Сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлнэ

“Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг хэрэгжүүлэх” хоёр дахь удаагийн үндэсний семинарыг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгууллаа.

Семинарт ХХААЯ, БОНХАЖЯ, НҮБ-ын ХХААБ болон Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Газрын харилцаа геодизи зурагзүйн газар, Иргэний нийгэмлэгийн байгууллагууд, хөдөө орон нутгийн газрын албад, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр эдэлбэрийн засаглалын сайн дурын зөвлөмжийн хүрээнд Монгол улсад хийгдэж буй ажлын явцыг танилцуулж, сайн дурын зөвлөмжийн зарчмуудыг бодит ажил болгох арга хэмжээнүүдийн тухай хэлэлцлээ.

Эдэлбэрийн засаглал нь байгаль орчин, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, өлсгөлөн, ядуурлыг арилгах гол хүчин зүйл бөгөөд амьжиргаа, хүнс, орон байр, нийгэм, соёлын практик нь газар болон ой, загас гэх мэт бусад байгалийн нөөцийг хэрхэн ашиглан, хянаж байгаагаас шалтгаалдаг. Эдгээр нөөц нь эдийн засгийн өсөлтийн гол бүрэлдэхүүн хэсэг. Эдэлбэрийн систем нь хүмүүс, нутгийн иргэд газар, бэлчээр болон бусад байгалийн нөөцийг хэрхэн ашиглахыг зохицуулж хэн ямар нөөцийг, хэдий хугацаагаар, ямар нөхцөлтэйгээр ашиглаж болохыг тодорхойлдог. Эдгээрнь батлагдсан бодлого, хуулиар зохицуулагдахаас гадна бичигдээгүй хууль, тухайлбал ёс заншил, бодит амьдрал дээр үндэслэсэн байдаг. Эдэлбэрийн эрх олгогдоогүй юмуу хангалтгүй байх, эдэлбэрийн эрхийг хамгаалж чадалгүй алдах, эдэлбэрийн муу засаглал, батлагдсан хуульд нэг талыг барьсан байх зэрэг нь газар, загас, ойн нөөц барагдаж, доройтоход хүргэдэг.

Дэлхий дахинд газар эдэлбэрийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Дэлхийн Хүнсний Аюулгүй Байдлын Хорооны 2012 оны 5-р сарын 11- ны 38 дахь удаагийн тусгай чуулганаар Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг (ЭЗСДЗ) баталсан. Энэхүү Сайн дурын зөвлөмж нь эрх зүйн бичиг баримт биш. Гэсэн хэдий ч эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг сайжруулах талаар дэлхий нийтэд зориулан гаргасан анхны бичиг баримт учир үүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд, зарчмуудыг лавлах гарын авлагаболгон ашиглаж болно. Улс орнууд өөрсдийн стратеги, бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрөө боловсруулж, үйл ажиллагаагаа төлөвлөхдөө ашиглаж болно. Зөвлөмжид тусгасан зарчмууд, зөвлөмжид тулгуурлан төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн зүгээс хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаагаа болон бусдын хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхэд дүгнэлт хийж болно.

2014 оны 10-р сард үндэсний анхны зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд ЭЗСДЗ-ийг Монгол улсын засгийн газар болон бусад оролцогч талуудад танилцуулж зөвлөмжийн зарчмуудыг харгалзан үзэж арга хэмжээ авахыг уриалсан. Энэхүү танилцуулах зөвлөгөөний үр дүнд холбогдох төр, иргэний нийгэм, судалгаа шинжилгээ, хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс зөвлөмжийг үндэсний эрх зүйн орчинг сайжруулахад шаардлагатай бөгөөд цаг үеэ олсон чухал бичиг баримт хэмээн үзэж дүгнэсэн юм.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамны санаачилга, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ оны 3-р сард ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ЭЗСДЗ-ийг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжих зорилгоор 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсэгт ХХААЯ, БОНХАЖЯ, иргэний нийгэм, судалгааны байгууллагууын төлөөлөл багтдаг. Энэхүү ажлын хэсгийн уулзалт сард нэг удаа зохиогдож Монгол улсад ЭЗСДЗ-ийн хүрээнд хийгдэх ажлуудыг хэлэлцдэг.

“Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Нарангэрэл: Манай байгууллага Эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмжийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа. Энэхүү зөвлөмжийг Олон улсын байгууллагаас батлан гаргасан бөгөөд улс орнуудын хувьд өөрт тохирох зүйл заалтыг нь авч хэрэглэх явдал байдаг. Манай улсын хувьд газрынхаа хуулийг гаргахдаа нэлээд их судалгаа хийдэг боловч тухайлбал, эмзэг бүлгийнхэн гэж тодорхой зааж өгдөггүй. Мөн цахим хэлбэрээр хэрэгжүүлдэг нь тийм оновчтой биш байдаг. Энэ нь хүн бүрт хүртээмжтэй биш байдаг. Үүнийг ЭЗСДЗ-д “Хүний эрхийг алагчлахгүйгээр оруулна” гэсэн том заалт байдаг. Хоёрдугаарт, оролцооны асуудал. Газрын болон бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа олон төрлийн оролцооны механизмуудаар дамжуулан иргэдээс саналыг нь авах хэрэгтэйг маш тодорхой заасан байдаг. Өнөөдрийн семинарын гол зорилго нь, энэхүү сайн дурын зөвлөмжийг хэрхэн ашиглах, Бэлчээрийн болоод Ойн тухай хуулиндаа зөвлөмжөөс санаа авч оруулах ямар зүйл байгааг илтгэл тавьж хэлэлцүүлэх явдал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ