Айседора Дункан энэ өдөр мэндэлжээ

Айседора Дункан 1877 оны тавдугаар сарын 27-нд америкийн Калифорни муж улсын Сан-Франциско хотод төржээ. Ажил төрөл нь дампуурсны дараа эцэг нь охиноо төрөхөөс бүр өмнө гэр бүлээ орхин явж, эх нь ганцаараа дөрвөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн байна.

Таван настайд нь бяцхан охиныг сургуульд өгч, гэсэн ч тэр 13 настайдаа сургуулиа орхиж, бүжиг, хөгжмөөр нухацтай хичээллэх болжээ. 1896 онд тэр Чикагог байлдан дагуулахаар явж, энд гэр бүлтэй эрд хайр сэтгэлтэй болсноор, түүний хувийн амьдралын бүтэлгүйтэл эхлэсэн байна.

Айседора Дункан дээдсийнхний үдэшлэг дээр дуулж, бүжиглэж эхлэжээ. Түүний хөл нүцгэн хийдэг бүжгийг хачин жигтэй зүйл хэмээн ихэд сонирхон хүлээн авсан байна. 1903 онд Будапешт хотод анхны концертоо тоглон үзүүлж,1907онд Санкт-Петербург хотод хэд хэдэн удаа концерт тоглож, энд Станиславскийтай танилцжээ. Харин 1921 онд Луначарскийн урилгаар Орост ажиллахаар ирж, оросын харъяат болж, Сергей Есенинтэй гэрлэсэн байна.Тэдний хамтын амьдрал жил гаруйхан үргэлжилж, Айседора 1924 онд АНУ руу буцжээ. 1927 оны есдүгээр сарын 14-нд францын Ницца хотод машины дугуйнд эвхэгдсэн хүзүүний ороолтдоо чирэгдэн, золгүйгээр амь үрэгдсэн байна.Түүнийг Пер-Лашезийн оршуулгын газарт оршуулжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ