Т.Мэндсайхан: Иргэдийн хувьд шүүхийн үйлчилгээ холдсон асуудал байхгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлийн сар тутмын "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одонгэрэл нар оролцож "Шүүхийн хүний нөөцийн шинэтгэл”, "Шүүхийн сургалт” болон цаг үеийн бусад сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн юм.

Шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулснаар шүүгч мэргэшиж, шүүхийн шийдвэрийн чанарт эргэлт гарч, шүүхээс үйлчилгээ авагчдын эрх хангагдах түвшинд дээшилсэн. Өнөөдөр Монгол Улсад эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулагдсан анхан болон давж заалдах шатны 99 шүүхэд 495 шүүгч ажиллаж байна.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одонгэрэл "Шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга, нээлттэй, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, цаг хугацаа, зардал хэмнэн явуулах зорилгоор "Шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим систем”-ийг нэвтрүүлсэн. Сонгон шалгаруулалтаар шүүгчээр ажиллах мэдлэг, чадвараас гадна ёс зүй, зан төлөв, бичих, илтгэх ур чадвар болон нэр дэвшигчийн хувийн түүхийн судалгааг хийдэг болсон. Энэхүү шинэ системийн дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шүүгчийн хүний нөөцийг 129 шинэ шүүгчээр сэлбэсэн. Үүний үр дүнд шүүхийн ачаалал буурч шүүгчийн нэг хэрэг дээр ажиллах хугацааг ихэсгэх нөхцөлийг бүрдүүллээ. Монголын нийт шүүгчдийн 20,7 хувийг шинэчилсэн байна. Шинээр томилогдсон шүүгчдийн 52,3 хувь нь шүүхийн гаднаас буюу өмгөөлөгч, прокурор, хуулийн зөвлөх зэрэг мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай хуульчид шүүгч болсноороо онцлог. Шинээр томилогдсон шүүгчдийн 39,7 хувь магистр зэрэгтэй байгаагаас үзэхэд шүүгчдийн боловсролын түвшин ахисан болохыг харуулж байгаа үзүүлэлт юм” гэв.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Энэ онд Шүүхийн захиргааны шинэ ажилтны анхан шатны сургалтад 147 ажилтныг хамруулж "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээг олгоод байна. Мөн хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, хүний нөөцийн бүрдүүлэлтийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хууль зүйн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн гэдгийг тэрээр хэлж байв. Хууль зүйн их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт шүүх судлалын хичээлийн тоог нэмэгдүүлэх, нэг стандартад оруулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна гэлээ. Түүнчлэн шүүгчийн ганцаарчилсан, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон нутгийн, нийгмийн мэдрэмж, эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй зэрэг сургалтуудыг чөлөөт сонголтын үндсэн зохион байгуулж, давхардсан тоогоор 230 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг оролцуулжээ. Мөн гадаад сургалтад оролцогчдын сонгон шалгаруулалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж хэвшсэн болохыг дурьдав.

Мөн "Шүүхийн сургалтын каталоги” хэвлүүлснээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сургалтын нэгдсэн мэдээллээр хангагдаж, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааг бодитойгоор урьдчилан төлөвлөх боломжтой болсон гэв. Үүнээс гадна эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх чиглэлээр шүүгчдийг чадваржуулах чиглэлд анхаарч байгаагаа Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одонгэрэл хэллээ. Шүүгчдийн эдийн засгийн талаарх суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн шинжилгээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтран техникийн туслалцааны төслийг эхлүүлэх гэж байгааг тэрээр дуулгасан юм.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 30 байгууллагын 60 гаруй сэтгүүлч оролцлоо. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд сэтгүүлчид Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сонирхож, шүүхийн тогтолцоог ойр ойрхон өөрчлөх нь ямар сөрөг үр дагавартай талаар тодруулга авахыг хүсч байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүхийн тогтолцоог байн байн өөрчлөх нь зохимжтой биш. Иргэдийн хувьд аль шүүхэд хандахаа мэдэхгүй болох, хэрэг маргаан нь удах, нөгөө талдаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллахад сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна эдийн засгийн тооцоолоогүй нэмэлт зардал ихээр гардаг. Ер нь бол шүүхийн тогтолцоо иргэдэд маш ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх ёстой. Ингэж ойр ойрхон өөрчлөх нь ойлгомжгүй, тогтворгүй байдлыг үүсгэж байна. Уг нь ийм зүйлийг хүсмээргүй байгаа юм. Ер нь шүүхийн тогтолцоог шинэчлэх ямар шаардлага байсан юм гэхээр та бүхэн сайн мэдэж байгаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийг хэрэг маргааны ачаалалтай нь уялдуулах, нөгөө талаар шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулах нь зүйтэй юм хэмээн тооцсон. Түүнээс гадна анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хоорондын хэргийн ачаалалтай холбоотой зөв харьцааг тогтоох, дээр нь орон нутгийн түвшинд шүүхийн үйлчилгээг жигд хүргэх, хүн амын тоо болон тухайн орон нутагт гарч байгаа хэргийн байдлыг харгалзах гээд олон шалтгаан байсан. Тийм учраас Ерөнхийлөгчөөс санаачлаад УИХ дэмжээд сүүлийн гурван жилийн хугацаанд бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөөд шүүхийн шинэтгэл явагдаж байгаа. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцээс хоёр дахь удаагаа шүүхийн бүтэц, тогтолцоо нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулаад хэд хэдэн бэрхшээл тулгарахаар байна. Тухайлбал хамгийн багаар тооцоход шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд 11,3 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа. Тухайлбал давж заалдах шатны шүүхэд 98 шүүгч нэмж авах шаардлагатай. Багахангай дүүрэг 3000 иргэнтэй. Хэрэг маргаан бага гардаг. Тэнд шүүх байгуулаад бүтцээр нь ажиллуулна гэвэл маш их зардал гарахаар байгаа. Шүүх хэвийн ажиллахын тулд доод тал нь дөрөв, таван шүүгчтэй, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны ажилтан, Тамгын газартай байх ёстой. Тэрийг дагаад бичиг хэрэг, үйл ажиллагааны зардал гээд гарна. Одоо бол Налайхад байгаа шүүхээс Багахангайн иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгэхээр энэ тогтолцоо болохгүй гээд Багахангайд шүүх байгуулахад нэлээд хэмжээний зардал гарна. Нөгөө талаас үндсэндээ гурван аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх байгуулаад шүүгч нар нь тухайн аймаг бүрт очоод өргөдлийг нь хүлээн авч шийдэж байгаа учраас иргэдийн хувьд шүүхийн үйлчилгээ холдсон асуудал байхгүй. Харин ч ойртсон байсан. Гэтэл одоо бид аймаг бүрт шүүх байгуулна гэхэд эдийн засгийн хувьд үр ашиггүй. Давж заалдах шатны шүүхийг доод зах нь дөрвөн шүүгчтэй байгууллаа гэхэд 98 шүүгчийн шинэ орон тоо бий болгох шаардлагатай. Түүнээс гадна давж заалдах шатны шүүхийг аймаг орон нутагт байгуулахад тэнд хэргийн ачаалал байхгүй. Үнэхээр хэргийн ачаалал нь их байдаг бол байгуулж болж байна. Тэнд өдөр тутам шүүх ажиллах хэмжээний ачаалал байхгүй л дээ. Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгууллаа гэхэд ажил багатай, зардал ихтэй хэдэн хүн л суух болчихоод байна. Нөгөө талд шүүгч ч гэсэн шийдэх хэрэг маргаан багатай учраас мэргэжлийн ур чадварын хувьд зэвэрдэг. Хэрэг маргааныг өдөр тутамд шийддэг шүүгч бол туршлагаждаг. Ийм асуудлууд байгаа учраас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нар нь аймаг бүрт очоод хэрэг маргааныг шийддэг энэ хувилбарыг сонгож, УИХ дэмжсэн юм. Гэхдээ Цэцийн энэ дүгнэлтэд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгэхээр УИХ дахиад хэлэлцэнэ. Хэрэв УИХ дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар дахиад хэлэлцэх ёстой. Ийм нөхцөл байдал үүссэн учраас бид хүлээзнээд байж байна” хэмээн хариулав. Хэвлэлийн бага хурлын дараа С1 телевиз, "Үнэн” сонин, Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлчид Өмнөговь, Төв аймаг дах шүүхүүдтэй онлайнаар холбогдож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ