АНУ БНАСАУ-ын мэдэгдлийн хариуд...

Устөрөгчийн бөмбөг туршсан тухай БНАСАУ-ын мэдэгдлийн хариуд америкийн стратегийн В-52 бөмбөгдөгч нисэх онгоц Өмнөд Солонгосын нутаг дээгүүр ниссэн байна. Пентагоны мэдэгдлийг иш татан Ройтерс агентлаг ням гарагт ингэж мэдээлжээ.
АНУ-ын агаарын цэргийн хүчний F-16, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний F-15 нисэх онгоцыг дагалдуулан, Гуамын арлаас хөөрсөн уг нисэх онгоц БНАСАУ-ын хилээс 100 километрт Сөүл хотоос урагш орших нисэхийн Осан баазын дээгүүр нам өндөрт нисч өнгөрсөн байна.
“АНУ тухайлбал ердийн зэвсэглэл болон манай цөмийн халхавчийн тусламжтайгаар БНСУ-ыг хамгаалж, Солонгосын хойгт тогтвортой байдлыг дэмжин сахиулах хэлбэрэлтгүй бодолтой байна” гэж дэслэгч генерал Терренс Шонессигийн хэлснийг Пентагоны төлөөлөгч дурджээ.
БНАСАУ 2005 онд цөмийн зэвсэгтэй улс болсон юм. 2006, 2009, 2013 онд газар дор энэ төрлийн зэвсэг туршиж, үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс зэмлэн буруушаасан билээ. Орос, АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгосын оролцоотойгоор хийж байсан тус орны цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талын хэлэлцээг Умард Солонгос 2009 онд орхисон юм. Цөмийн хөтөлбөрийг зогсоож, түүнээс дангаар татгалзах бодолгүй байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид 2015 оны долоодугаар сард мэдэгдсэн билээ.
Одоо АНУ-ын агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд цөмийн зэвсэг тээгч В-52Н 70 гаруй нисэх онгоц байдаг байна. Эдгээр нисэх онгоц нь бас янз бүрийн төрлийн цөмийн бус зэвсэг авч явж чадна. В-52Н нисэх онгоцны нислэгийн алслал нь 16 200 гаруй километр (байлдааны нислэгийн радиус нь 7200 километр), байлдааны ачааллын масс нь 31 500 килограммд хүрдэг байна. В-52 нисэх онгоцны стандартын зэвсэглэлд хол зайны тусгалтай далавчит пуужин, түүнчилэн янз бүрийн төрлийн жолоодлогот болон чөлөөт уналтын бөмбөгүүд багтдаг. ХХ зууны дунд үед хийсэн энэ төрлийн нисэх онгоцуудыг наад зах нь 2040 он хүртэл ашиглах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ