Анжелина Жолигийн эгч хөхний хорт хавдраар нас баржээ


Холливудын жүжигчин Анжелина Жолийн нагац эгч Дебби Мартин өчигдөрхөхний хорт хавдрын улмаас 61 насандаа хорвоог орхилоо хэмээн ВВС мэдээлж байна. Энэ эмгэнэлт мэдээ Анжелинаг хорт хавдраас урьдчилан сэргийлж хөхөө авахуулах мэс засалд орсон тухайгаа зарласнаас хойш хоёр долоо хоногийн дараа болж байгаа үйл явдал юм.
Дебби Мартин өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдөр биеийн байдал нь эрс муудсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Деббигийн нөхөр Рональд Мартины ярьснаар Жоли сүүлийн үед эгчийнхээ дэргэд байж чадаагүй ч ах Жеймс Хейвеныхээ хамтаар түүнтэй байнга утсаар холбогдож байсан аж. Дебби Мартин амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл Анжелина Жолигийн эхийн дурсгалд зориулсан интернэт блогийг хөтөлдөг байсан юм.
Анжелинагийн ээж Маршелин Бертран 2007 оны нэгдүгээр сард мөн хөхний хорт хавдрын улмаас нас барсан юм. Хөхний хавдар удамших нь элбэг бөгөөд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн олонх нь удмаар дамжин өвчилсөн байдаг ажээ. Жоли хоёр долоо хоногийн өмнө хоёр хөхөө тайруулсан бөгөөд хөхний хорт хавдраар өвчлөх 87 хувийн эрсдэлтэй байсан. Харин өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл 50 хувьтай байгаа юм. Тиймээс тэрээр ойрын хугацаанд өндгөвчний хагалгаанд орж магадгүй байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ