“Хаан” сонголттой “Сонгуулийн хууль”-тай болъё

Улс орон хямарч, эдийн засаг туйлдах тусам энэ бүхэнд Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль буруутай хэмээн улс төрчид үзэж, яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг. Хүмүүс дунд өөрийгөө боддог, амин хувиа хичээсэн, арчаагүй, аймхай, хулчгар өөрийн бурууг бусдад үүрүүлэх гэдэг үхээнц, дорой зан авиртай хүн мэр сэр тааралддаг. Өдгөөгийн манай улс төрчид ч яг л тийм зан авир гаргаж, бүхий л буруугаа Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд үүрүүлж, уснаас хуурай гарах гэж хичээж байна. Уснаас хуурай гарсны дараа тэд дахин улс төрийн бялуунаас хүртэхийн тулд Сонгуулийн тухай хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулахаар улайрдаг жишиг ч тогтов.
УИХ-ын гишүүн хэмээх “сэтэр” зүүгсэд бүрэн эрхийн хугацаа нь дуусч, дараагийн сонгууль дөхөөд ирэхээр дахин сонгогдох “зам”-аа засч, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг нь сонгууль болохын өмнөх жилийн “зул сар”-ын бэлэг ч гэж хэлж болно.
УИХ-ын сонгууль1992 оноос хойш зургаан удаа болсон байдаг. Өнөөдөр ч сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар дөрвөн өөр хувилбар бүхий сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болж, алийг нь хэлэлцэх эсэх талаар маргалдаж сууна. Сонгуулийн хууль болон тогтолцоо ямар байх вэ гэдэгт иргэд ч саналаа өгөх эрхтэй.
Иргэд 2012 оны сонгуулийн тогтолцоог таашаахгүй байгаа бөгөөд МАН-ын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Засгийн газраас санал авч УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл таг чиг. Сонгуулийн автоматжуулсан тогтолцоог 2012 оны сонгуулиар нэвтрүүлсэн ч иргэд ч, улс төрийн намууд ч итгэл алдарсан. Ямартай ч МАН-ын зүгээс дараагийн сонгуульд хар машинаар тоолуулахгүй байх талаар эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Харин АН гараар санал тоолуулах үйл явцыг эсэргүүцэж, хар машиндаа итгэж байгаа юм. Гар аргаар тоолох аргад МАН гаршиж, хар машиныхаа тохиргоонд АН гаршсан хэмээн ард түмэн хүртэл талцан хуваагдлаа.
Дашрамд дурдахад өмнө нь болсон зургаан удаагийн сонгуулийн тав нь мажоритар, 2012 оных холимог тогтолцоогоор болж өнгөрсөн. Аливаа хуулийн үндсэн үүрэг нь нийгмийн харилцааг зохицуулахад оршдог. Хууль нийтлэг эрх ашигт нийцсэн байх, шудрага ёсны зарчимд суурилсан байх, нийгмийн гишүүдэд бүгдэд нь ялгаваргүйижил тэгш үйлчилдэг байх гэх мэт үндсэн зарчмууд дээр суурилсан байх ёстой. Гэвч сонгууль болохын өмнө дөрвөн жилийн хугацаатай өөрчлөгдөж байдаг сонгуулийн тухай хууль энэ шалгуур зарчмуудад тэр болгон нийцдэггүй нь нууц биш зүйл.
Өнөөдрийн манай нийгэмд үүсээд байгаа системийн хямрал нь улс төрийн намуудаас үүдэлтэй хямрал гэж судлаачид санал нэгддэг.
Гэхдээ энэхүү системийн хямралыг өөрчлөх хамгийн том өөрчлөлт бол сонгуулийн тухай хууль байх ёстой гэж үздэг. Гэвч сонгуулийн тухай хуулийг зургаан удаа өөрчлөөд ахиц гарсангүй. Дараагийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд ч ахиц гарч, улс орон мандан бадрана гэхэд хэцүү.
Аливаа улс орны ой санамж нь түүх байдаг. Тэгвэл монгол үндэстний ой санамж нь дөрөвхөнжилийн давтамжтай байж боломгүй байна. Сонгууль гэдэг хэн нэгэн улс төрчийн дахин сонгогдох эрх ашиг бус, улс орон цаашид хэр удаан бат бэх оршин тогтнох тухай асуудал. Түүхийн шарласан хуудас бидэнд эвтэй нэгдэлтэй байхдаа хүчтэй, эв эвдрэлцсэн үедээ харийн боол болдогийг хэлдэг. Сонгуулийн хууль бидний эв нэгдэл, улс орны ирээдүйг тодорхойлох ёстой учраас дөрвөн жилийн давтамжтай өөрчлөгдсөөр байх нь улс орны аюулгүй байдал, залгамж чанар, үндэсний эв нэгдэлд ч нөлөөлөх аюултай. Тиймээс дөрвөн жил бус дөч түүнээс цаашид ч залгамж чанараа үл гээх Сонгуулийн хуультай болох түүний халдашгүй байдлыг бататгах хэрэгтэй байна.
Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн хэн ч байж болохоор байгаа нь улс төрийн намын санхүүжилт, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуультай холбоотой. Сонгуулийн үйл явцад мөнгөний фактор хүчтэй нөлөөлдөг нь системийн гажиг үүсгэхэд нөлөөлдөг байна. Үүнээс гарч, улс төр цэвэрших тэр үйл явцыг сонгуулийн хуулиар зохицуулж чадна хэмээн иргэд итгэж, зургаан удаа сонгуулийн хуулиа шинэчилсэн ч улам дордсоор ирэв. Уг нь бид улс төрийн хувьд 2200 гаруй жилийн түүхтэй. Дэлхийд нийдтээ дөрвөн удаа их эзэнт гүрэн байгуулж, бүс нутгийн хэмжээнд 12 эзэнт гүрэн байгуулсан түүх өдгөө дөрвөн жилээр хэмжигдэх хэмжээнд иртэлээ дорджээ. Түүх үргэлжлэх ёстой. Гэхдээ дордож бус дэвжиж үргэлжлэх ёстой.
Сонгууль бүхний дараа бид харамсч бус баярлаж, дараагийн сонгууль бүхэн нэг л дүрмээр явагдаж байх ёстой. Үүний тулд УИХ болгон шинэчилдэг бус харин ч Сонгуулийн тухай хуулиа хүндэтгэж, нийтээрээ даган мөрддөг, гишүүн болох хүмүүст бус улс орны ирээдүйг тодорхойлох чадамжтай Сонгуулийн хуультай байхын төлөө саналаа нэгтгэх хэрэгтэй байна. Эзэнт улс бүхэн нь 150-300 жил засаглаж байсан бахархам хаадын түүхтэй ард түмэн биднээс өөр байхгүй. Харин өнөөдөр “хаан” сонголттой байхын тулд улс орныхоо ирээдүйг бодсон, нийтийн эрх ашгийг хангасан “Сонгуулийн хууль”-тай больё.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ