Сэжигтэн террористуудтай холбоотой байсан бололтой

Калифорнийн Сан-Бернардино хотод 14 хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж буй Сайед Фарук гэгч нь террористуудтай холбоо сүлбээтэй байжээ. Энэ талаар телевизийн CNN сувгаар пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус сувгийн мэдээлснээр, 28 настай Сайед Фарук терроризмын хэрэг явдалд хамаатай хэмээв. Учир нь Холбооны тагнан мөрдөх товчооны сэжиглэж буй этгээдтэй тэрээр гар утас болон нийгмийн сүлжээгээр холбогддог байжээ. Улмаар Фарук радикал үзэл бодол баримтлах болсон нь Сан-Бернардино хотод хүмүүсийг буудан хорооход түүнийг түлхсэн хэмээн CNN суваг уламжилжээ.
Харин Ройтерс агентлаг Вашингтон дахь Саудын Арабын элчин сайдын яамны мэдэгдсэнийг иш татахдаа, 2014 оны зун сэжигтэн Саудын Арабад очиж, тэнд есөн өдөр байсныг мэдээлэв. Түүний талаар “Лос-Анжелес таймс” сонинд Фарук интернэтээр танилцаж, дараа нь эхнэр нь болсон эмэгтэй дээрээ очсоныг мэдээлсэн байна.
Болсон явдлыг товч дурьдахад, Сан-Бернардино хотод 12 дугаар сарын 2-нд орон нутгийн цагаар 11 цагийн орчимд буун дуу гарсан байна. Гэмт этгээдүүд нийгмийн халамжийн төвийн хурлын танхимд дайран орж, тэнд байсан хүмүүс рүү бууджээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр, 14 хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан аж. Хүмүүсийг буудсан Фарук болон Малик гэгч нь хууль сахиулах байгууллагынхантай буудалцах үеэр алагджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ