Ижил хүйстнүүд гэрлэхийг эсэргүүцэгчдийг Парист саатуулжээ

Ижил хүйтснүүд гэрлэх, гей-гэр бүлд хүүхэд үрчлүүлэхийг хууль ёсны болгосныг эсэргүүцсэн өргөн олны эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон 300 орчим хүнийг Парис хотод ням гарагийн орой саатуулсныг BBC News сайтад мэдээлсэн байна.
Францын нийслэлийн цагдаагийн байгууллагын дурдсанаар, тавдугаар сарын 18-нд гарын үсэг зурсан хуульд дургүйцэж байгаагаа илэрхийлэхээр 150 мянган хүн гудамжинд гарч жагсчээ. Харин зохион байгуулагчид нь бараг сая хүн оролцсон гэж мэдээлж байна.
Эсэргүүцлийн арга хэмжээний гол хэсэг нь Парис хотын төвд төвлөрчээ. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон тухай мэдээлээгүй байна. Саатуулагдсан хүмүүс биедээ “сэжигтэй” эд зүйлс авч явсан гэж цагдаагийн байгууллага тайлбарлажээ. Цагдаагийн хэсгүүдэд хүргэгдсэн бүх хүн түрүүнд нь түрэмгий зан төрх гаргаж байсан учир хуульсахиулах байгууллагынхны хараа хяналтад орж байжээ.
Ижил хүйстнүүд гэрлэх, гей-гэр бүлд хүүхэд үрчлүүлэхийг хууль ёсны болгосон асуудал Франц улсыг бараг тэнцүүхэн хуваасныг ВВС News тэмдэглэж байна. Ижил хүйстнүүд гэрлэхийг дэмжигсэд болон эсэргүүцэгчдийн жагсаал 2012 оны намраас тус оронд үргэлжилж байгаа юм. Эсэргүүлийн арга хэмжээ зохион байгуулж байсан хэдий ч, хуулийн төсөл хэлэлцэх шатыг давж, тавдугаар сарын 18-нд Францын ерөнхийлөгч Франсуа Оллан түүнд гарын үсэг зурсан юм. Тийнхүү Франц улс ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрсөн европын арав дахь орон болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ