Агаарын бохирдлыг хаанаас яаж тогтоодог вэ?


Агаарын бохирдлыг хаанаас яаж тогтоодог вэ? Ер нь газраас дээш хэдэн метрт бохирдлын хэмжээг тогтоож мэдээллэдэг юм бол?
-Монгол улсын агаарын чанарыг хянах сүлжээ гэж байдаг. Энэ сүлжээнд нийт 39 цэг ажилладаг юм. Эдгээр нь агаар дахь бохирдлын хэмжээг тогтоож, судалж, шинжилдэг тоног төхөөрөмж бүхий техниктэй. Үүнээс 14 харуул бүхий цэг нь Улаанбаатарт, 25 нь орон нутагт ажиллаж байна.
-Манай орны хувьд зун агаарын бохирдол бараг байдаггүй гэж хэлж болох уу? Өвөл бол тодорхой.
-Агаарын бохирдол нь улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Хамгийн их бохирдолтой нь мэдээж өвөл буюу галлагааны улирал. Энэ нь ялангуяа түүхий нүүрсний шаталттай холбоотой. Харин хавар, намар салхины нөлөөгөөр сул хөрснөөс үүдэлтэй тоосжилт их дэгддэг. Тэгвэл зун хуурайшилтаас гадна бүтээн байгуулалтын ажил өрнөдөг болохоор мөн тоосжилт ихсэж агаар бохирддог.
Ер нь жилийн дөрвөн улиралд тоосонцор стандартаас их, азотын давхар исэл буюу автомашинаас гарах бохир утаа хэвийн хэмжээнээс их байсаар байна.
-Энэ бүхэнд улсаас төсөв мөнгө зарцуулаад тодорхой арга хэмжээ авч байгаа. Бодит амьдралд энэ нь хэр үр дүнгээ өгч чадаж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 14 цэгт хийж байгаа хяналт шинжилгээний дүнгээс харахад 2013-2015 оны хугацаанд агаарын бохирдол буураад байгаа. Гэхдээ бохирдуулагч бодис тус бүрдээ харилцан адилгүй. Тухайлбал, тоосонцор 30 орчим хувиар, азотын давхар исэл 20 орчим хувиар буурсан. Харин хүхэрлэг хийн хувьд 2014-2015 оны өвөл буюу өнгөрсөн өвөл өмнөх жилийнхтэйгээ ижил үзүүлэлттэй гарсан. 2013 оноос өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч эхэлж байсан үе болохоор бохирдол маш их байсан. Тэгэхээр өнгөрсөн өвлийн байдлаар бохирдол ерөнхийдөө 20-30 хувиар багассан гэж болно. Энэ нь олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн юм. Үүнд жишээ нь сайжруулсан зуух, түлш, мөн авто замыг сайжруулсан, гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах зэрэг олон ажлууд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.
-Энэ жилийн өвөл нэлээд хүйтрэх төлөвтэй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр тэр хэмжээгээрээ түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдэж бохирдол ихсэх магадлалтай гэж ойлгож болох уу?
-Хэрэв их хүйтэн өвөл болоод мөн тодорхой арга хэмжээ авч чадахгүй бол бохирдол ихсэнэ л гэсэн үг. Гэхдээ бид үүнийг тааж хэлэхгүй. Хяналт, шинжилгээний дүн ямар гарна, түүнийг л бид мэдээлэх болно.
-Улсын хэмжээнд ажиллаж байгаа 39 цэг дэх тоног төхөөрөмжийн хувьд хэр удаан ашиглагдсан техник байгаа вэ? Мөн хэр бодит мэдээллийг өгч чадаж байна вэ?
-Нийслэлд14 цэгт харуул ажиллаж байгаа гэж дээр хэлсэн. Эдгээрээс 10 нь шууд тасралтгүй хэмждэг автомат багажтай. Мөн Дархан, Орхон аймгуудад автомат багажтай харуул ажиллаж байгаа. Энэ нь өөрөө шууд тохируулга, хяналт шинжилгээ, засвар үйлчилгээгээ хийчихдэг. Энд ажиллаж байгаа харуулууд маань итгэмжлэгдсэн лабораториор хяналт шалгалтаа хийж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, итгэмжлэгдсэн гэдэг нь баталгаатай гэсэн үг. Манайх 2010 оноос автомат багаж тоног төхөөрөмжөөр шинэчлэгдээд явж байгаа. Нийслэлийн4 болон бусад орон нутгийн харуулууд хуучин багажаараа буюу тэнд агаараа соруулаадлабораторидоо авчраад шинжлээд маргааш нь дүн нь гардаг. Автомат багаж нь 15 минут тутамд агаарын чанарыг тодорхойлж мэдээлэл өгдөгөөрөө бас давуу талтай.
-Гудамж талбайд байрлуулсан агаарын чанарын мэдээлэл өгдөг самбар гэж байна. Үүнийг энгийн иргэнд хэр ойлгомжтой гэж бодож байна вэ? Зарим хүмүүс сайн ойлгодоггүй гэж байсан.
-Ер нь агаарын чанарыг хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байна вэ гэдгийг индексээр тооцоод стандарттай нь харьцуулж гаргадаг л даа. Тэр индексийн үзүүлэлтийг 6 хувааж үздэг. Цэвэр, хэвийн, бага зэргийн бохирдолтой, дунд зэргийн бохирдолтой, бохирдолтой, маш их бохирдолтой гэж ангилна. Тэр нь агууламжаасаа хамаараад аль ангилалдаа хамаарах вэ гээд индекс нь хуваагдчихдаг юм. Тэр самбар бол 30 минут тутамд агаарын чанарыг мэдээлж байгаа. Энэ самбар маань 3 үзүүлэлтээр солигдож байгаа. Нэг нь тоон үзүүлэлтээрээ буюу агаарыг мг/м3-ээр, нөгөө нь индексээрээ буюу ийм хэмжээний бохирдолтой байна гэсэн бичиг гарна. Гурав дахь нь цаг уурын үзүүлэлтүүдийг харуулна.
-Агаарын чанартай холбоотой мэдээллийг иргэд дээрх самбараас гадна хаанаас яаж мэдээлэл авах боломжтой вэ? Тийм боломж байна уу?
-Бид agaar.mn сайт, agaar гэсэн аппликейшн ажиллуулах гэж байгаа. Эндээс яг одоо миний байгаа газар ямар бохирдолтой байна вэ гэдгийг, эсвэл очих гэж байгаа газрынхаа мэдээллийг харах боломжтой.
-Агаарын бохирдол жилээс жилд буурч байна гэсэн мэдээллийг албан ёсоор өгөхөд хүмүүс үүнийг худал мэдээлэл гэж шүүмжилдэг. Учир нь бидний нүдэнд харагдаж байгаа тэр их утаа байсаар байгаа учраас. Энэ талаар та юу гэж тайлбарлах вэ? Эцсийн дүгнэлтээр та улсаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр үр дүнтэй байна гэж дүгнэн хэлэх вэ?
-Хүмүүс зөвхөн гадаа харж байгаа үзэмжээрээ ийм ойлголттой байгаа нь үнэн. Яг тэр агаар дахь агууламж нь хэдэн хувиар буурч байгааг нарийн багажаар хэмжсэн нь яаж гарч байгааг мэдэхгүй болохоор аргагүй юм. Ер нь би үр дүнг шууд дүгнэж хэлэх боломжгүй л дээ. Харин бид 14 цэгт ажиллаж байгаа хяналтынхаа дүн шинжилгээг хараад мэдээлэл өгдөг. Гэхдээ үзүүлэлтээс харахад улсаас хэрэгжүүлсэн ажлууд тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч агаарын бохирдол буурч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ