Хятадууд АНУ-ын зэвсгийн хамгийн чухал нууцыг хулгайлжээ

Хятадын хакерууд АНУ-ын байлдааны чадварт сүрхий цохилт өгчээ. Хятадын компьютерийн хакерууд Пентагоны зэвсэглэлийн хамгийн шилдэг тэргүүний системийн тухай, түүний дотор Ойрхи Дорнод дахь пуужингийн довтолгооноос хамгаалах программын тухай, хамгийн их үнэ өртөгөөр бүтээсэн F-35 сөнөөгч нисэх онгоцны тухай мэдээллийг хулгайлсан байна.

АНУ-ын БХЯ-ны шинжлэх ухааны асуудал эрхэлсэн зөвлөлөөс ойрын үед Пентагон, засгийн газар болон батлан хамгаалахын аж үйлдвэрийн төлөөлөгчдөд танилцуулах илтгэлд дурдсанаар, хятадын хакерууд хэд хэдэн удаа кибер халдлага хийж, цэргийн хэд хэдэн төсөл хулгайлжээ.

Хулгайлсан хорь гаруй системийн дотор америкийн цэргийн аж үйлдвэрийн шилдэг судалгаанууд байгаа бөгөөд үүнийг Хятад улс өөрийн зэвсэглэлд ашиглаж болох юм.

Тэргүүний технологийн тухай мэдээлэл олж авсан нь Хятадын зэвсэглэлийн стратегийн хөгжлийг түргэтгэж, ирээдүйн цэргийн мөргөлдөөнүүдэд америкийн цэргийн оролцоог сулруулж болохыг шинжээчид америкийн засаг захиргаанд анхааруулж байна.

Үүний сацуу армиа шинэчилэх урт хугацаны иж бүрэн стратеги хэрэгжүүлж буй Хятад улс америкийн цэргийн давуу байдлыг арилгах ажилд хөрөнгө мөнгө оруулж байгаа бөгөөд чухамхүү тиймээс кибер тагнуулыг энэ хүч чармайлтын гол хэрэгсэл хэмээн үзэж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ