Улс тунхагласан өдрөө бид умартах вий

Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан өдөр. 2012 оноос өмнө энэ өдөр бүх нийтээрээ амардаг байсан. Харин тэр жил УИХ Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энгийн ажлын өдөр болгосон. Тэгэхээр жил ирэх тусам залуучуудыг өргөнөөр хамруулсан, тэдний идэвхийг нэмэгдүүлж, сонирхлыг татахуйц зохион байгуулалттай үйл ажиллагааг өрнүүлж байхгүй бол даяаршил нэрийн дор харийнхны баярт уусч, үндэсний гэх өдөргүй үлдэх вий гэх эмзэглэл төрөх боллоо.Бүх нийтээрээ амарч, ууж идэж наргихдаа бус, энэ тусгаар оршихуйг хэн бидэнд хэзээ, хэнээс, яаж, ямар үнэ цэнээр олж үлдээснийг үеэс үед мартах учрыг мэдрүүлэх нь гол юм.
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1990 онд УИХ хоёр өдрийн турш хэлэлцэж байж "Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт өдрийг баяр болгох нь зүйтэй" гэсэн шийдвэр гаргасан. Гэвч энэхүү шийдвэрээсээ буцсан. Уг нь энэ өдөр бол монголын түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал.
Түүхчдийн үзэж буйгаар, манай улс 1924 оны 11 дүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс болсон хэдий ч түүнээс өмнө буюу 1911 онд тусгаар улс болсноо тунхаглан зарлаж байсан гэдэг. “Богд Живзундамба хутагтын санаачилга, удирдлага дор Манж Чин улсаас тусгаарлах монголчуудын тэмцэл үр дүнд хүрч, 1911 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан төрийн ёслол болсон. Энэ үеэр Богд Живзундамба хутагтыг Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Эзэн хаанаар, Цагаан дарийг “Улсын эх” хэмээн өргөмжлөн, оныг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрийдэж, Их хүрээг улсын төв “Нийслэл хүрээ” болгон Монгол улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг хийжээ” гэж баримт бичгүүдэд өгүүлсэн байна. Мөн “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлжээ.

Харин 1924 онд Монгол Улс анх удаа Үндсэн хуультай болж Хаант засгаас Бүгд найрамдах засагт шилжсэн. Үндсэн хууль боловсруулах комиссын боловсруулсан төслийг Улсын Анхдугаар Их хуралд оролцсон Халх дөрвөн аймаг, дөрвөд хоёр аймаг, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхайн хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдож ирсэн 77 төлөөлөгч 20 гаруй хоног хэлэлцсэний эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Анхныхаа Үндсэн хуулинд Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхтэй ард улс гэдгийг тунхаглан зарласан. Тухайн түүхэнүе нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, манай асуудлыг өөр газар хуйвалдан шийддэг хүнд цаг байсан билээ. “Монгол бол тусгаар улс биш. Орос, эсвэл Хятадын нэг хэсэг” гэж гадаад ертөнц үзэж байсан тэр үе буюу 1921 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад, 1924 онд Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа байгуулан, хамжлагат ёсыг халсан явдал нь Монголын шинэ түүхийн асар том үйл явдал мөнөөс мөн. Мөн Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаад, хувийн өмчөөс татгалзаж байжээ. Түүнчлэн Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн.
Иймээс ч бид төрт улсын илэрхийлэл болсон анхдугаар Үндсэн хуулиабаталсан өдрийг“Тусгаар тогтнол”-ын өдөр хэмээн нэрийдэж, баярын өдөр хэмээн хуанлийн хуудаснаа улаанаар тэмдэглэж ирсэн.
Ер нь дэлхийн бараг бүх оронд тусгаар тогтнолын өдрөө нэн тэргүүнд тавьж үндэсний баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Харин манай орны тухайд шинэ зууны залуус Зул сар, Валентиний өдөр, Сүнсний баяр зэрэг гадны баярт сонирхон хошуурч өргөн тэмдэглэдэг болсон. Харамсалтай нь үндэсний тэмдэглэлт өдрүүдээ өдрөөс өдөрт үл тоох дүр зураг харагдаж, мэдрэгдэх боллоо. Тухайлбал, хамгийн том үндэсний баяр болох цагаан сарын баярт хүртэл ач холбогдол өгөх нь багасч, төвөгшөөх янзтай болсон. Тэгэхээр бидний улсын оршихуйн хамгийн том үндэс суурийг баталгаажуулсан гэх энэ өдрийг буюу улсаа тунхагласан өдрөө умартан мартах вий дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ