Монголын хамгийн эртний түүхт агуй

Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах энэхүү сонирхолтой агуйн талаар товч мэдээлэл хүргэе. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий нь энд тэр үеийн хүмүүс амьдарч байсны гэрч хэмээн эрдэмтэд дүгнэдэг. Уг агуйг олоход хялбар. Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад хүрнэ. Агуйн амсрын хагас нь дээрээс нь нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг бөгөөд Их, бага 2 агуйтай. Их агуйн аман дээр босгосон овооны ойролцоо хадан ширээ, сандлыг засч тавьсан байна.

Энэ агуй нь шалнаас адар хүртэл 20 метр өндөр ба агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрслэлийн хувьд амьтдын гадаад төрхийг гаргахад анхаарч, зарим амьтдын дүрслэлийг тааруулан олон жижиг толбууд хийж давтмалыг илэрхийлсэн нь палеолитын үеийн нэг онцлог ажээ. Эдгээр зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдох нь давхар нотлогдож байна. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг.

Уг агуй нь шохой чулуун тогтоцтоцтой дотроо бөмбөргөрдүү оройтой. Анх Хойд цэнхэрийн агуйн зургийг Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээлсэн байна.

1951 онд газарзүйч, судлаач О.Намнандорж гуай Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэлийг судлан шинжлэх оролдлого хийжээ. Сүг зургаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад одоогийн Африк тив адил хамт амьдрах орчин бүрдмэл, чийглэг халуун уур амьсгалтай байжээ.

Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан хунх 4 бий.

1-р хунх. Уг хунхад 20 гаруй канна гөрөөс /жадан эвэрт оронго гөрөөс/, могой тэргүүтнийг зурж үлдээжээ. Энд гөрөөсийг өргөн сүүлтэй, соотон чихтэйгээр маш чадварлаг зурсан байна.

2-р хунх. Уг хунх агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоѐмсог зургуудыг агуулдаг юм. Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.

3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд уг хунхад зэрлэг тэмээг нилээд том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.

4-р хунх. Энэ хунхад шувуу,гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.

Агуйн дотор маш их тоос, тагтаа шувууны нунтаг ялгадас, бууцаар дүүрэн. Ер нь бол амьсгалахад хүртэл хүндрэлтэй. Болж өгвөл амны хаалттай орох нь зөв.

Агуйн жижиг ам. Энэ ам нь үндсэн том амнаас яльгүй урагшаа 10 гаруй метрт бий. Амны хэмжээ яльгүй жижиг. Гэхдээ дотоод талбай томтой. Мөн л их хэмжээний тоос, бууцтай ажээ.

Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: "Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авьяастай эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч” гэжээ. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэж авсан байна.

Хүн төрөлхтөний түүхийн хосгүй үнэт өв энэ агуйд бий.

Энэхүү агуйн зураг олон талаараа францын хуучин чулуун зэвсгийн үеийн Фон де Гомын агуйтай төстэй байдаг. Уг агуйн зураг дүрслэлүүд нь МЭӨ 40-12 мянган жилийн тэртээд бүтээгджээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ