Хятад 380 км цагийн хурдтай хөгжиж байна

Хөгжлийн галзуу хурдыг үзүүлнэ хэмээн тэмүүлж буй Хятад мөрөөдөл үргэлжилсээр байна. Өнгөрсөн онд хятадууд өндөр хурдны галт тэргээр хамгийн урт замтай улс болсон. Энэхүү зам нь нийслэл Бээжин хотоос Гуанжоу хүрч байгаа юм. 3000 км орчим үргэлжлэх тус зам хоёр хотын хооронд зорчих хугацааг 50 хувиар багасгаж байгаагаараа зорчигчдын талархлыг хүлээж буй. Дээрх хотуудын хооронд зорчиход өмнө нь 22 цаг зарцуулдаг байсан бол шинэ галт тэрэг 10 орчим цаг хэмнэж байгаа нь гайхалтай. Сая, сая хятадын цаг завыг товчлон хүссэн газарт нь хүргэж байгаа хурдан галт тэрэг тэдний талархлыг өндрөөр хүлээж байгаа.

Хэдхэн жилийн өмнөөс л эхлүүлж байсан хурдан галт тэрэгний замууд нь өнөөдөр дэлхийн хамгийн завгүй, нягтрал ихтэй сүлжээ болжээ. Хятадад хурдны галт тэргээр минут тутамд 1.3 сая хүн зорчиж байна. Өглөөний аяллын Чен галт тэрэг буюу G511 нийслэл Бээжингээс Вухан муж хүртэл 300 км газрыг ердөө таван цаг хүрэлгүй хугацаанд туулан иргэдэд үйлчилдэг юм байна. Энэ урт замын нэг цаг орчмыг нь энгийн галт тэрэгний замаар туулж байгаа бөгөөд нэн ойрын хугацаанд замыг бүхэлд нь хурдны болгосноороо өнөөдрийн зарцуулж буг хугацааг бүр ч богинохон болгох боломжтой билээ.

Бээжингээс Вухан хүртэлх хурдны галт тэрэгний замын сүлжээ өнгөрсөн арван хоёрдугаар сард ашиглалтад орсон. Энэ замыг ашиглаж эхэлснээр Хятадууд галт тэрэгний хамгийн урт замтай улс болж төмөр замын хөгжлөөрөө тэргүүлэгч орны тоонд төвөггүйхэн багтсан. Хурдны галт тэргээр үйлчлүүлж байгаа иргэд хэвтээ замаар нисэж байгаатай зүйрлэсэн нь хоосон магтаал биш юм. Газар нутаг томтой Хятад улсын хувьд энэ арга зам нь нислэгийг ч орлохуйц болж ирж байгаа нь олон талаараа ашигтай. Галт тэрэг хурдан байх тусмаа илүү эрэлттэй болж, богино хугацаанд хямд зардлаар тухтай аялах боломжг нээжээ. Утаа манан ихтэй Бээжинд онгоц их нисэх нь олон талаараа хүндрэл үүсгэдэг ажээ. Гэтэл үүнийг орлохуйц арга зам нээгдэж иргэдийн сонголтыг нэмэгдүүлж байгаа нь олон талын ач холбогдолтой. Урт аяллын үнэ өртөг ангилал, зэрэглэлээсээ хамаараад янз бүр нь мэдээж. Хамгийн үнэтэй суудал нь 85 ам.доллар байдаг. Үүнийг бизнесс зэрэглэлийн суудал гэх.

Галт тэрэгний замд удаан явахад хүн ядардаг. Нэг хэмийн нааш, цааш найгалзсан хөдөлгөөний урсгал мэдрэгддэг. Харин хурдны галт тэрэг бол тэдгээрээс эрс өөр. Хичнээн хол замыг туулсан ч ядаргаа багатайгаар ажлаа явуулах боломжтой. Хөдөлгөөний нэг жигд тасралтгүй байдал нь ном унших, цахилгаанд компьютерээ цэнэглээд ажлаа явуулж байх нөхцөл бүрдүүлсэн байна. Хөгжил дэвшил нэмэгдэх тусам хүмүүс бид цаг хугацааг бага гэлтгүй ашиглаж, зогсолтгүй хөдөлмөрлөх шаардлагатай болж байгаа.

Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон. Олон хүн амтай ч саяхныг хүртэл ийнхүү үсрэнгүй хөгжиж чадаагүй байсан. Эдийн засаг нь өсөн нэмэгдэхийн хэрээр өнөө маргаашийн хэрэглээнээсээ илүү дэд бүтцээ олон улсын төвшинд хүргэхээр зүтгэжээ. Тэд хурдан галт тэрэгний технологи, замын сүлжээг гадаадаас өндөр өртгөөр анхлан нийлүүлж, иргэддээ үйлчилж эхэлсэн. Хятадын засгийн газар бүх л төмөр замын компаниудыг улсын болгон өмчилж, өнөөдрийн их шинэчлэлийг эхлүүлж байв. Өнгөрсөн 2007 онд улсдаа анх удаа хурдны галт тэрэг нэвтрүүлж байсан. Тэр цагаас эхлэн өнөөдөр хүрэхэд нано технологи ашиглан богино хугацаанд улс орноо хурдны галт тэрэгний сүлжээнд хамгийн хурдан холбож чадсан улс болсон байна. Сүүлийн арав хүрэхгүй жилийн хугацаанд энэ амжилтыг үзүүлснээрээ дэлхийд гайхагдах болов. Япон болон Европын орнууд улс орноо хурдан галт тэрэгний сүлжээнд бүрэн холбохдоо 40 орчим жил зарцуулсан байдаг. Зам тээврийг нэн түрүүнд хөгжүүлснээрээ бусад салбарыг хурдан хугацаанд хөгжүүлнэ, зам нь нээгдсэн байхад хөгжил дэвшил тэрхүү замаар өөрөө ирнэ гэж үздэг хүмүүс. Хятадын төмөр замыг барьж байгаа хүмүүс хэлэхдээ “ Бусад орнууд зуу, зуун км-ээр хэмжиж замаа тавьдаг. Харин бид хүн ам, газар нутагтаа зориулан мянга мянган км-ээр нь хийх хэрэгтэй. Манай улсын иргэн бүрт хүрэх ёстой хэмээн энэ ажлыг хийдэг” гэв. Тус улсын сүүлийн үеийн хурдны галт тэрэгнүүдийг, төмөр замыг удирдан чиглүүлж байгаа хүн бол ноён Зао Жиань юм. Тэрбээр өөрийн орны хурдан галт тэрэгний тухайд “ Би төмөр зам судалж олон газраар явсан. Япон, Герман, Франц, Өмнөд Солонгос, Тайвань гээд олон оронд манай хурдны галт тэрэгний зам шиг донсолгоо багатай хурдан зам бараг байгаагүй” гэж ярьж байна.

Одоо тэдний хувьд хурдан хугацаанд барьж байгуулсан эдгээр замуудын нь аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах л үлдсэн гэж хэлж болно. Аливаа зүйл хурд өндөртэй тусмаа эрсдэл нь өндөрсөж байдаг. Хэдэн зуун сая хүний амь насыг тээж, улсын төсвийн асар их боломжоор бүтэж байгаа учир алдаа гарах эрхгүй ч гэж хэлж болно. Хурдан галт тэргүүд бүгд ойролцоогоор 380 км цагийн хурдаар хурдалдаг. Харин ноён Зао хэлэхдээ “Үүнээс ч илүү хурдлах боломжтой” хэмээж байна.

Нэн ойрын ирээдүйд Хятад улс өнцөг булан бүрээ өндөх хурдны галт тэрэгний сүлжээнд нэвтрүүлнэ. Хятадын засгийн газраас 2020 он гэхэд хурдан галт тэрэгний сүлжээнд улсаа бүрэн холбох зорилго тавьсан бөгөөд үүндээ 300 тэрбум ам.долларын төсөв зарцуулахаар болжээ.

Орчуулсан Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ