Зумалсан ноос нэрээр 2000 тонн ноолуур зувчуулжээ

Малчид, хятадуудын магнай хагардаг цаг иржээ. Ноолуурын сезон гэсэн үг. Урагшаа ч ёстой хөвөрч өгнө дөө. Хилээр урсаад гарчихдаг голыг “эх оронч бус” гэдэг юм гэнэ лээ. Тийм нэр тохирох түүхий эд яалт ч үгүй ноолуур юм. “Хоёр Толгой”-г эс тооцвол Эрдэнэт үйлдвэрийн ард экспортоороо бараг ноолуур зогсдог гэхэд хилсдэхгүй. Манайх уржнан 2800, ноднин 3000 тонн бохир ноолуур экспортолжээ. Угаасан ноолуурын стандарт тогтоотол, түүнийг гаргахгүй байхыг уг нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, СХЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван, ГЕГ-ын даргын орлогч О.Ганбат нар санал болгож байжээ. Даанч хэрэгжүүлсэнгүй. Эсэргүүцэгчдийн талд ашиг сонирхлын зөрчил байсан нь мэдээж. Хядадуудтай сэм хуйвалдаж, нам явалдахгүй юу. Ноолуурын экспортын татварыг хэдэн жилийн өмнө тэглэсэн билээ. Тэгэхээс өмнө ноолуурын татвараас жилд хориод тэрбум төгрөг төсөвт ордог байсан бол, түүнээс хойш нэг ч төгрөг орсонгүй. Зарим нэг тооцоогоор, ноолуурын орлого манай хүн амын гуравны нэгд ямар нэг байдлаар хүрдэг гэжээ. Үүнээс үзвэл ашигтай ч юм шиг. За тэр ч яахав. Харин ийм ашигтай бүтээгдэхүүнд стандарт байдаггүй нь сонин. Тэр дундаа боловсруулсан ноолуурт шүү. Тэгтэл СХЗГ-ын ажилтан С.Соронзонболд “Байхаар барахгүй, бүр бий гэм” гэжээ. Учир нь ч олдохоо байлаа.Тэрбээр цааш нь, “Манайхан стандарт мэдэхгүй ш дээ. Хүнсний бүтээгдэхүүнд гэхэд л 700 гаруй байдаг. Ноолуурын хувьд “Үйлдвэрийн аргаар самнасан 0.5 хүртэл хувийн хялгастай, цагаан ноосыг ямааны боловсруулсан ноолуур гэдэг юм” хэмээн мэдэмхийрчээ”. Энэ нь тодорхойлолт болохоос стандарт биш л дээ. Стандарт гэж хар үгээр хэлбэл, УСТ: гээд олон оронтой тоо байдаг байх аа. Самнаж хялгас үлдээлгүй ялгаснаар цэвэр ноолуур болох нь мэдээж. Гэхдээ үүний өмнө угааж, тоос, шороог нь цэвэрлэдэг юм байна. “Гологдсон хүүхэн” киноны Долингор шиг дотор нь бул чулуу хийчихгүй ч, манай сайн эрчүүд тонн ноолуурт хэдэн шуудай элс “шингээх” нь энүүхэнд байснаас ийм арга хэрэглэдэг болжээ. Тэнд нь стандарт байдаггүй гэх. Иймээс ноолуурыг цэвэр, бохир гэх боломжгүй болж байгаа юм. Тэр нь хятадуудад ашигтай нь ойлгомжтой. Самнаад, угаачихсан ноолуурыг ч бохир гэдэг юм байна. Ингээд гаргахаар алдагдалтай байлгүй яахав. Цэвэр, бохирын хооронд өдөр, шөнө шиг зөрөө байх нь гарцаагүй. Хятадуудад л амар юм. Нутаг дээр нь сайтар цэвэрлүүлж аваад, бохирын үнээр аваад явчихна гэдэг ховор завшаан нь маргаангүй. Тэд тэрийгээ мэдэлгүй яана гэж. Тийм ноолуурыг үе үе зумласан ноос нэрээр бүр хямд гаргадаг болжээ. Их хэмжээний тийм “ноос” гаргах гэсэн оролдлогыг манай хил, гаалийнхан саяхан илрүүлжээ. Ганц удаа боловч овоо доо. Тодорхой стандартгүй болохоор ангилах боломжгүй, түүнийг нь далимдуулаад хятадууд тоглоод сурчихжээ. Лавшруулаад хэлчихвэл, гаршчихаж. Өнгөрсөн жил манайх 7000 орчим тонн ноолуур бэлдсэнээс 2000 тонныг нь үндэсний үйлдвэрүүд, 3000 тонныг нь хятадууд авчээ. Харин 2000 тонн нь ор сураггүй оджээ. Сох дутсан тэр их ноолуур олдсонгүй. Тэр хаачив? Зумласан ноос болчихов уу? Энэ жил уг нь овоо ноолуур авах төлөвтэй тул Засгийн газраас техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэхээр яригдсан билээ. Тэгээд тус салбарт 180 тэрбум төгрөгийн зээл олгох болсон юм. Тэгтэл тэр нь одоо хүртэл алга. Бас хачин аа. Ноолуурын сезон нь ч дуусах дөхөж байдаг. Ноолуураа дахиад л зумласан ноос болгохоор дээр, дооргүй шийдсэн юм биш биз. Хар төрөөд байх чинь. Ноолуур гэж сайхан бизнес байна аа.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ