Сингапурын саятнууд жил тутамд 37 600-гаар нэмэгдэх төлөвтэй байна

Сингапур улсын саятны тоо 2020 он хүртэл жил тутам дунджаар 37 мянга 600-гаар нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх таван жилийн хугацаанд нийт 188 мянган шинэ саятантай болно гэж тооцоолсон хэмээн WealthInsight-аас мэдээлжээ.
Одоогоор тус улсад маш өндөр орлоготой 154 мянган хүн байдаг бөгөөд тэдний нийт орлого 806 тэрбум ам.доллар гэсэн тооцоо бий. Тэд улсынхаа нийт 5.5 сая хүн амын ердөө 3 хувь нь л аж. WealthInsight-ын Оливер Виллиамс хэлэхдээ “Сингапурын хурдтай өсч буй санхүүгийн зах зээл, хувийн банкууд, өндөр зэрэглэлийн амьдрал зэрэг нь хөрш зэргэлдээ орнуудаасаа их хэмжээний хөрөнгө татаж байна” гэжээ. Энэтхэг болон Хятадын олон нөлөө бүхий эрхмүүд Сингапуртай харилцдаг. Одоогоор Хонг Конгийн саятнуудын тоо Сингапурынхаас их ч гэлээ өнөөгийн ерөнхий төлвөөс үзэхэд Сингапур ирэх таван жилд баян хүнийхээ тоогоор давах хандлагатай байна.
WealthInsight бол дэлхийн томоохон үйлдвэрлэлүүдийн өөрийн хөрөнгө болон санхүүгийн зах зээл дахь хамгийн баян хүмүүсийн талаар судалдаг тэргүүлэгч байгууллага юм.
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ