Путин ажилдаа нисдэг тэргээр явдаг болно

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ажил руугаа буюу Кремлийн ордон руу автомашинаар бус харин нисдэг тэргээр хүрдэг болохоор болжээ. Үүнтэй холбогдуулан Кремльд нисдэг тэрэг хөөрч, газардахад зориулсан тусгай талбайг байгуулсан байна. Кремль дэхь Тайницкийн цэцэрлэгт шинээр барьж байгуулсан нисдэг тэрэгний тусгай талбай өчигдөр ашиглалтад орж, ерөнхийлөгч Владимир Путины нисдэг тэрэг тус талбайд анх удаагаа газардав. Тэрбээр Ми-8 нисдэг тэргээр явдаг болох юм.

Путины автомашины цувааг цаашид Москва хотын авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулуулахгүй байх зорилгоор ийнхүү нисдэг тэргийг ашиглахаар болжээ. Москвад Путины автомашины цуваа явж өнгөрөх үед замын хөдөлгөөнийг хаадаг нь багагүй хүндрэл учруулдаг. Тиймээс ОХУ-ын ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар сүүлийн үед Москва руу автомашинаар явахаа багасгаж хотын зах дахь өргөөнөөсөө ажил төрлөө явуулах болоод байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ