Энэ өдөр Amnesty International байгуулагджээ

Хүний эрх хамгаалдаг олон улсын бие даасан улс төрийн бус “Amnesty International байгууллага Лондон хотод байгуулагджээ.

Хүний эрх хамгаалах нь улс орон, арьсны өнгө, үзэл суртлын хил хязгаарын гаднах бүх нийтийн хариуцлага мөн гэсэн суурь итгэл үнэмшилд тус байгууллагын бүхий л үйл ажиллагаа суурилсан юм. Энэ байгууллага 1961 оны тавдугаар сарын 28-нд Лондон хотод байгуулагджээ. Түүнийг үндэслэгч нь британийн хуульч Питер Бенесон байсан юм. Тэр мөн онд бичсэн өгүүлэлдээ хүний эрхийн төлөө тэмцэгч хоригдлуудыг суллуулахын төлөө эвийн аргаар газар сайгүй, шударгаар тэмцэхийг уриалсан байна. Нэг сарын хугацаанд янз бүрийн орны нэг мянга гаруй хүн бодитой тусламж үзүүлэхээ санал болгожээ. Хүний эрхийн асуудалд анхаарал хандуулах гэсэн энэ оролдлого олон улсын хөдөлгөөн болж хувирсан байна.

Хүний эрх зөрчиж байгаа тухай мэдэгдлийг нягтлан судлах нь тус байгууллагын ажлын үндэс болж байдаг. “Amnesty International” байгууллага үйл ажиллагааныхаа ерөнхий дүнг жил тутмын илтгэлдээ нийтлүүлдэг бөгөөд голдуу гишүүдийн татвар болон хувийн хандиваар санхүүждэг юм. Гэхдээ ямар ч нөхцөлд тус байгууллага засгийн газарт ханддаггүй, түүнээс мөнгө авдаггүй. Энэ байгууллага НҮБ-ын хүний эрхийн зөвлөхийн албан ёсны статустай юм. Одоо “Amnesty International” байгууллага дэлхийн 140 гаруй оронд 1,8 сая гаруй гишүүн, талынхантай байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ