дээр нь ажиллаад шийдвэрлээд ирлээ.

-Замын ажилтай танилцаад явахад хийгдэж буй хамгийн томоохон ажил нь юу байв?

-Замын чиглэлийн тухайд чамгүй урт нь Архангайн Тариатаас Цахир сумыг дамжаад Завхан аймгийн Тосонцэнгэл хүртэлх хоёр компанийн гүйцэтгэж байгаа 110 км болон 127.1 км замын ажлууд байлаа. Тариат-Цахирын чиглэлийн замд 16 км-ын хучилтын ажлыг дуусгачихвал ашиглалтад орчихоор байна. Цахир-Солонготын давааны 127.1 км замын ажилд 40 орчим км замын ажил дутуу. Хүчин чадлаа бүрэн бүрэлдэхүүнээр нь ашиглаад явбал энэ сардаа багтаад хучилтын ажлыг дуусгаад хүлээлгэж өгөх бололцоотой гэж ярьж байна. Замын ажилтай танилцахаас гадна хүлээгдээд байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Төсвийн тодотголд гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих түвшинд шийдвэрлэх шаардлагатай харагдаж байна. Өнөөдөр Ерөнхий сайд зам барилгын ажлын санхүүжилтийн гүйцэтгэлийн талаар Хөгжлийн банк, Сангийн яам, Зам, тээврийн яамны гурван талт уулзалтыг хийнэ. Энэ уулзалтаар сая явсан ажлын хэсгийн танилцуулгыг хийж, гүйцэтгэлээр санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлчихвэл замын ажил графикийнхаа дагуу хийгдээд явна. Хархорины 77 км-ын замын ажил бас байгаа. 21 км-ын замын ажил дутуу байгаа гэсэн тооцоотой. Мөн ялгаагүй хөрөнгө санхүү л хүлээлттэй байна. Загастайн давааны 67 км-ын замын ажил хийгдэж байна. Өмнө нь гүйцэтгэж байсан компани нь орхиод явчихсан учир өөр компанитай гэрээ байгуулаад ажлыг явуулж эхэлсэн. Гүйцэтгэгч компанийнхан орон нутагтайгаа хамтраад тэсэлгээний ажил, түр зам гаргах ажлыг хийх хэрэгтэй гэж ажлын хэсэг дүгнэсэн. Ирэх сард багтаад ажлаа амжуулаад ирэх он гэхэд замын ажлыг дуусгаж, нээх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Замын ажил гүйцэтгэж байгаа компаниудын санхүүжилт гэж нийт хэчнээн тэрбумын асуудал бий бол. Тэдэнд шаардлагатай санхүүжилтийг гаргаж өгөх боломж нь байгаа юм болов уу?

-Ер нь бол бид эхэлчихсэн ажлуудыг дуусгах нь дараа дараагийн санхүүгийн хүндрэлд орохгүй байх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх агуулгаараа их чухал. Одоогийн тооцооллоор Орхон, Хөвсгөл, Завхан, Архангай, Хархорин, Өвөрхангай чиглэлийн замыг харж байхад нийт 25 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэчихвэл дээр дурьдсан замуудыг энэ онд багтаагаад ашиглалтад оруулчих бололцоотой. Зүүн чиглэлд Дорнодын 143 км-ын зам байна. Үүнд бид 11-14 тэрбумын хөрөнгө гаргачихвал зорьсон ажил 100 хувь далан, дэд бүтцийн ажил, 80 хувь асфальтныхаа ажлыг гүйцэтгэх боломж бий. Тэгэхээр нийт 40 орчим тэрбумын асуудлыг ойрын хугацаанд шийдчихвэл замын ажлуудыг энэ ондоо багтаагаад дуусгачих боломж байгаа юм.

-Та түрүүн хэлсэн шүү дээ. Замын зураг бодит байдал дээр хийж буй замын ажил хоёрын хооронд зөрүү гардаг гэж. Зураг хийж байгаа компаниуд газар дээр нь очиж ажилладаггүй юмуу. Зураг буруу хийгдсэнээс болж замын чанарт нөлөөлөх зүйл ч бас гарахыг үгүйсгэхгүй?

-Газар дээр нь ажиллаад ирэхэд хийсэн зураг төслийн тоо хэмжээ, газарзүйн байрлал, онцлогийг нь тааруулаад хийж байгаа ажлууд хоорондоо зөрүүтэй байх зүйл ажиглагдсан. Тэгэхээр цаашид зураг төслүүдийн чанарыг сайжруулах. Мөн зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч, зөвлөгч нарын ажлын уялдааг сайжруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зураг төсөл бодит байдал зөрсөн ч, дор нь өөрчлөөд явчих боломжийг бий болгох нь их хэрэгтэй. Түүнчлэн зураг төслийн ажил дээр тухайн зам дээр очиж ажиллаж байж гаргах шаардлагыг тавих ёстой юм. Тухайн орон нутагтай хамтарч ажилласан, дүгнэлт хэлцэлүүд чухал байгаа. Замын ажил бүрт санхүүжилтийн асуудал гарч ирж байна. Иймд замын гүйцэтгэлийн хөрөнгийг хариуцаж байгаа газрууд аль аль талдаа анхаарч ажиллах хэрэгтэй нь харагдаад байгаа юм. Замын компаниуд нэг талдаа өөрсдийн хөрөнгөөр ажил явуулж байна, нөгөө талдаа өр зээл тавьж ажлаа нугалдаг нийтлэг дүр зураг. Санхүүжилтийн тогтвортой байдлыг л хангах нь хамгийн чухал асуудал болоод байна.

-Замын компаниудад хатуу шаардлага тавьж байна гээд нөгөө талдаа хэтэрхий их ачааг үүрүүлчихсэн юм шиг харагдах юм. Үүнээсээ болоод замын чанарт нөлөөлж ч мэднэ. Уг асуудлыг бодлогоор хэрхэн зохицуулах уу?

-Яамнаас олгодог замын компанийн тусгай зөвшөөрөл гэж бий. Тусгай зөвшөөрлийг их хэмжээгээр олгоод байна гэсэн хэл ам гараад ирэхээр яам нөхцөл шаардлагуудаа улам нарийсгаад өндөржүүлэх хэлбэр рүүгээ явчихаж. Ингээд ирэхээр зам барьдаг компани маш олон төрлийн үйл ажиллагааг өөр дээрээ авах шаардлагатай болсон. Тухайлбал, бутлуур, асфальтны үйлдвэртэй байх ёстой гэчихдэг. Тэгэхээр цаашид замын компаниудад тавих энэ шаардлагаа дахин хуваарилах шаардлагатай болж байна. Зарим шаардлагаа тусгаарлах хэрэгтэй юм. Асфальтны үйлдвэртэй байх ёстой гэдгийг тусад нь гаргаж, өөр компанид лицензийг нь өгдөг. Ингээд хоёр компани хоорондоо бүтээгдэхүүнээ авч, үйл ажиллагаагаа явуулдаг болбол зам барьдаг компанид өгөх ачаалал багасна. Одоогийн явж байгаагаар бол зам барьж буй компани бутлуур, асфальтаа өөрсдөө гаргаж байгаа болохоор түүнд тавих хяналт гэж байхгүй болоод байгаа юм.

-Засгийн газар, яамны зүгээс аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох зорилгыг тавиад ажиллаж байгаа. Гэтэл ямар ч эдийн засгийн үр өгөөжгүй замууд тавигдаад байна гэж зарим мэргэжилтэн ярьдаг?

-Эдийн засгийн үр өгөөж гэдэг нь шууд утгаараа биш л дээ. Нийтлэг нийгмийн үр өгөөж гэж бий. Хүнээ эрүүл байлгах, иргэдийнхээ цаг завыг гаргах гээд нийгмийн үр ашиг талаас нь харвал автозам заавал хөгжлийн хурдасгуур болчихоод байгаа юм. Тэр замд үр өгөөжөө өгөхгүй ч, өөр салбарт эдийн засгийн үр өгөөжөө өгөх түгээмэл арга байна л даа. Тухайлбал, энэ замыг сайжруулчихвал аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдэж байх жишээтэй. Энэ талаас нь л харах хэрэгтэй. Түүнээс биш энэ зам оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө гэдгээр бус, бусад эдийн засгийн агуулгаар нь харах хэрэгтэй.

-Зам, тээврийн салбарт шинэ сайд ирээд ажлаа явуулж эхэлсэн. Яамны зүгээс замын салбарт ямар бодлогыг барьж ажиллах вэ?

-Улс орны автозамыг хөгжүүлэх бодлого бол батлагдсан. Бодлогод Монгол Улсын аймгийн төвүүдийг хатуу хучилттай автозамаар холбохоор тусгасан. Энэ ажлууд хэрэгжээд явж байгаа. Одоогоор зургаан аймаг холбогдоогүй байна. Зургаан аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлууд хэд хэдэн чиглэлээр явж байгаа. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээр, мөн гадаадын зээл тусламжаар, Концессоор санхүүжигдэж байгаа. Үлдсэн аймгуудыг Концессын гэрээгээр санхүүжүүлэх арга хэлбэр рүү явна. Есөн компани Концессын гэрээ байгуулсан байдгаас таван компани нь трассаа батлуулаад ажлаа эхэлчихсэн. Тэгэхээр ирэх жил гэхэд зам барилгын ажлууд явагдаж, үлдсэн зургаан аймгийн төвийг автозамаар холбочих байх гэж бодож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ