"Евро-2016"-д өрсөлдөх улсууд тодорч дууслаа

Ирэх онд Франц улсад хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээнд оролцох шилдэг 23 багийн шалгаруулалт 2014 оны есдүгээр сарын 7-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 17-ны хооронд бүрэн жил гаран үргэлжилсэн.
Мөн буурал тивийн 52 улс урьдчилсан тэмцээнд есөн хэсэгт хуваагдан тоглож, хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн Англи, Чех, Исланд, Австри, Хойд Ирланд, Португал, Испани, Итали, Швейцарь, Бельги, Уэльс, Румын, Албани, Герман, Польш, Словак, Хорват, ОХУ-ын шигшээ шууд эрхээ авсан. Үүний зэрэгцээ хэсэгтээ гуравт орсон багуудаас Туркийн шигшээ хамгийн өндөр чансаатай байсан учир шууд эрхийг өгсөн.
Харин хэсэгтээ гуравт орсон найман баг хоорондоо халз тоглож, дөрвөн азтан “Евро 2016”-гийн зорих байлаа. Сүүлийн шийдвэрлэх тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж, Унгар, Ирланд, Швед, Украйны шигшээ тивийнхээ аваргад өрсөлдөх болзлыг хангасан юм.
Урд шөнө хоёр хариу тоглолт болоход Украйн-Словени 1:1, Швед-Дани 2:2-оор тэнцэж, өмнөх тулаанд Украйн, Швед өрсөлдөгчөө хожоод байсан учир хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ийнхүү шигшээ 24 багийн тоонд багтлаа.
“Евро 2016”-гийн урьдчилсан тэмцээнд 52 орны шигшээ өрсөлдөхөд Польшийн довтлогч Р.Левандовский нийт 13 гоол оруулж, мэргэн буучаар тодорсон бол Английн шигшээ арван тоглолтонд бүгдэд нь хожиж, ганцаараа зуун хувийн амжилт үзүүллээ. “Гурван арслангууд” Швейцарийг 2:0, 2:0, Сан Мариног 5:0, 6:0, Эстонийг 2:0, 1:0, Словенийг 3:1, 3:2, Литвийг 4:0, 3:0-ээр тус тус хожсон.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтын Европт төдийгүй дэлхийн шилдэгт багтдаг Голландын баг тун хангалтгүй тоглолт үзүүлж, ирэх тэмцээнийг өнжихөөр болов. “Нисдэг Голланд” өмнө нь 1988 оны Европын аваргад түрүүлснээс гадна, дэлхийн аваргаас 1974, 1978, 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртээд байлаа.
Үүний зэрэгцээ 1992 оны Европын аварга Дани, 2004 оны Европын аварга Грек, 1994 оны дэлхийн аваргын шагналт дөрөвдүгээр байрын эзэн Болгарын шигшээ багийн хөлбөмбөгчид буурал тивийн шилдгүүдийн өрсөлдөөнийг гэртээ зурагтаар үзэхээс өөр сонголтгүй болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ