Хүмүүс “туслахаа” болгож сүйрлээ сонгодог болж…

Хөх толботны хөндий дахь цорын ганц хар шулам болох Аматти (Ногоон Марал)-тай уулзаж, өнөөгийн хүмүүний нийгэм болон ТЭНГЭРИЙН ёсны талаар хүүрнэлдсэнээ толилуулахуй.
- Тарган тавтай зусаж байна уу, та? Лагшин тань тунгалаг, үйл үйлс тань тавлаг буй за?
- Сайхан зусаж байна. Баярлалаа.
- Та Хөх толботны хөндийд хар шулмын үйл хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Монголчууд, зон олондоо сонирхуулж хүргүүлэх, мэдүүлж ухааруулах зүйл ихтэй болов уу?
- Тиймээ, зон олондоо үйлээ хүргээд нилээдгүй л хугацаа өнгөрлөө. Дэлхий нийт, тэр дундаа Монгол – Монголчууд нийгэмшил-нийгэмшлийн эцэс төгсгөлгүй ёроол зүг уруудаж байна. Хүмүүс нэгэнт эргээд хүмүүний заяаг олоод төрчихсөн хойно юуг ч яасан ч болно гэсэн өчүүхэн бодолд хөтлөгдөөд явж байна. Тэрээр “Би бүгдийг чадна, надад хэн/юу ч саад болж чадахгүй. Ямар ч замаар хамаагүй!” гэсэн “уриатай”-гаар үйлийн үрээ “баяжуулж” явна. Тэгэхдээ хамгийн бузар аргуудыг хэрэглэж, бие биедээ хараал зүхэл, хар муу ховсын “хүч” зэргийг “туслахаараа” сонгодог болж. Энэ нь – хүмүүний оршин тогтнохын нэгэн хэсэг, нэг төрлийн “мода” болж. Хүмүүс зөвхөн өөрийгөө л сонсож, өөрийнхөө л хүсэлд хөтлөгдөөд, аливаа юмны цаадахыг харах уугуул Монголчуудын “алсын хараа”-г умартаж, билгийн нүдээ таглуулсан харалган-мулгуу нэгэн болцгоосон. Далдын ертөнцөөс “хүсэх жагсаалтын тэргүүн магнай”-д эрийг – Эр хүнийг өөрийн болгох “хүсэлт” явж байна. Ингэхдээ, тухайн эрийн байр суурь, ноён нуруу, гэр бүлтэй эсэх нь огт хамаагүй. Хэн нэгэн таалагдсан л бол “асаалттай танк” мэт зүтгэнэ.
- Таны багш тань удган хүн байдаг гэж сонссон. Хэн гэдэг, ямар хүн байдаг вэ, багшийнхаа талаар ярьж өгнө үү.
- Багш маань дархалсан хар удган хүн бий. Миний хувьд нэрийг нь дуудах тийм ёсон үгүй, багш л бол багш. Их шидтэй, цэлмэг саруул ухаантай тийм хүн бий. Угтаа та ч өөрөө шидийг нь харсан шүү дээ. /Тиймээ, миний бээр тэрхүү гайхамшгийг харах завшаан тохиосон билээ. Тэр нэгэн зун Байгал далайн эргэн тойронд асар том түймэр дэгдэх цагаар бид Байгал далайг зорьсон юм. Бидэнд нэгэн нутгийн буриад залуу туслаж, хамт явсан бөгөөд тэр маань өөрөө ч, мөн тэнд байсан бусад хүмүүс ч гэрчилнэ. Битүү утаа аль Баруун-Хараагаас эх авсан байсан ч замын туршид цэлмэн цэлмсээр бид Байгал далайн эрэгт очсон билээ. Удган маань хар үүлс завсаргүй нөмөрсөн Тэнгэрт, нар гарч иртэл нь том чөлөө гаргаж улмаар хөвөн үүлсээр тодоос тод ХАС зураад, тэрхүү ХАСыг нар зөв буруу эргүүлж байхыг бид бүгд нүд салгалгүй гайхаж, шимтэн харж байсан. Тэрээр мөн Байгал далайд үзэгддэггүй Тэнгэрийн амьтадыг сүргэлэн цуглуулж, баясгаж байсныг бас дурьдахад илүүдэхгүй болов уу.../
- Дархалсан хар удган гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
- Дархалсан хар удган багш маань ТЭНГЭРЭЭ буулгаад олон жил болсон, 13 чанараа дуусгаж, Дархалагдсныг нь Буга хосоороо ирж мөргөн баталсан тийм хүн юм. Сүүлийн чанар нь 13 хоног, өдөртөө нэг балга уснаас өөр уух идэх юмгүйгээр өнжиж дуусгасан байдаг юм. Би өөрөө, шавийнх нь хувьд тэр балга усыг өгч байсан. Ийнхүү ТЭНГЭРИЙН улаачийн 13 чанараа дуусгасан хүнд буга өөрөө ирж мөргөдөг. Харин миний багшид буга нь бүр хосоороо ирж мөргөсөн болохыг би бахархалтайяа хэлмээр байна.
- Их л мундаг тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг, аргагүй л ТЭНГЭРИЙН үйл юм даа. Мөн таныг саяхан нэг Байгал далайд очоод ирлээ гэж сонссон. Түүний талаар?
- Тиймээ, сүүлийн бараг сар гаран Байгал далайн эргэн тойронд асар том түймэр гарч, улс түмний зүгээс гал унтраах онцгой байдлын хүчний анги нэгтгэлүүд, нутгийн иргэд, сайн дурынхан гээд нилээдгүй л их хүч зарлаа. Миний хувьд гэвэл, Байгал далайдаа морилж хэлэлцэн, өршөөл эрсэн юм. Эх далай маань хүмүүний буруу үйлд гомдож, эцэс төгсгөлгүй их зовж байгаагаа илэрхийлсэн буюу түүнийгээ батлан мэдрүүлж миний хөлийг хадгаар тушсан. Дашрамд хэлэхэд хадаг гэдэг бол – хадах гэсэн үгнээс угтай, МОНГОЛ ЗОН ОЛНЫ зориг зүрх, хөгжил цэцэглэл, цэцэн цэлмэг ухааныг нь хадах зорилготой, тангадуудын хатуу хараал шингэсэн эд болохыг төдийлөн хүмүүс мэддэггүй. Наад захын жишээ татахад, хадгаар ороож зангидсан мод хувхайрч, ороогдсон газраараа идэгдэж, их зовж шаналдаг. Хадаг хураасан хүмүүний үйл алсдаа нэг замхардаг тавилантай. МӨНХ ХӨХ ТЭНГЭРЭЭ шүтдэг МОНГОЛЧУУД хадаг хэрэглэж байгаагүй бөгөөд энэ нь тангадын шарын шашны хамтаар МОНГОЛД маань орж ирж, баттай байр сууриа эзэлсэн байдаг. Ер нь ч хүмүүн бид аливаад түргэн хугацаанд идээшиж, саруул сайхан болгон нь бэрх мэтээр санаанд буудаг юм хойно доо… Ингээд, Байгал далайтайгаа хүүрнэсэн тухайгаа түмэн олондоо дамнуулахыг нэн хичээе. Эх далай маань: - Цаг нь болоогүй амьтныг гарган ирж залаад (Итгэлт хамбыг хэлж байгаа юм), хамаг амьтан баясах мэт, буян хураа хэмээн үзмэр болгон хөрөнгө хураах авч, үнэн хэрэгтээ тэр нь нүгэл буй за, үр минь! Хавийн мод минь үнс болон замхарч “Ус цэлэлзэх авч гал нь үл унтрах, Улс тогтолцоо нь байвч хүн нь үл дэвжих”-ийн л үйл болж байна даа – хэмээн тодоос тод хүүрнэн гомдолсон. Угтаа бол тэр нь, цаг нь болоогүй байхад тэр ламын цогцсыг гарган ирж олны зугаа болгосноос болж Байгаль эх маань хилэгнэн, ойр тойрондоо ой модыг нь түймэрт автуулж, буриад нутгийн зон олонд ч тайвныг үл авч ирэн, эвдрэлцэн хэлэлцүүлж, түмэн олон нь өөд үгүй ядуурч, төр улс нь ч эвээ олохгүй задруулж байна гэж дамнуулж байгаа юм шүү дээ.
- Тэгэхээр өнөөгийн орос дахь буриад хүмүүсийн тогтворгүй байдал Итгэлт хамбатай холбоотой гэж ойлгох уу? Харин ч хүн ард олон олноороо Иволгийн дацныг зорьж Итгэлтэд мөргөх гэж л очдог биш үү?
- За, тэр чинь л нөгөө тангадуудын МОНГОЛЧУУДАД бүгдэд нь хийсэн - “Бүү мэд! Мэдсэн нэг нь бүү дага! Мэдүүлсэн нэгэнд бүү итгэ!” - гэдэг хараал нь л байхгүй юу даа. Тэгээд ч хэрэв санах юм бол, анх түймэр яг яаж дэгдэв… олон хоног 40-өөд хэмийн халуун нартай байж байгаад, цэв цэлмэг тэнгэрт аянга бууж хуурай модыг ниргэснээр энэхүү түймрийн эх нь тавигдсан байдаг. Түймрийн төгсгөлд, бүхэл бүтэн Иволгийн дацанд ганцхан Итгэлт хамбатай дуган нь шатаж эхэлсэн. Олон хүний хүчээр, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд л тэр дуган нь бүрэн шатаагүй биз дээ… Тэр хар тангадын хараалын “хүч”-ээр зон олон маань “сайн” гэж дуулсан болгон руугаа харанхуй зорьдог. Цуу яриагаар хооллож, хов базан ундаалж, бэлгийн мэлмийгээ таглуулчихаад, буруу үйлээр өөрсдийгөө “баяжуулж” суухад ТЭНГЭРИЙН зараал бид дуугуй хараад байх уу?! МОНГОЛ хүн алсын хараа, уужуу бодолтой гэдгээ умартаж хэзээд үл болно! Хэдийгээр би МОНГОЛ ЗОН ОЛОН гэж байгаа нь Хөх толботны хөндийд багтах бүхий л үнэстэн ястанг (дэлхий даяар тархан суурьшсан) багтааж буйг та бүхэн ухаарч байгаад гэдэгт итгэл төгс. Бидний зорилго Хөх Толботны Хөндий дахь эрхэм дээд заяатай олон түмнээ сэргээн мандуулах л юм шүү дээ.
- За, ихийг бодуулж, нилээдгүй зангилааны үзүүрээс тайлж өгсөн танд Гялайлаа! Бид энэ ярилцлагадаа таны ТЭНГЭРИЙН үйлийг зон олондоо толилуулахыг зорьсон авч, бас асуулгүй өнгөрөх боломжгүй, “өндөрлөх” асуулт – Хайр дурлал…?
- Өө, тэгэлгүй яахав. Энэ асуултгүйгээр надтай ярилцлага хийж байсан түүх байхгүй. Тэгэхээр Хайр дурлал – Хайр сэтгэл гэдэг хамгийн том хүч юм. Миний амьдралд ч мөн хайр сэтгэлийн асуудал байлгүй л яахав. Нэгэнтээ хайрлаж явсан хүн маань эдүгээ сайн явж байгаа. Хүнийг хайрлаж, түүнд сэтгэлээ түр ч болов зориулж байсан юм хойно, амьдрал болоогүй байсан ч, тэр сэтгэлээрээ л хандаж, сайн сайхан бүхнийг л ерөөн бодох учиртай юм. Миний өөрийн хувьд гэвэл, ТЭНГЭРИЙН үйлтэй байгаад хайр сэтгэлийн асуудлаа төдийлөн анхаарах сөхөөгүй байгаа бөгөөд харин ТЭНГЭР намайг “шагнана” гэдэгт итгэл дүүрэн явдаг.
-За, илэн далангүй ярилцсан Танд баярлалаа! Ингээд, таны хувийн амьдралд төдийлөн лав “үзэг” дүрэхгүйгээр ярилцлагаа өндөрлөх үү дээ.
- За баярлалаа. Нэг ч болов удаа миний хувийн амьдралыг “ухаж төхөлгүй өнгөрөөсөн” танд ч мөн баярлаж байна шүү. Таны үйл тань шулуун шудрага, үзэг тань хурц, үг тань үнэн байхын ерөөлийг өргөе!
Ярилцсан ЦАХИУР.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ