Тэрбумын үнэтэй шоуны шилэгдмэл үзэгчид!
Дэлбэгэр чихээ хүртэл далбагар бүрх духдуулсан, дугуй хээтэй шар торгон дээлийг шар дурдан бүсээр шавхийтэл бүсэлсэн, харах царайн алиа марзан нөхөр тайзны араас гарч ирээд л “Авьяаслаг Монголчууд” нэртэй өөрийн зохиосон шүлгээ дуржигнатал уншина. За тэр шүлэг ч яахав, зогсолтын “поза”, гарын барилт, нүүр царайны мимик бол юун Юрий Никулин. Тэгснээ ирээдүйд “Экс Ди” /XD/группийн ерөнхийлөгч болно гэж байгаа юм.
Мань эр өөрөө Ховдын Дарвийнх бөгөөд XD гэдэг аймаг, сумынх нь нэрний товчлол гэнэ шүү. Энэ бол зүгээр нэг жишээ, ярьж хэлж байгаа, алхаж яваа нь хүртэл инээд авна. Энэ бол “Авьяаслаг Монголчууд” шоуны нэг хэсэг. Товчхондоо тэд чаджээ. Үнэхээр чадаж. Гэр бүлийн интертайнмент шоу тодотголтой, Монголын өнцөг булан бүрээс элдэв авьяастнуудыг нээж илрүүлэн дэлхийд гаргах зорилготой, 100 сая төгрөгийн шагналын сантай “Авьяаслаг Монголчууд” шоу төсөл дээр HD Монгол телевизийнхэн бүтэн жилийн турш ажиллаж үр дүнд нь Монголын хамгийн анхны олон услын формат, стандартад нийцсэн ТВ шоуг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
Браво! Тэдэнд баяр хүргэх ёстой. Учир нь шоу нэвтрүүлэгт өөлж, шүүмжлэх юу ч байсангүй гээд бод. Энэ гэхдээ миний бодол. Гэхдээ олон хүн надтай санал нийлнэ гэдэгт итгэж байна. Лав л энэ сарын 16-ны үдэш “Гэгээнтэн энтертайнмент”-д болсон шоуны нээлтэнд уригдсан зочид буюу шоуны анхны үзэгчид бүгд ийм өндөр сэтгэгдэлтэй гарсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Шоу энэ сарын 20-ноо үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Тиймээс үлдсэн дүгнэлтийг таны мэдэлд үлдээе.
HD Монголтелевиз дэлхийд алдартай “Got talent” нэвтрүүлгийг Монголд хийх эрхийг авсан дуулиан 2015 оны нэг үзэгдэл байсан юм. Дэлхийн алдартай шоуг алсаас орчуулгатай үзэж дадсан бидэнд энэ нь шинэ тутам зүйл. Уг шоу 57 оронд хийгдсэн, 290 гаруй сая хүнд хүрчихсэн гэдэг утгаараа манайд хийгдэж буй нь өндөр хүлээлт үүсгэхээс аргагүй.
Нийт 2000 гаруй авьяастнаас эхний шатны шалгаруулалтаа хийсэн талаар тус телевизийнхэн мэдээлсэн. Харин шоуны шүүгчдээр хөгжмийн зохиолч, продюсер, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер, продюсер Rokitbay, хийлч Дээгий нар сонгогдож. Тун ч нүдээ олсон, ёстой жин бан нь таарсан сонголт гэж санагдсан. Мэдээж нэвтрүүлгийн 5 дахь шүүгчээр та бид оролцох эрхтэй. Үр дүнд нь Монголыг дэлхийд төлөөлөх нэг гоц авьяастан тодорч, 100 сая төгрөгийн эзэн болно.
М.Саян
Фото: М.Өнөр, Б.Сайханбилэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ