Хагас сая хүн хэрэглэх усыг Оюутолгой ганц өдөрт уудаг

Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх хорт нөлөөний эсрэг ажилладаг олон улсын “Bankwatch”, “London Mining Network” зэрэг TББ Монгол Улсыг онцлох болжээ. Ялангуяа Өмнөговийн Цогтцэций сумын байгаль экологид Оюутолгой уурхайн нөлөө хүнд тусч болзошгүй гэж үзсэн байна.
“Оюутолгой” компанийн тухайд Засгийн газар нааштай хандвал Хүүхдийн баяраас урьтаж зэсийн баяжмал экспортлох гэж оролдож байгаа. Өөрөөр хэлбэл эрх баригчдын амлаад байдаг их мөнгөний булан нь ч атугай цухуйх шинжтэй. Гэвч мөнгө харж баясахаас наана заавал анхаарах асуудал Оюутолгойд бий гэдгийг монголчууд анзаарах сөхөөгүй байна.
Тодруулбал Оюутолгой төслийн удаан хүлээлгэсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) нь “London Mining Network” байгууллагын шинжээчдээс “Тун тааруу” гэх үнэлгээ авч. Тэдний анхааруулж буй зүйл нь нутгийн иргэдийн аж амьдрал болон говийн бүсийн усны нөөц. Энэ тухай ганц дээрх ТББ дурдаад өнгөрсөн юм биш, санхүүгийн үнэлгээний “The Bank Information Centre” байгууллага олон улсын хэвлэлүүдээр “Дэлхийн банк болон бусад санхүүгийн байгууллагууд Оюутолгой төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаж магадгүй” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацсан юм. Уг мэдээ нь дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татахын сацуу Монголын дотоодын хэвлэлүүдээр ч цацагдаж багагүй шуугиан тарьсан.
“The Bank Information Centre”-ийн хувьд олон улсын санхүүгийн байгууллагуудад эдийн засгийн хувьд шударга ил тод, байгаль орчны стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад эерэг нөлөөл үзүүлэх зорилготой байгууллага ажээ.
Хамгийн гол нь Дэлхийн банкны захирлуудын зөвлөл Оюутолгой төсөлд БOННҮ хэт явцуу агуулгатай, нарийвчилж заагаагүй, хөрөнгө оруулалтын маш бага хувь нь экологи хамгаалахад зарцуулагдаж байгааг анхааруулсан байна. Төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтад нийтдээ 4-5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж “Рио Тинто”-гийн удирдлагууд мэдэгдсэн.
Харин хөрөнгө оруулагчид төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэхэд байгалт орчны үнэлгээг бүрэн гүйцэд хийсэн байх учиртай гэж хатуу анхааруулжээ. Учир нь Дэлхийн банк, ОУВС болон бусад санхүүгийн томоохон байгууллагууд зээл өгөхдөө байгаль орчны үнэлгээ боловсруулсан эсэхийг шалгаж, хянаж авч үздэг ажээ.
Яагаад гэвэл “Оюутолгой” төсөлд Өмнөговийн усны ганц эх суваг болсон гүний усны нөөцөд хэрхэн нөлөөлөх талаар бодитой судалгаа шинжилгээ дурдагдаагүй, БОННҮ нь бүхэлдээ ямар ч тооцоололгүй ажил болсон гэж олон улсын үнэлгээний байгууллагууд дүгнэсэн байна.
Их Британийн “New Internationalist” сэтгүүлд Оюутолгой уурхайн нөлөөиргэдийн амьдрал, байгаль орчин дхэрхэн нөлөөлснийг бичжээ. Энд бичсэнээр Оюутолгойн орд анх нээгдэж, төслийн үйл ажиллагаа эхэлж байсан үеийг бодвол говийн малчин иргэдийн аж амьдрал, ааш зан ч нэлээд өөрчлөгджээ. Төсөлд ашиглах усыг Гүний хоолойгоос татна. Гэхдээ ашигласан усныхаа 83 хувийг боловсруулж, үлдсэн 17 хувийг л Гүний хоолойгоос татна гэж байсан ч өнөөдөр энэ байдал биеллээ олсонгүй.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээс харахад ийм төслийг хүлээн зөвшөөрсөн Засгийн газарт ч асар их буруу бий. Тухайлбал төслийн санхүүжилт хийх шийдвэр гарахаас өмнө тухайн төсөл хэрэгжих нөөц нь бэлэн байх ёстой. Өөрөөр хэлбэл хүний нөөц, техник технологи, ялангуяа усны нөөц хангалттай байх баталгаа гаргасан төслийг Засгийн газар дэмжих учиртай байж.
“Оюутолгой” төслийн хамгийн эрсдэлтэй нь цаашид энэ янзаар ажиллавал 2020 он гэхэд усны шинэ эх үүсвэр хайхаас өөр аргагүйд хүрэх юм билээ. Гэтэл Засгийн газартай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь 30 жил байдаг. Одоо Оюутолгой уурхайн усны хэрэглээ 870 литр/сек байж гэмээнэ төлөвлөснөөрөө ажиллана гэнэ.
Гэтэл үйлдвэрлэлд ашиглах зөвшөөрөлтэй усны хэмжээ нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хэрэгцээ юм. Гэтэл компани цаашид 150 мянга ба түүнээс дээш тонн хүдрийг өдөрт олборлож байж зардлаа нөхнө гэж байгаа.
Олон улсын нисэх онгоцны буудал, томоохон цахилгаан станц, ажилчдын хотхон гэх мэт бусад усны хэрэглээ энэ тооцоонд ороогүй. Тэр ус хаанаас гарч ирэх нь усны менежментийн тооцоонд байхгүй гэж Монголын ТББ-ууд хэл ам хийдэг ч эрх баригчид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн.
Нэг үгээр Оюутолгойд өдөрт 75 гаруй мянган тонн ус ашиглана. Энэ нь Улаанбаатар хотын усны өдрийн хэрэглээний тал хувьтай тэнцэж буй юм. Хамгийн гол нь энэ бүс нутагт зөвхөн Оюутолгой бус маш олон, томоохон төсөл хэрэгжинэ. Дэлхийн банкны хийсэн тойм судалгаагаар Өмнийн говьд цаашид нүүрс, зэс болон бусад томоохон төсөл ашиглалтад орсноор усны хэрэглээ 500 мянган тонн/өдөр-т хүрэх ажээ.
Энэ их ус үнэхээр усаар ангаж эхэлж буй Өмнийн говьд бий юу гэдэг асуултад манайхан лав хариулж мэдэхгүй.
Г.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ