Киног орлогын хувьд бус оюуны хувьд үнэльеье

Кино үйлдвэрлэгч, кино үйлчилгээ эрхлэгчдийн хооронд үүсдэг ганц асуудал бол орлогын хувь. Кино үйлчилгээ эрхлэгчдийн хувьд киноны орлогын 55 хүртэлх хувийг нь авдаг. 2012 оноос өмнө 60-65 хувь байсныг тухайн үеийн ШӨХТГ-ын дарга асан О.Магнай судалгаан дээр үндэслэн дээрх хувь хэмжээг тогтоож байжээ.

Кино хийх гээд бөөн өр зээл тавьсан хүн киногоо хурдхан л гаргаж өрөө дарахыг бодно. Тиймээс бага хувийг нь үг дуугүй авсаар л яваа. Харин ч 45 хувь болсон нь их юм. Гэтэл сүүлийн үед бас нэгэн мэдээлэл чих дэлсэх боллоо. Учир юу гэвээс зарим кинотеатрууд 55 хувиа чамласан уу, нэмж 10 хувьд нь шатахууны тасалбар шахаж байна гэнэ. Ингээд л 60 гаруй хувиа хүртсэн хэвээр байгаа бололтой. Хэдийгээр энэ асуудлаар ШӨХТГ-т одоогоор өргөдөл, гомдол ирээгүй байгаа ч алдагдал, зардлаа нөхөж, өр зээлээ дарахын тулд кино хийгчид үг дуугүй байх нь чухал.

Кинотеатруудын талд хувь өндөр тогтоохын учир нь тухайн байгууллага үйлчлэгч, тасалбар түгээгчээс эхлээд олон хүний амин зуулгыг залгуулдаг хэмээн тайлбарладаг. Тэгвэл нөгөө талаас нь харвал кино уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн басл олон ам бүлтэй. Дээр нь мөн л тээвэр, техник хэрэгсэл, бусад урсгал зардлыг тооцвол багагүй мөнгө гарна. Энэ талаас нь харьцуулалт хийвэл учир дутагдалтай болох юм. Тэгвэл нэг асуудлыг харъя. Зүдрэн байж хийсэн бүтээлээ ганцхан сар гаргаад бага хувиа хүртэнэ. Дараагийн уран бүтээлээ хийх болно. Олсон орлогоороо тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээ шинэчилнэ гэдэг тун бэрх. Ингээд л хар ухаанаар бодоход монголын кино урлагийн хөгжил хэр хурдацтай урагшлахыг харж болохоор байна.

Бас нэг өнцгөөс харъя. Сүүлийн үед нэлээд түлхүү хөндөгдөх болсон оюуны өмчийн талаас нь авч үзвэл илүү бодит дүгнэлт гарч болох юм. Нэг талаар кино бол зугаа, түүн дээр суурилсан бизнес гэлээ ч нөгөө талд кино бол цэвэр урлагийн илэрхийлэмж. Өөрөөр хэлбэл, кино бол бүтээгчийнхээ гүн ухаан, гоо зүй, ертөнцийг үзэх үзлийн илэрхийлэл бүхий урлаг юм. Кино бол үзэл бодол, гүн ухаан, гоо зүй, соёл, амьдралын хэв маяг гээд олон зүйлийг үзэгчдэд хүргэж чадах агуулгын өргөн далайцтай хэрэгсэл учир урлаглаг шинж чанар нь хэзээ ч бүдгэрэхгүй байх ёстой. Гэтэл олон нийт энэ төрлийн урлагт шүүмжлэнгүй аясаар хандах нь элбэг. Тэгвэл нийгмийн энэ чухал хүчийг хааж боох ямарваа хүчин зүйлээс ангид байлгах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол зөвхөн бүтээгч, гаргагч 2-ынмаргаан, асуудал бус, бүх нийтийн түвшинд нөлөөлөх томоохон асуудал мөн.

Энд аль нэгийг нь өмөөрөх, эсхүл дунд нь алим шидэх гэсэнгүй. Зөвхөн хүний оюуны бүтээлийг бодитоор үнэлэх цаг болсныг дахин сануулахыг зорилоо.

Б.Ягаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ