ТЭНГЭР ДЭЭДСЭЭ ЗАЛСАН УЛААЧ буюу бөөгийн заяа

- Та тавтай сайхан өвөлжиж байна уу? Лагшин тань тунгалаг, үйл үйлс тань тавлаг биз ээ?

- Тавтай сайхан өвөлжиж байна даа, Баярлалаа.

- Бөө буюу улаачийн үйл заяаны талаарх цувралаа үргэлжлүүлэн түмэн олондоо хүргүүлэх үйлээ үргэлжлүүлэх үү дээ, хоёулаа...

Хоёрдугаар бүлэг. Улаач

Байгаль дэлхийтэйгээ шүтэлцэхбуюу

Танд хэрэггүй байхад, тасалсан өвснийхөө ч төлөө

Та үйлийн үрээ хүлээх ану

- Та бид хоёр эхний дугаарыг, улаач заяатай хүмүүн Гурван тивтэй Гэрээ байгуулсанаар төгсгөсөн. Одоо дараагийн алхам нь, хувцас өмсгөл, хэц тойвор, бардагаа бэлдэх үү? Мөн үүнтэй холбоотой, зон олныг түгшээсэн “сэдэв”, нэгэн тодруулах зүйл байх юм. Маш олон бөө төрж байгаа өнөө үед төдий хэрээр байгаль, мод ургамал, ан амьтан сүйдэж байна гэсэн ойлголт бий болж байгаа энэ талаар ярихгүй юу…

- Тийм шүү. Үүнтэй холбоотой бизнес хүртэл гарсан нь харамсалтай. Тэр битгий хэл, энэхүү бизнест улаачаа залаалж байгаа “багш” нар нь хүртэл, тэрхүү бизнесээ хөлжих нэгэн арга болгон, улаачийн заяагаар барьцаалж халхавч хийн өөрийн эд зүйлсээ “шахаж” оролцдог нь бүүр ч эмгэнэлтэй. Захуудаар дүүрэн тас, хэрээний толгойнууд…

Ер нь, бөөгийн хэц, шүтээн нь улаачдаа өөрөө л ороод ирдэг юм. Жишээлбэл би Хэрээ хэлмэрчтэй. Миний Хон Хэрээ, намайг чанарт явахаас ердөө л долоохон хоногийн өмнө, машины цонх мөргөөд унаж байсан юм. Чихмэл хийлгэх гээд мэргэжлийн анчинд очиход, “яг зүрхэндээ буудулсан Хон Хэрээ байна, чи их сайн бууддаг юм байна” гэсэн. Тэгхэд нь “би буудаагүй шүү дээ” гэхэд “тэгвэл чи өөрөө удган хүн байна шүү дээ” гэж хэлсэн. Цайгаа сүлж байхад тооноор нь бүргэд орж ирээд цайтай тогооруу нь унаж байсан түүх хүртэл байдаг юм шүү дээ.

Улаач хүний сахих цээрүүдийн нэг нь УЛАЙ ҮЛ ҮЗЭХ! Үнэхээр л хэрэгтэй байгаа бол мод чулуунд сийлээд амилуулан тахиж болно шүү дээ.

- Тэгвэл улай үзэхгүй гэсэн атал мандаагаа амилуулахдаа хонины амийг тасалдаг нь ямар учиртай юм бэ?

- Төлгөн насны хонийг зүслэж, сүүлийн амьсгалаар нь мандааг амилуулах ЁС байна. Мандааг амилуулах ёс нь улаачид Тэнгэрээс хоёрхон нас өгч буй атал, үлдсэн насыг нь барьцаалж байгаа үйлдэл байдаг. Энэ нь, үлдсэн насаа түмэн олондоо буян түгээх үйлд зориулахгүй аваас хоёрхон жилийн настай гэсэн үг юм.

ТЭНГЭРИЙН ҮЙЛ БОЛ НААДААН БИШ! гэдгийг босч буй улаач нарт мэдүүлэх минь эну.

Маш олон улаач мандаа дотроо өнгөрч байсныг бид мэдэж байгаа, та нар ч мөн дуулсан л байх. Орь залуу хорьхон насандаа гэр бүлийн хоёрыг бөө болгоод хүүхдийг нь өнчрүүлсэн тохиолдол байж л байна.

- Тэгвэл бидний хувьд, дотоод ертөнцийг нь ойлгохгүй, харин гадаад ертөнцийнх нь хувьд, тухайн улаач угаа зөв буруу авсныг нь яаж мэдэх вэ?

- Зөв боссон улаачийн эргэн тойронд зүй бус үхэл хагацал, өвчин зовлон, уй гашуу тохиолдохгүй. Улаачийг нь л харах хэрэгтэй. Сархад хүртээд, самуурч завхайраад, түмэн олныг бүү хэл төрсөн бие сэтгэлээ цэгцлээгүй нэгнийг улаач гэж бүү эндүүр.

- За, эргээд өмсгөл хуягийнхаа сэдэврүүгээ орох уу даа? Өнөө цагт, таны хэлсэнчилэн, захуудаар дүүрэн тас хэрээний толгой, ангийн арьс үс, модны тайрдсаар “уралсан” тойворууд зарагдаж байна. Улаачаа босгож байгаа зарим нь ч хүртэл энэхүү “бизнест” орчихсон өөрийнхөө нөхцөл болзлыг тавих. Тэгээд ч бүгд, нэгэн жигд шахуу “форм” болсон өмсгөлүүдтэй байх юм. Тэгэхээр энэ маань нөгөө “улай үл үзэх цээр”-тэй яаж зохицож байна?

- Тойворыг, улаач унасан хуснаас, өөрийн хөлний улын хэмжээтэйг нь сонгон, Лусд өргөл барьж авдаг юм. Тэгэхээс биш ТМС-ийн хүүхдүүд шиг, ижил хэц, тойвор, мандаа, өмсгөл өмсүүлчихээд, спартакиадад уралдуулж байгаа мэт гүйлгээд бөө болгочихдоггүй юм (инээв). Ер нь түмэн олондоо анхааруулахад, хүчээр нүдийг нь боогоод, гарыг нь чагтлаад, буу тулгаад аваачаад босгочихсон юм шиг үйл гүйцэлдүүлчихээд, эцэст нь даагдашгүй зовлон шаналалд орчихсон явдаг явдал бий шүү! Тэгээд ч бидний Өвөг Дээдэс нэг ижил хувцас хунар байтугай, ижил ур хийцтэй эдлэл хэрэгслийг ч хэрдэлдэггүй, өндөр мэдрэмжтэй, сонгомол соёлтой, агуу нэгэн үндэстэн байсан юм шүү дээ. Аливаа юм энгийн байх тусам агуу байдаг. Булга минжээр хувцасаа дотролдог байсан гэж дуулсан. Хэт чамин хувцас хэрэгсэл, үзэгдэх байдлаараа бусдаас онцгойрох нь бууж буй онгодын хүч чадалтай огт хамаагүй. Дээд оюун ухаан болтлоо нирэгдэхдээ хүмүүн эд хөрөнгө, эрх мэдэл нь амьдралын утга учир биш болохыг аль хэдийнээ ухаарсан байдаг байлгүй дээ. Харин түмний үйлд зориулах эдлэл хэрэгслүүд аваас, жишээлэхэд: алтан тэвнэ, мөнгөн тагш, баавгайн сарвуу, тарваганы тос г.м. нь, улай хийх учиртай байж болох юм. Арван хуруундаа алтан бэлзэг зүүхгүй бол хүч тамир нь сулраад, зэрэг дэв нь доошлоод байна гэж ярьж байгаа бол – Баяртай – гэж хэлж сур. Завсарт гацсан сүнснүүд л хорогдсон сэтгэлээ гүйцээж байгаа нь тэр.

Тэгээд ч, аливаа чамин эрдэнэд учир их бий шүү дээ. Дээдсийнхээ сургаалиас толилуулахад:

“Ач зээгээ үзсэн хүмүүн алтаар гоёно,

Арван бүл тэжээх чадалтай байж булга хүдрэнэ,

Ариун журамтай гэргий хүнд сувд зохино” гэдэг.

Эндээс сувдыг иш татан жишээлж тайлахад, сувд сувд болтлоо олон мянган жил тарчилдаг. Өчүүхэн нэгэн бичил бие далайн ёроолд айдаст автан, мөнхийн түгшүүрээр дүүрэн, хясаанд орогножамьдралаа өнгрөөдөг. Тэгэхээр тэр их олон мянган жилийн түгшүүр айдас маань өөрөө тэр чигээрээ хараал болон хувирч байгаа юм. Харин тэрийг гагцхүү ариун журам сахисан бүсгүй хүн л түгшүүрийг нь арилган цайлгаж чаддаг. Ямартай л “гунигтай нүдэнд сувд зохихгүй” гэж ярьдаг л биз дээ…

- За, тэгэхээр улаач маань өмсгөлийнхөө “загвар”, өнгө, хэмжээг яаж мэдэх ёстой юм бол?

- Эрдэм нь гүйцсэн улаач зүүдэндээ харна. Мэлмий нь нээгдээгүй бол залах Онго нь хэлж өгнө.

- За, багш шавь барилдаад үйлээ хийхэд бэлэн боллоо.Гэтэл багш бологч нь шавь бологчдоосоо, эд хэрэгсэл зэхэхээс гадна, нилээдгүй их хэмжээний мөнгө нэхэх бий. Зарим нэг нь бүр өрөнд ороод, нэмэр гэхээс улам нэрмээс болж, амьдрал нь дээрдэх бус, улам унасан харагдах. Энэ талаар…

- Багш шавь барилдах ЁСОН бий. Цалин цагаан аяга, цасан цагаан сэтгэлээ чирээд ир дээ л гэдэг юм. Энд хоёр асуудал хөндөгдөж байна,

  1. Өндөр Дээд Өвөг дээдэстэй чинь золгуулсан багшийнхаа ачийг өнгө мөнгөөр хэжих үү?!
  2. Өрсдийнхөө Өвөг Дээдсийг зөв залсан бол өр шир, өнчирөл хагацал, нэхэл дагал болох уу?!

Энийг л бод. Залсан залаасандаа өлзийтэй юм шүү дээ!

- Хэрэв нууц биш бол, та өөрөө ямар “үнээр” боссон бэ?

- Миний багшийн ачлал гавъяа – хязгааргүй их! Би бүх насаараа, бүх үеэрээ ч төлөөд дийлэхгүй гэж боддог. Барьсан хэдэн агтаа хэлбэл ичмээр юм болно. (хэлсэнгүй)

- Дээр та, түмэн олны төлөөх улайг тайлж өглөө. Гэтэл нөгөө залж байгаа улаач залаалж байгаа багшаасаа улайн үртэй эд өмсгөл авч хэргэлж байна. Эд цээр зөрчснийхөө төлөө…?

- Амьтай болгон сүнстэй, амьгүй болгон эзэнтэй болохыг бүгд мэдэж байгаа байлгүй дээ. Танд хэрэггүй байхад, тасалсан өвснийхөө ч төлөө та үйлийн үрээ хүлээх үхлийн дараахь амьдрал гэж байгаа шүү дээ. Зарим нэг нь амиддаа ч үйлээ үүрээд, тарчилж л явна.

- Өнөө цагт энд тэндгүй, гэрлийн шонгоос эхлүүлээд ой модонд хүртэл битүү хадаг уядаг болсон анзаарагдах юм. Лам бөө аль нь мэдэгдэхгүй, МОНГОЛ маань “хадаг”-аар хүлэгдэж хучигдаж байх юм. Ямартай ч, хадгаар ороосон мод л лав тасрах дөхөж хүмүүсийн зэвүүцлийг ихэд хүргэж байна шүү дээ…

- Хөх Мөнх ТЭНГЭР, Хөрст Алтан Дэлхийгээ дээдэлдэг бөө бүү хэл, Хөх толботон МОНГОЛЧУУД хэзээ ч ургаж байгаа модыг боомилж, лус хилгэнүүлэхгүй. Бусад нь л байлгүй дээ. Хадаг гэдэг бөс даавууг л дээдлээд байдаг юм билээ…

- Тэгтэл МОНГОЛЧУУД маань хадагыг эрт дээр үеэс, өвөг дээдэс маань дээдлэж ирсэн хэмээн, хүндэтгэлтэй харьцдаг шүү дээ. Тэрээр бурханч лам Пүрэвбат, хадагны учирыг тайлахдаа “бурханд хүмүүс үнэтэй бүхнээ барьж байхад нэгэн ядуу хүмүүн биеэ ороож хувцас болгож явсан даавуугаа тайлж өгсөн нь бурханд хамгийн үнэтэй өргөл болсон” хэмээн хадагны домгыг тайлбралсан. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?

- Тэгэхдээ ямартай ч, тэр хадгаараа ургаа модыг боомилж уул хадыг бүрхдэг гэсэн домог сургааль байхгүй л байлгүй. Миний өвөг дээдэс хадаг яндар хэргэлдэг ч үгүй – хэрэгсдэг ч үгүй. Бусад нь яадгийг нь мэдэхгүй л дээ.

Салхийг дагуулах хүлэг морьдынхоо дэлийг, хийморио болгон сүлдээ залдаг.

Өтөл болон хорвоогоос хальж байгаа эцэг эх, эмээ өвөөгийнхөө сүүлчийн амьсгааг нь, хундан цагаан хонины хуруу дарам ноосонд шингээн буяныг нь хураадаг, ийм л ард түмэн.

ТЭНГЭРТ сүнс, Газарт цогцос үлдэх энэ хорвоод, жаргах зовох нь ХҮМҮҮН Танаас л шалтгаална! Төрсөн биенийхээ нуруу турууг хэн нэгнээс сураглаж, зүглэх зүг - зорих зорилгодоо цээр тавиулж амьдрах хэрэггүй.

Тийм байж хэмээн - Нурууныхаа НОЁН нь болж, Зүгийнхээ ЭЗЭН нь болон амьдарч байж Дэлхийн талыг эзэлсэн Их Эзэн Хааныхаа үр сад нь гэж цээжээ дэлд!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ