Сайжруулсан зуухыг нийт өрхийн тал хувь нь л ашиглаж байна

-SICA төслийн талаар товч танилцуулга өгөөч. Агаарын бохирдлын талаар та бүхэн ямар судалгаа хийсэн юм бэ?

-Улаанбаатар хотод утаа гаргаж байгаа эх үүсвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд оруулах ерөнхий судалгааны ажлыг бид хийж гүйцэтгэлээ. 2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байсан. Одоо татан буугдчихсан. Тэр байгууллагын захиалгаар Агаар бохирдлын суурин эх үүсвэрийн бүртгэл тооллогыг хийлээ. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр маш их төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Их хэмжээний ч мөнгө төсөвлөсөн. Түүний нэг хэсэг бол сайжруулсан зуух. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын айлууд ямар төрлийн зуух хэрэглэж байна, сайжруулсан зуухыг айл өрхүүд ашиглаж байна уу гэдэг талаас нь бүртгэл тооллого хийлээ.

-Та бүхэн судалгааны ажлаа ямар зохион байгуулалттайгаар хийсэн бэ?

-Бид гэр хорооллын бүх айлуудаар ороод зуухных нь зургийг аваад зориулалтын программдаа суулган тухайн айлаа GPS-дээ оруулаад, судалгааны асуулгаа авч явсан. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуух ашигладаг аж ахуйн нэгжүүдийг мөн бүртгэх ёстой. Харин утааны эх үүсвэрийн гурав дахь том хүчин зүйл бол цахилгаан станцууд. Эдгээр гурван эх үүсвэрүүдийн талаар судалгаа хийж мэдээллийн санг үүсгэх ажлыг гүйцэтгэлээ.

Энэхүү ажлаа 2014 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. 2014 оны 12 дугаар сард эхний шатны ажил дууссан. Гэхдээ 2014-2015 онд төслийн зуух тараах ажил нэлээд удаашралтай явагдсанаас үүдээд үндсэндээ тавдугаар сард сүүлийн шатны ажил дууссан юм.

-Айлууд сайжруулсан зуух ашиглалт хэр хангалттай гарав? Тайлангийн талаар товчхон мэдээлэл өгөөч.

-Улаанбаатар хотын айл өрхүүдэд сайжруулсан зуухыг хангалттай, хүрэлцэхүйц хэмжээгээр тараасан байна. Гэхдээ хэрэглээний хувьд дутагдалтай. Статистик баримтаар нийт 180 орчим мянган айлаар орно гэж төсөөлж байсан ч бодитоор явахад бид 130 мянган орчим айлаар орсон байгаа юм. Эзэнгүй айлууд таарах, ялангуяа зуны цагт хүмүүс амралт, зугаалгаар хөдөө, зуслан руу их явдаг. Мөн оюутнууд хотод өвөлжөөд зундаа нутаг буцдаг шүү дээ. Түүнчлэн нэг дор хэд хэдэн өрх амьдардаг ч галлаж байгаа эх үүсвэр нь нэг байх жишээтэй. Үүнтэй холбоотойгоор гал түлж утаа гаргаад амьдарч байгаа 130-аад мянган айлаар явлаа. Эдгээр айлаас 55 хувь нь буюу 65.1 мянга нь сайжруулсан зуух ашиглаж байна. 45 хувь нь буюу52.2 мянган өрх нь уламжлалт хуучин зуухаа хэрэглэж байна. Зуухаа яагаад хэрэглэхгүй байна вэ гэж асуухад нэлээд хувь нь хөдөө явуулсан гэж байсан. Мөн хамаатан садандаа өгсөн гэсэн тайлбар өгч байсан. Зарим нь амбаартаа хадгалж байгаа гэсэн.

Бид судалгааны ажлаар явсан болохоос мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй болохоор зуух нь үнэхээр байгаа үгүйг үзье гэсэн шаардлага тавиагүй. Бидэнд тийм эрх ч байхгүй.

Нийт 3017 айл болон аж ахуйн нэгж нам даралтын зуух ашигладаг гэсэн судалгаа мөн гарсан байгаа. 161 аж ахуйн нэгж байгууллага 100кВт-аас дээш хүчин чадалтай буюу усан халаалтын зуух /уурын зуух/ ажиллуулж байна. Энэ мэдээллүүдийг agaar.mn гэсэн сайтад байршуулсан.

-Энэ жил дахин төслийн зуухыг тараах ажил үргэлжлэх эсэх талаар та нарт мэдээлэл байна уу? Хэрэв тараагдвал танай судалгааны ажил үргэлжлэх үү?

-Өнгөрсөн жилийн галлагааны улиралд 15 мянган зуух тараагдахаар төлөвлөсөн байснаас 10 мянга 954 зуухыг тараажээ. Харин энэ жилийн галлагааны улиралд үлдсэнийг тараах юм гэсэн. Яг тараах үгүйг нь мэдэхгүй байна. Энэ ажлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага л мэднэ дээ. Манай судалгааны ажил бол үндсэндээ дууссан.

-Айлуудаар явахад иргэд яаж хүлээж авч байна? Ер нь судалгааны явцад ямар саад бэрхшээл тулгарч байв?

-Эхэндээ хүмүүс сайжруулсан зуухныхаа араас мөшгиж байна гэх байдалтай, өөрөөр хэлбэл, сайжруулсан зуухаа аваад борлуулсан ч юм уу бусад төрлөөр ашигласан айлууд ер нь дургүйцэх маягтай байсан. Иймэрхүү айлууд гэртээ оруулахгүй байх, хөөх зэрэг асуудал их гарсан. Мөн айлуудын хаягжилт тодорхойгүй, нохойд хөөгдөх гэх мэт аюулгүй байдлын үүднээс хүндрэлүүд гарч байсан. Ерөнхийдөө судалгааны ажил маань дардан яваагүй, төлөвлөсөн хугацаанаасаа ч багагүй хугацаагаар хоцорсон. Гэхдээ Агаарын чанарын алба, нийслэл, хороо, хэсгийн ахлагч нар гээд шат шатны байгууллагынхан бидний ажилд маш их тус нэмэр болсныг энд бас зориуд дурдмаар байна.

-Цахилгаан болон газан халаалттай айлууд нэлээд олширсон байх. Тэдгээр айлууд танай тооллогод хамааралтай юу?

-Нийслэлийн хэмжээнд газан болон цахилгаан халаалттай айл тоотой хэдхэн л таарсан. Тэд утаа гаргадаг айл биш гэдэг утгаар манай дүн мэдээлэлд ороогүй.

-Танай байгууллагын зүгээс мэдээж тодорхой дүгнэлт гарсан биз. Тэр талаар холбогдох байгууллагад нь өөрсдийн саналаа өгсөн үү?

-Эцэст нь бид судалгааныхаа дүнг хараад өөрсдийн зүгээс бас саналаа хүргүүлсэн байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ