Гурван Тивтэй хийх Гэрээ буюу улаачийн тавилан


Өнөө цагийн тайлал ирж, дэлхий ертөнц өнгөө засч айсуй энэ үед, хүмүүний заяаг олсон зон олон маань сэтгэл итгэлээ өгөх, далд ертөнц дахь өвөг дээдэстэйгээ учрах, эсвэл аль нэг шашин шүтлэгт сүсэглэх хүсэлдээ хөтлөгдөн эрэл хайгуул болж яваа билээ. Эдгээр дотроос Хөх толботны хөндий дэх түмэн олны үндсэн итгэл нь болж ирсэн ТЭНГЭР заяа буюу ТЭНГЭР ДЭЭДСЭЭ залсан улаач - бөөгөөр дамнуулан өвөг дээдэстэйгээ холбогдож заяа зам мөрөө тэгшлэх, улмаар ТЭНГЭРИЙН болон хүмүүний үйлийг гүйцэлдүүлэх хувь төөрөг, итгэлийн тухайд энд хүүрнэлцэн өгүүлэхийг зорилоо.
ТЭНГЭР ДЭЭДСЭЭ залах ёсон нь ихэд нарийн бөгөөд ТЭНГЭР, өвөг дээдэс, онгууд маань шилэгдмэл нэгийг нь өөрснөө сонгон үйл үйлсээ дамжуулан түгээдэг билээ. Энэхүү сонголтыг хүмүүн бид төдийлөн дутуу ухаж, хэн хүссэн нь улаач болж болдог хэмээн төөрч бидэрч явах нь зүй бус болох. Ингээд, нэгэн ТЭНГЭРИЙН УЛААЧ, түмэн олондоо буянаа түгээж, заяа замыг нь тэгшлэх тэр өвөг дээдэстэй нь учруулж яваа удган Цахил ахайтантай хүүрнэлдсэнээ түмэн олондоо толилуулъя.
- Та тарган тавтай, сайхан намаржиж байна уу? Лагшин тань тунгалаг, үйл үйлс тань тавлаг буй за?
- Тавтай сайхан намаржиж байна. Баярлалаа.
- Бидний бээр, энэхүү цувралаар зон олондоо бөө буюу улаач болох заяаны талаар боломжоороо тодорхой ойлголт өгөхийг хичээн зорьж байгаа юм л даа. Юуны өмнө хоёулаа улаачийн онцлог, энгийн нэгнээс ялгарах ялгааны талаар зон олондоо толилуулах уу?
- За, тэгье. Улаач болох заяатай хүмүүн Тэнгэрээс тамгатай төрдөг. Хүмүүс тамгатай төрдөг гэхээр бодьгал бие дээрх мэнгэ, толбо бүхий тамгыг төсөөлж боддог. ХАМГИЙН ГОЛ НЬ, ТЭНГЭРЭЭС УЛААЧИЙН ТАРХИ, ЗҮРХ ХОЁРЫГ НЬ ТАМГАЛДАГТ Л БАЙДАГ ЮМ! (Энгийнээр, цахим төхөөрөмж – компьютер - р жишин, харьцуулж тайлбарлавал, улаач нь асар том систем дэх бүхий л мэдээллийг багтаасан толгой компьютер хэмээн зүйрлэж болно). Тэрээр багаасаа мэдрэмжтэй байх бөгөөд ихэвчлэн 13 настайгаасаа тодордог. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр, 13 нас хүртлээ мань хүмүүн урд өмнөх насныхаа үйлийг гүйцээдэг гэсэн үг л дээ. 13 нас хүрсэн цагаасаа тэрбээр хэт ертөнцийн дуу чимээ сонсож, элдэв дүрсийг нь харж эхэлнэ дээ. Улмаар өвчин зовлон, үхэл хагацалыг урьдчилан мэдрэх чадамж нь онцгой байдаг. Ийм насанд нь тэр хүүхдийг ойр дотны хүмүүс нь, эцэг эх нь ихэвчлэн ойлгодоггүй, чичилдэг. Хүнд, амьдралынх нь туршид тохиолдох элдэв саад бэрхшээл байдаг. Тэгвэл улаачид тэрхүү саад бэрхшээл нь энгийн хүмүүнийхээс хэд дахин илүү тунгаар ноогддог агаад энэ нь угтаа түмэн олондоо туслах ерөндөг нь болж өгдөг юм. ТЭНГЭР дээдсээ залах улаач маань 999+1 эрдэмтэй агаад 900-г нь өөрийнхөө амьдралаас олж авдаг учиртай. Ийм их шалгуурыг давж хэмээн тэрээр улаачийнхаа эхний болзлыг хангаж энгийнээр хэлбэл онго Тэнгэр, өвөг дээдэстэйгээ холбогдох ертөнцийн үүдэнд ирдэг гэж ойлгож болно. Тийм учраас тэднийг багаас нь ойлгож, мэдэрч, хайрлаж туслах хэрэгтэй л дээ… Яагаад гэвэл тэр л улаач ашдад удам угсаа, хэдэн үеийнх нь аз жаргал, цог золбооных нь хөтөч нь байхын тулд өөрийнхөө биеэр өвчин зовлон, шаналал, үхэл хагацалыг даван туулж байгаа юм шүү дээ.
- За, ингээд улаачийн заяа бүхий хүмүүн маань амьдралаасаа олох 900 эрдмээ гүйцээгээд эхний болзлоо хангалаа. Дараагийн алхам нь юу байх вэ, багштайгаа учрах ёстой болох уу? Өөрийнхөө багшийг яаж таних вэ?
- Тэгэхээр түүхийн хоймороос сөхөн нэгийг хэлэх нь зүйтэй санагдаж байна. Юу гэхээр, эрт цагт бөө нар өөрснөө босдог байсан юм. Тэд цаг нь болохоор уул хаданд гарч, улмаар эхний таарсан амьтныхаа арьсаар хэц хэнгэргээ үйлдэж,өвс ногоогоо, булаг шандаа танин мэдэж, өөрийгөө боловсорсон гэж дүгнэсэн цагтаа түмэндээ эргэн бууж дэм тусаа хүргэн, зон олноосоо Зайран, Удган хэмээх алдраа хүртдэг байлаа л даа. Гэхдээ одоо цагт бол багш чухалаа чухал. Чухам энд чинь л нөгөө 900 эрдмийн чинь нэг нь болох, хүнээ таних эрдэм нь хэрэг болно шүү дээ.
- Тэр маань, багш нь шавиа таних бус харин шавь нь багшийгаа таних ёстой гэсэн үг үү?
- Яг тийм. За, миний мэдэх нэг зайран зүүдэндээ багшийнхаа гэрийг яг зүүдлээд яваад очтол багш нь бөөлөөд сууж байсан юм. Тэгээд л тэр топ загвар өмсөгч, жүжигчин залуу зайран болж байсан түүх бий.
- Тэгвэл Та өөрийнхөө багшийг таньсан тухайгаа, мөн танай гэрийнхэн Таныг хэр ойлгодог байсан талаар хуваалцахгүй юу.
- Бололгүй яахав. Тэр үед бөө ховор байсан цаг л даа. Ёстой л Тэнгэрийн тааллаар, надад намайг ойлгох эцэг эх байлаа, эгч нар маань ч хэлсэн үгийг маань тусгаж авдаг байв. Харин тэр үед би өөрийгөө зөнтэй юм байна гэж боддог, гэрийнхэндээ л зөн билэгч нь байлаа шүү дээ (инээв). Аав маань ардын язгуур урлаг судлаач хүн байсан (улаачийн маань аав нь УГЗ, язгуур урлаг судлаач, түгээгч бөгөөд бага наснаасаа Монгол уртын дуу дуулаач, язгуур урлагийг хөгжүүлж явсан, олон ч шавь төрүүлсэн түмэн олныхоо хайрыг татсан нэгэн байсан билээ), ээж маань хэл уран зохиолын багш мэргэжилтэй байсан л даа. Манай гэрийнхнээс, намайг “Охин маань өөр хүн шүү” хэмээн хамгийн ихээр ойлгож дэмждэг хүн аав маань байсан юм. Магадгүй аав маань ажлаар хөдөө орон нутагт явж байхдаа бөө нартай учирч байсан болов уу, гэж одоо бодогдох юм. Тэнгэрт халихдаа хүртэл, “Миний охин аавынхаа шарилд очиж болохгүй шүү” хэмээн захиж, надтай яг л хэдийнэ удган болчихсон хүнтэй харьцаж байгаа лугаа адил харьцдаг байлаа. Харин ээж маань “Энэ тухайгаа хамаагүй ярьж болохгүй шүү, шоронд хийчдэг юм” гэж хэлж байсансан. Тухайн үед цаг төр нь тийм байсанхойно доо…
Багштайгаа учирсан тухайд гэвэл, би байгшийнхаа дүрийг зүүдэндээ харсан. Зүсийг нь огт харж байгаагүй дөрвөн бөөгийн дундаас өөрийнхөө багшаа таньж очсон юм. Тэгээд очсон өдрөө хэц дэлдэн, улмаар хагас жил тасралтгүй дагаж байж боссон. Миний багш аваас, эрдэм чадал нь гүйцсэн энэгүй нэгэн удган бий. Тэрээр багш маань 30 – 40 хүний дунд сорил тавьж, би анхны шавь нь болж байсантүүхтэй. Бусдыг нь багш маань буцааж билээ. Тэгэхэд зарим нь бүр уйлж дуулаад гуйж байхад нь, “уйлж дуулж, хүсэж мөрөөдсөн болгон нь улаач болдоггүй юм, хүү минь” хэмээн явуулсан юм.
- Та сая сорил гэж хэллээ л дээ. Тэгэхээр бас сорил авдаг байх нь ээ? Нөгөө амдралын 900 сорил дээр нэмээд бас шалгадаг хэрэг үү?
- Амьдрал гэдэг маань өөрөө сорил. Тэр дундаас улаач болох анхны сорил одоо хирнээ ч надад хамгийн хэцүү санагддаг. Сорилыг тухайн багшийн онго Тэнгэр нь тавьдаг. Нэг ёсны, Тэнгэрийн таалалд нийцэх эсэхээ шалгуулж байгаал юм билээ л дээ. Миний давсан сорилоор жишээ татъя л даа.
Нэгдүгээр сорил нь, гарт атгасан зүйлийг таах. Бүхий л үзүүлэлтээр нь хэлэх ёстой байв.
Хоёрдугаар сорил нь, огт танихгүй хүн оруулж ирээд, тухайн хүний тухай мэдрэгдсэн бүх юмаа ярих ёстой байлаа.
Гуравдугаар сорил бөгөөд хамгийн хариуцлагатай агаад аймаар нь байсан юм. Дээрх 2 сорилыг давсан тохиолдолд нэг асуулт тавьдаг. Миний хувьд тэр асуулт л хамгийн аймаар санагддаг. Тэр асуулт нь:
“ЧИ УДГАН БОЛООД ХАР СЭТГЭЛ АГУУЛАХ ЮМ БОЛ ХАР ТАМЫН ЁРООЛД ЕСӨН ҮЕЭРЭЭ УНАХАД БЭЛЭН БАЙНА УУ?!”
Өнөөг хүртэл би үйл үйлдэл болгондоо энэ асуултыг санаж явдаг даа.
Учир нь, ГУРВАН ТИВИЙГ ХОЛБОН БУУДАГ УЛААЧИЙН ДЭЭД, ДУНД, ДООД ТИВҮҮДТЭЙ ХИЙСЭН ХАТУУ ГЭРЭЭ НЬ ЭНЭ БӨЛГӨӨ!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ