Ламар Одом ухаангүй тав хонож байна

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн од Ламар Одом хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэндийн байдал нь тун хүнд байгаа талаар “Ройтерс” мэдээлжээ. Тэрээр хар тамхины төрөл бүхий зүйл хэрэглэсэн байсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан аж. Эдүгээ Одом хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас эмнэлэгт ухаан орохгүй тав хонож буй бөгөөд эмч нар амийг нь аврахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч буй юм байна.
Яаралтай дуудлагаар эмч нарыг очиход Одомын хамар амнаас хөөс сахарсан байдалтай байжээ. Эмч нар “Эмнэлэгт ухаан орохгүй удах нь амиа алдах шалтгаан болно” гэдгийг урьдчилан сануулж байгаа аж. Хүмүүс АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн од Ламар Одомын төлөө олноороо залбирч буй юм байна. Шүтэн бишрэгч нар нь түүний эмчлүүлж буй эмнэлгийн гадаа ухаан орохыг нь тэсэн ядан хүлээж суугаа аж.
Ламар Одом дээхнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа, түүнийг үхэл тойрон эргэлддэг талаар ярьсан байна. Одомын ээж түүнийг 12 настай байхад хорт хавдрын улмаас таалал төгсчээ. Багад нь аав нь хаяж явсны улмаас Одом эмээгийн хүүхэд болжээ. Өсгөж хүний зэрэгт хүргэсэн эмээ нь 2003 онд бурхны орон руу одож, 2006 онд ой хүрээгүй хүү нь өвчний улмаас нас барж, 2011 онд үеэл нь аллагын золиос болж түүнийг орхисон гашуун дурсамжууд бий аж. Үеэлээ оршуулах үеэр Одом өөрөө осолд орж, бас нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ