Туркэд 400 мянга гаруй хүүхэд сургууль завсардаад байна

Турк улсад дүрвэгсэд маш хүнд нөхцөлд аж төрж байна. Тус улсын дүрвэгсдийн хуаран Сирийн дүрвэгчдийн 10-аад хувьд л хүрэлцээтэй байгаа юм. Тиймээс хуарангаас гадуур амьдарч байгаа хүүхдүүдийн 25 хувь нь сургуульд хамрагдаж байна. Туркэд 2 сая гаруй Сирийн дүрвэгчид очсоноос 700 мянга гаруй нь хүүхэд байгаа юм. Үүнээс 400 мянга гаруй хүүхэд сургууль завсардаад байгаа талаар хүний эрхийн байгууллагаас мэдээллээ. Энэ нь гурван хүүхдийн хоёр нь боловсрол эзэмшиж чадахгүй байна гэсэн үг. Учир нь тэд турк хэл мэдэхгүй, түүнчлэн эцэг эх нь хөрөнгө мөнгөний боломжүйгээс ийнхүү сургуулиас завсарджээ.
Тэдний ирээдүй тун эмгэнэлтэй. Тэд ирээдүйд хэн болох вэ? Жишээ нь, 16 настай Раша оршин суух зөвшөөрөлгүй учраас сургуульд сурах боломжгүй гэнэ. Тэрээр “Би ирээдүйгээ мөрөөдөх гээд ч надад юу ч харагдахгүй байна” гэсэн юм.
Дүрвэгч хүүхдүүд гэр бүлээ тэжээх хоол хүнсээ залгуулахын тулд хүнд хөдөлмөр эрхлэх явдал их гарч байгаа юм. Хэрэв эдгээр хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлбэл алан хядагчдын бүлэглэлд элсэгчдийн тоог бууруулаад зогсохгүй, цаашлаад Сирийн эдийн засаг, улс төрийг тогтворжуулах боловсон хүчин бэлтгэх боломжтой гэдгийг хүний эрхийн байгууллагын ажиглагчид хэлж байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ