Хүүхдэд ямар бэлэг өгөх вэ?

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Бяцхан үрсдээ, дүү нартаа зориулах бэлгийн сонголтоо хийсэн үү? Хараахан амжаагүй байгаа бол та дараах зөвлөгөөнүүдээс санаа аваарай.
Хүүхдэд зөвхөн "ууттай бэлэг” өгдөг уламжлалыг халах цаг нь болсон гэдэгтээ та санал нийлнэ биз ээ. Мэдээж баяр, тэмдэглэлт өдрийг бэлэггүйгээр төсөөлөшгүй. Хүүхдийн баяр, шинэ жил, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүдэд аав ээж, эмээ өвөө, ах эгчээсээ гоё бэлэг хүлээдэг нь хүүхдийн зан. Тэгэхээр хүүхдийн шүдэнд халтай чихэр, ходоодонд хортой чипсээс татгалзаж, харин хүүхдийг хөгжүүлэх зүйлсээс сонголт хийхийг зөвлөж байна.
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь: Амархан жортой амттаны материал бэлдээд өөрийг нь ахлах тогооч, та туслах тогооч болон амттан хийж туршаарай. Алимтай бялуу, бананатай жигнэмэг гэх зэргийн амархан бөгөөд амттай жорын дагуу хүүхэдтэйгээ хамтдаа хийх тэр мөч, хийснийхээ дараа өөрийнх нь хийсэн амттанг амтархан идэх тэр мөч хамгийн дурсамжтай, хамгийн мартагдахааргүй байна. Өөрийн гараар амттан хийсэн хүүхэд цаашид ямарваа нэг зүйлд бүтээлчээр хандах сэдэлтэй болно.
Хүүхдийн сонирхлыг өдөөх нь: Хүүхдүүд томчуудаас үлгэр авч, даган дуурайж байдаг. Хэн нэгэн хоббиндоо үнэнч хүнийг хараад, тухайн зүйлийг их л сониучирхан сонждог. Хэрэв та йога хийдэг бол дагуулаад яв. Зураг зурдаг бол зургийн дугуйланд, хөгжим дардаг бол хөгжмийн дугуйланд явуулаарай. Таны, ялангуяа ээж, аавынхаа дуртай зүйлийн нэг хэсэг нь байсан болохоор хүүхэд энэ явдлыг хэзээ ч мартахгүй дурсаж явах болно.
Хүүхдэд туршлага суулгах нь: Хүүхдүүдийн эргэн тойронд томчууд утсаар, аппаратаар байнга зураг дарж байдаг. Тэд үргэлж "зураг дарж үзэхсэн” гэсэн хүсэлдээ автаж байдаг тул та түүнийг дагуулаад сайхан байгальтай газар очиж зураг даруулаарай. Эсвэл зүгээр л утсаа өгөөд хэрхэн зураг дардаг аргыг зааж өгөөрэй. Ингээд зогсохгүй сайн дарагдсан зурагнаас нь сонгоод угаалгаж, жаазлан өгвөл мартагдахааргүй бэлэг болохын зэрэгцээ амьдралд шаардагдах жижиг гэлтгүй ур чадварт хүүхэд суралцсан байх болно.
Хүүхдийг чадавхижуулах нь: Болзоонд урь. Тэгээ яг л том хүмүүс болздог шиг сайхан хувцаслаад зоогийн газарт ороорой. Менюг нь өөрт нь өгөөд, сонголтыг өөрөөр нь хийлгэ. Яг л том болсон хүн шиг хандвал өөрийгаа чухал гэдгээ мэдрэхийн зэрэгцээ биеэ авч явах соёлд суралцах болно.
Дээрх зөвлөгөөнүүдээс санаа авч тухайн хүүхдийн онцлогт тааруулан та ямар ч байдлаар баяжуулан хэрэгжүүлж болно шүү дээ.
Харин эцэст нь та сав баглаа боодолтой бэлэгээ дахин сонгохоор шийдсэн бол дээр хэлсэнчлэн амттанаас татгалзаж, аль болох ухаан хөгжүүлэх тоглоом болон эрүүл мэндэд хор нөлөөгүй бэлгийн сонголтыг хийгээрэй.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ