Чингисийн онгон Бурхан халдунд олдсон нь
Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт орших Бурхан халдун уулын "Их овоо" гэдэг газарт олджээ.
Дэлхийн агуу их, энэ хүний онгоныг үе үеийн эрдэмтэн, судлаачид хайсаар ирсэн. Энэ их хайлтын төгсгөл болгосон мэдээллийг хүргэж байна хэмээн "Тэнгэр Угсаа" нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид сэтгүүлчидтэй нүүр туллаа. Тус нийгэмлэг анх 2006-8-8 нд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Бурхан Халдун ууланд тахил өргөх үеэр эрдэмтэн Даваа нь уулын толгой-орой хэсгийг хүний хөдөлмөрөөр бүтсэн байгалын бус тогтоц байна гэж үзэж байж. Бүхэл бүтэн уулын оройг засаж хэлбэр оруулж буцаан байгалийн хэлбэрт оруулна гэдэг бол олон мянган хүний хүчээр, удаан хугацааны туршид л хийж болох ажил. Тэр ч утгаар энэ үйлийг хэнд зориулж хийх нь тодорхой. Энэ бол Чингис хааны онгон гэж эрдэмтэн Даваа үзэж байгаа аж. Өнгөрсөн 14 сарын хугацаанд хугацаанд холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалсаны үндсэн дээр Хэнтий аймгийн Бурхан халдун уулыг Их овоо гэх газарт Их эзэн Чингис хааны онгоныг мөнхөлсөн хэмээн үзэх болжээ. Энэ үзлийг зөвхөн эрдэмтэн Даваа төдийгүй тус нийгэмлэгийн гишүүд тухайлбал түүхийн хэсгийг доктор профессор Бор, Археологийн хэсгийн доктор профессор Батсайхан, Геологи-геофизикийн хэсгийг мэргэжилтэн геологич Ядмаа нар ахлан судалгаа хийж үнэн болохыг баталж байгаа аж. Тэдний үзэж буйгаар Эзэн богд Чингис хааныг Бурхан Халдун уулын өрхөнд далайн түвшнээс 2300 метрийн өндөрт мөнхөлжээ.
Монголын Эзэнт Гүрнийг ундэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухай
Чингис хааныг хаана, хэрхэн оршуулсан тухай асуудал нь олон зууныг дамжин зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн олон улс орны анхаарлын төвд ямагт оршисоор ирсэн бөгөөд уг асуудал нь түүх, угсаатны зүйн төдийгүй шинжлэх ухааны маш их ач холбогдолтой сэдэв юм. Монголын Нууц Товчоо, Судрын Чуулган зэргээс монгол их сурвалжаас эхлээд хожмын бүх монгол сурвалжид Их хааныг Бурхан Халдун хэмээх ууланд онголсон тухай нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, тухайн уул хаана байж болох талаар гадаад, дотоодын судлаачид янз бүрээр төсөөлөн санал бодлоо дэвшүүлж иржээ. Дээрх судлаачдын таамаглал, төсөөлөл нь Бурхан Халдун уул хаана оршин буйг тогтооход дэм болсоныг тэмдэглэх хэрэгтэй боловч манәй ундэсний судлаачдын хувь нэмэр асар их болоод, ялангуяа, академич X. Пэрлээ агсныг дурьдаж болох бөгөөд тэрбээр олон жилийн судалгааны хэрэглэгдэхүүндээ тулгуурлан Бурхан Халдун уул нь одоогийн Их Хэнтийн нуруу болохыг түүхэн газар усны нэр, археологийн дурсгал, аман ба түүхэн домог, сурвалжийн мэдээ сэлтэд түшиглэн ямар ч эргэлзээгүйгээр тогтоосон юм. Үүний дараагаар доктор С. Бадамхатан уг судалгааг үргэлжлүүлэн явуулсан бөгөөд шинээр 1000 гаруй түүхэн газар зүйн нэр ус, аман мэдээ, домог зэргийг цуглуулан газар орны байдалтай танилцаад, "Их хориг буюу Бурхан Халдун, уул нь энэ сав нутагт байжээ гэдэг бидний таамаглалыг улам итгэл үнэмшилтэй болгож байна" гэж өгүүлсэн байдаг. Гэвч Их хааны булш газарзүйн ямар орчин нөхцөлд байж болох талаар түүний төсөөлөл учир дутагдалтай байсан байна. Тухайлбал, "Их Хэнтийн сардигуудаас буусан урд амуудын цээжинд өмнө буюу нар ургах зүгт харсан энгэрүүдэд Хэнтий хааныг дэрлэсэн маягаар оршуулсан байж болох мэт" гэж монголчуудын нас нөхцөгсөдийг оршуулдаг монголчуудын уламжлалт зан үйлээр ойлгон төсөөлжээ. Геологич Н. Ядмаагийн ажиглалтаар дунд овооноос их овоо хүртэлх энгэрийг есөн үе болгон шаталсан дэвсэг болгон зассанаас гадна Их овоог босгоход нуурын зүүн энгэрийн асгыг ашиглан байгуулсан бололтой гэж тэмдэглэжээ. Түүнчлэн Бурхан Халдун уулын зүүн ба зүүн урд талын хавтгай тэгш дэвсгүүд бас хүний гараар бүтээсэн нэгэн цогц байдлыг үүсгэсэн гэж үзсэн ба эрдэмтэдийн ажигласнаар зүүн урд талын нэгэн дэвсэг дээр ямар нэг чулуун байгууламж байгаа нь холоос тод харагддаг байна. Геофизикийн судалгааны үр дүнгээс үзвэл Их овоо нь өргөргийн дагуу байрлалтай, тойргийн урт 900 м, 80-120 м өргөн, 60 м өндөр зөв, гонзгой дугуй хэлбэрийн байгууламж юм байна. Овооны зүүн хэсгийн гурван цэгт, баруун захад нэг цэгт яс, металл байгаа дохио өгсөн байна. Ялангуяа зүүн хэсэгт соронзон гажлын хэмжээ байгууламжийн хоёр талд нэгэн ижил их байгаа боловч байгууламжийн гадна талбайд гажил илрэхгүй байж. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт одоогийн өнгөн хөрснөөс доор 6 метр гүнд ойролцоогоор 10 метр урт, 4 м өргөн, 2 м өндөр байгууламж байгааг тогтоосон бөгөөд хавтгай чулуугаар тагласан байж болохоор байгаа гэнэ. Геофизикийн судалгааг одоо үед геологийн хайгуул судалгаанд өргөн хэрэглэж байгаа Канад улсын GEM 19Т маркийн багаж түүнчлэн ЗХУ-ын радиометрүүдийн багаж зэргийг ашиглан Чингисийн онгоныг тогтоожээ. Геофизикийн дээрх хайгуул судалгааны гол үр дүн нь Их овоо хэзээ нэгэн цагт хүний гараар бүтээгдсэн байгууламж болохыг тодорхой харуулж өгсөнд оршиж байгаа аж.
Хэдийгээр, судлаачид Рашид-ад-дины Сударын Чуулганы Бурхан Халдун уул хаана оршин буй тухай мэдээнд шүүмжлэлтэй ханддаг боловч тэрбэр үнэн хэрэгтээ Их хаадыг онголсон Их Хориг буюу Бурхан Халдун уулыг Гурван голын эхэнд буй Их уул хэмээн тов тодорхой өгүүлсэн байдаг. Бурхан Халдун уул нь 2362 м өндөр Их Хэнтийн нурууны голлох өндөрлөгийн нэг мөн. Эрдэмтэд эдүгээ хүртэл Их овоог зүгээр нэг тахилга тайллагатай овоо мэтээр төсөөлөн ойлгож байсан, нөгөө талаас 1990-1992 оны хооронд зохион явуулсан Монгол-Японы хамтарсан Гурван гол төсөлд оролцсон мэргэжлийн судлаачид хүртэл булш гэж үзээгүй бөгөөд тийм өндөр уулын оройд үндсэн чулуулгийн хэсэгт ойрхон газарт булш байх боломжгүй гэж үзсэн байдаг байна. Хэрэв зээ эдгээр эрдэмтэдийн тогтоосон нь судалгаа шинжилгээгээр батлагдвал монголд төдийгүй дэлхийд данслагдсан их хүний судалгаа шинжилгээний ажилд асар их хувь нэмэр олох юм. Ямартай ч Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ