Эрүүл мэндийн салбарын социалист маягийн удирдлага

ЭМСалбарт хийгдэх суурь шинэчлэлийг ардчиллын үед ч амь тавиагүй хэвээрээ буй социалист маягийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй.

Монголын эмнэлгүүдэд өвчтөн-үйлчлүүлэгчийн аюулгүй, эрсдэлгүй, ая тухтай орчин нөхцөл хангагдаагүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад алдаа гаргах үндсэн шалтгаан болж байна. ДЭМБ-ын судалгаагаар монгол улсын нийт эмнэлгийн 40-60% нь халуун, хүйтэн усаар байнга хангагддаггүй, ихэнхи эмнэлэг хүнд өвчтөн тээвэрлэх тусгай тоноглогдсон автомашингүй, сэхээн амилуулах суурь тусламж үзүүлэх болон лавшруулсан эрчимт эмчилгээ хийх тоног төхөөрөмжгүй, эмч мэргэжилтний дадлага, сургалт хангалтгүй, хөдөө орон нутагт ажиллах эмч мэргэжилтний ахуй хангамж муу байгааг анхааруулсан байдаг. Сумын эмнэлгүүдийг их эмчээр бүрэн хангах зорилгоор суманд ажиллаад тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох тухай ЭМСайдын тушаал гарч байлаа. Арга барсан хэрэг л дээ. Шинэхэн төгссөн залуу эмч тэтгэвэрт гарах үеийн 36 сарын цалин бодож суманд очихгүй, харин интернэттэй, цахилгаан, цэвэр бохир усны асуудлыг бүрэн шийдсэн тохилог дулаан байртай, ар гэртээ санаа зоволгүй ажиллах нөхцөл бүрдсэн орчинтой байхыг л хүсдэг нь тодорхой.

Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцээгүй, чанар муутай эм, эмнэлгийн хэрэгсэл, хоцрогдсон тоног төхөөрөмж, үйлчлүүлэгчийн болон ажиллагсдын аюулгүй байдал хангагдаагүй орчин нөхцөлд хүлээсэн үүрэг хариуцлага, хийж буй ажлынхаа ачаалалтай огт нийцэхээргүй бага цалин авч байгаа бөгөөд тэдний цалин хөгжилтэй орнуудын ажилгүйтлийн тэтгэмжээс бага байгаа нь Монгол Улс ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг тун доогуур үнэлж буй хэрэг юм.

ЭМСалбарт ажиллагсдын 80% нь эмэгтэйчүүд байгаагаас багагүй хувь нь өрх толгойлсон, цалингийн зээлтэй, орлого багатай сувилагч, үйлчлэгч нар бөгөөд орон сууцны 8%-ийн зээлд ч хамрагдах боломжгүй, өрхийн мөнгөн орлого нь банкны урьдчилгаа төлбөрийн босгыг ч давж чаддаггүй. Эрүүл Мэндийн Салбарын ажиллагсдын цалинг ТҮ ангиллаас гаргаж, дэлхийн бусад орны хэмжээнд ойртуулж, мэргэжлийн онцлог, мэдлэг чадвар, ажлын ачааллыг харгалзан цалинжуулах шаардлагатай байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай,Эрүүл Мэндийн Даатгалын тухай хуульд ард иргэдийн өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хүлээх үүрэг, хариуцлагын талаархи зүйл, заалтуудутга санаа бүдэг байгаа нь ард иргэд зөвхөн өвчилсөн хойноо эмнэлэгт хандах, тусламж үйлчилгээ оройтох, хүндрэл эрсдэл нэмэгдэх, эмнэлгийн байгууллага болон эмч ажиллагсдын үйл ажиллагаатай холбоотой шаардлага, зөвлөлгөөг үл ойшоох нөхцөл байдал үүсгэж байна.

Сүүлд шинэчлэн батлагдсан ЭМ-ийн тухай, ЭМД-ын тухай хуульд эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын шийтгэлийн заалтыгхуулийн бүлэг бүрийн ард оруулж,хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдэн зуу дахиннугалж төлбөр тогтоохоос аваад эрүүгийн хариуцлага ногдуулах хүртэл зааж өгсөн нь өрөөсгөл зүйл болж, эмнэлгийн ажилтнууд хүнд эргэлзээтэй тохиолдлоос зайлсхийх, залуу мэргэжилтнүүд хариуцлагатай, эрсдэлтэй мэргэжлээр суралцахаас татгалзах, өвчтөн-үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт эргэлзэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Эмнэлгийн үйлчилгээнд гарч байгаа алдаа дутагдлын эзэн холбогдогч нь хэзээд тодорхой байдагбөгөөд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээдэг. Эрүүл мэндийн мэргэжилтний ажлын байр эрсдэлтэй, стресстэй ажлын байрны тоонд ордог, хөдөлмөрийн үнэлэмж доогуур байгаагаас зарим нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн хангалт ч асуудал үүсгэжбайна.

Алдаа гаргасан эмч, эмнэлгийн ажилтныг шийтгэснээр алдаа дутагдал дахингарахгүй гэх нь эндүүрэл юм. Харин тухайн алдаа эндэгдэл гарахадямар хүчин зүйл, нөхцөл байдал нөлөөлснийг нарийн судалж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад алдаа гарах нөхцөл байдал үүсэхэд удирдлага, бүтэц-зохион байгуулалт, төсөв санхүү, багаж тоног төхөөрөмжийн хангалт, бэлэн байдал, хүний нөөцийн хангалт нь салбарын хэмжээнд, хот, аймаг, дүүрэг, сумын хэмжээнд хэр зэрэг сөрөг нөлөө үзүүлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж тогтоох шаардлагатай байна.

Монгол Улсын ЭМЯ-наас жил бүр нэг зорилт дэвшүүлж, энэ салбарт ажиллагсдын үйл ажиллагааг идэвхжүүлэх оролдлого хийж байгаа боловч хэрэгжүүлэх хугацаа нь тавьсан зорилтыг биелүүлэхэд хэт богино, биелэлтийг жилийн эцэст дүгнэж цэгнэхгүй байгаа нь дэвшүүлсэн зорилтын үр дүнач холбогдлыг бууруулж байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй ЭМД-ын хэлбэр нь “эрсдэл хуваалцах зарчим” дээр үндэслэсэн байдаг. Эрсдэл хуваалцах зарчим нь баян нь ядуугаа, ажилтай нь ажилгүйгээ, залуу нь ахимаг настныхаа ЭМД-ын хуримтлалыг бий болгох зарчим юм. Энэ зарчмыг 19 дүгээр зууны төгсгөл 20 дугаар зууны эхээр Герман улс хэрэгжүүлж, иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээг ЭМД-аар дамжуулан авах боломж бүрдүүлсэн юм. Өнөөгийн ХБНГУ-д энэ зарчим одоо ч хэрэгжиж, хүн бүр ЭМД-ын төлбөр төлж, иргэн бүр ЭМД-д албан журмаар даатгагддагаас гадна хувийн сайн дурын даатгалтай иргэд нийт иргэдийн 10 орчим хувийг эзэлдэг. Огт даатгалд хамрагдаагүй иргэн 200-300 орчим байдаг ажээ. ХБНГУ-ынулсын болон хувийн эмнэлгүүд, хөдөөгийн болон манайхаар бол өрхийн эмнэлгүүд бүгд ЭМД-аас санхүүжилт авдаг. Эдгээр эмнэлгүүдийн орчин нөхцөл, тоног төхөөрөмж, эмч, сувилагч нарын хангалт ойролцоо түвшинд байгаа нь эмнэлэг үйлчилгээнд нэг стандарт мөрдүүлэх, чанарынхяналт тавих, тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй үзүүлэхэд дөхөмтэй, үйлчлүүлэгчид чирэгдэл бага учруулдаг.

Эмнэлгүүдийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, үйлчилгээний чанарынмагадлан итгэмжлэлийгЭМЯ нь биш хөндлөнгийн эрх бүхий төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж 50-иасдоош оноо авсан эмнэлгийн байгууллагын ЭМД-аас авах ёстой санхүүжилтийг тодорхой хувиар бууруулж, тодорхой хугацаанд алдаа дутагдлаа засах үүрэг өгөхийн сацуу магадлан итгэмжлэл хийсэн байгууллагаас тухайн доголдож буй чиглэлийн мэргэжилтэнг ажиллууж туслуулдаг байх юм. Хувийн эмнэлгүүдэд концессын гэрэээгээр стандарт шаардлага хангасан барилга бариулах, тоног төхөөрөмжийг лизингээр авах эрх олгож, дэмжлэг үзүүлдэг байна.

Монгол Улсын хувьд татвар төлөгчдөөс хуримтлуулсан ЭМД-ын сангийн хөрөнгийг ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмчлэн эрүүлжүүлэх ажилд үр дүнтэй, тэгшшударга зарцуулж чадахгүй байна. ЭМД-ын сангаас жил бүр маш их хэмжээний “чөлөөт үлдэгдэл” Эрүүл Мэндийн Салбарт зарцуулагдалгүй үлдэж байгаа ч хэзээ, хаана, юунд зарцуулагдаж байгаа нь мэдэгдэлгүй 20 гаруй жил боллоо. 2000-2007 онуудад ЭМД-ын сангаас 27-56 тэрбум орчим төгрөгийн “чөлөөт үлдэгдэл” үлдэж байснаас заримыг нь /1-2 тэрбум төгрөг/ дампуурсан банкинд хувьцаа хэлбэрээр хадгалж байсан тохиолдол ч бий. Санхүүгийн илтод бус байдал араасаа хардлага сэрдлэгэ дагуулдаг. Тэгвэл ЭМД-ын “чөлөөт үлдэгдэл”-ийг нэг талдаа тэтгэвэр тэтгэмж, халамжийн чиглэлээр зарцуулдаг байж болох ч нөгөө талдаа ЭМЯ, УНДГ-ын дарга нараар дамжин харьяа намуудынх нь дансанд орж улс төрийн намыг санхүүжүүлэх нэг эх үүсвэр болох, хувийн дансанд хэсэгхэн хугацаанд түр байршуулж хүүлэн ашиг олох гэх мэтээр мөнгө угаадаг ч байж болно.

ЭМД-ын “чөлөөт үлдэгдэл”-ийг иргэдийнхээ Нийгмийн Эрүүл Мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, аюулгүй, эрсдэлгүй орчинд эмнэлгийн тусламж авах нөхцөл бүрдүүлэх, орчин үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж авах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, өнөөгийн шаардлага хангасан эмнэлгийн барилга барих гэх мэт олон ажилд зарцуулбал Монгол Улсын ЭМ-ийн салбарт том дэвшил авчирна.

Одоогийн байдлаар эмнэлгийн байгууллагуудын санхүүжилтэнд ЭМД-ын санхүүжилт 30 орчим хувь эзэлж байгаа нь сайн үзүүлэлт биш. Төрийн санхүүжилтийг аль болох багасгаж, ЭМСалбарын үйл ажиллагааг зах зээлийн эдийн засгийн харилцааны горимд шилжүүлж, тусламж-үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргах замаар үйлчлүүлэгчээс багаахан хэсгийг нь төлүүлдэг зарчимд шилжих нь зүйтэй юм.

Төрийн болон хувийн эмнэлгүүд, саармаг бүтэцтэй ӨЭМТ-үүдийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас ижил тэгш санхүүжүүлэх, тэдгээрт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ижил орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хангалт хийхэд нь төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй байна. Төр дэмжиж, зохих хууль эрх зүйн орчин бүрдүүлснээр эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, хүлээгдэл чирэгдлийг багасгах, тусламж-үйлчилгээний чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн эмнэлгүүд рүү чиглэсэн” их урсгал”-ыг саармагжуулах ач холбогдолтой юм.

Монгол Улс ДНБ-ий дөнгөж 2.8%-ийг ард түмнийхээ эрүүл мэндэд зарцуулж байгааг ДЭМБ-аас албан ёсоор хийсэн судалгаанд дурдаж хангалтгүй үнэлгээ өгсөн. Энэ хувь хэмжээг 4-5%-д хүргэх ДЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Засгийн Газар, ЭМЯ огт дуугаралгүй 2 жил өнгөрчээ. Засгийн Газар эмнэлгүүдийн чадавхийг дээшлүүлэхэд тодорхой хөрөнгө зарж, тусламж-үйлчилгээг шуурхай чанартай болгоход анхаарч байгаа ч өнөөгийн хэрэгцээ шаардлагыг гүйцэхгүй байна. Монгол Улс чанарын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үзүүлэлт муутай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгүүдийг хангаж байгаа нь ТЕНДЕР нэртэй цэвэрхэн булхайтай шууд холбоотой. Эм, эмнэлгийн хэрэгслэл тоног төхөөрөмж нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд нь эрүүл мэндийн төлөө биш ашгийн төлөө ажиллаж, ард иргэдээ хохироож, төсвийн мөнгөнөөс албан ёсоор “ашиг унагадаг”-ийг дээрээ ч, доороо ч мэддэг ч мэдээгүй царайлсаар өдий хүрэв. Монгол Улсад эмийн аюулгүй байдал алдагдаж, иргэд маань БНХАУ, Индонез, БНЭУ-д үйлдвэрлэсэн чанаргүй, хуурамч эмийн туршлагын туулайнууд болж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байхад эмийн үнэ хэвэндээ эсвэл буурах хандлагатай байгаа нь үүний нотолгоо. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч судалгаа хийгдсэнгүй.

/Үргэлжлэл бий.../

Орхон аймаг. БОЭТ-ийн эмч Батсүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ