Парисын террорын ажиллагааг давтах гэж оролджээ

Өнгөрсөн пүрэв гарагт индонезийн нийслэл Жакарт хотын яг төвд хуучны худалдааны “Sarinah” төвийн ойролцоо хэд хэдэн удаа дэлбэрэлт болжээ. Энэ төвийн эргэн тойронд тансаг зэрэглэлийн зочид буудлууд, гадаадын элчин сайдын яамд болон оффисын байшин барилгууд байдаг байна. Амиа золиослогч этгээд нэгдүгээр давхарт байдаг “Starbucks” гэдэг кафенд, харин түүний хамсаатнуудын нэг нь цагдаагийн харуулын байрны ойролцоо өөрийгөө дэлбэлжээ. Ингэсний дараа цагдаа нар болон террористууд удтал буудалцсан байна. Албан ёсны мэдээгээр, долоон хүн, түүний дотор таван террорист алагджээ. 30 орчим хүн шархадсан байна. Жакарт хотын цагдаа нар дөрвөн сэжигтнийг саатуулжээ.
Телевизийн АВС News сувгийн мэдээлснээр, Жакарт хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын нэг ажилтан дэлбэрэлтийн улмаас шархдаж, Нидерландын нэг харъяат ноцтой шарх авсныг тус вант улсын Гадаад хэргийн яам мэдээлснийг Ройтерс агентлаг уламжилжээ.
Террорын халдлага үйлдэгчид гар буу, гар хийцийн гранат болон бөмбөг хэрэглэснийг индонезийн телевизийн “Кompass TV” суваг мэдээлсэн байна.
Ассошиэйтед пресс агентлаг Индонезийн цагдаа байгууллагын төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа, дэлбэлэлт үйлдэж, буудсан этгээдүүд 2015 оны 11 дүгээр сарын 13-нд Парист болсон халдлагын маягаар ажиллахаар оролдсоныг мэдээлжээ.
Пүрэв гарагт Жакарт хотод хэд хэдэн халдлага үйлдсэнээ “Исламын улс” бүлэглэлийнхэн хүлээсэн байна.
Тус орны эрх баригчид, түүний дотор Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Жакартад болсон дэлбэрэлтийг террорын ажиллагаа гэж тодорхойлжээ.
“Манай үндэстэн, манай ард түмэн айж эмээх ёсгүй, террорын ажиллагаа биднийг дийлэхгүй, нийгэм айван тайван байх болно гэдэгтби итгэж байна” гэж ерөнхийлөгчийн хэлснийг агентлаг дурджээ.
Дашрамд дурдахад, Жакарт хотын цагдаагийн байгууллагын тэргүүн халдлагыг зохион байгуулсан байж болох хүний нэрийг дурдсан байна. Энэ нь Индонезийн харъяат Бахрун Наим гэгч бөгөөд тэр одоо Сири улсад байгаа ажээ.
Одоо 150 мянган цагдаа нийслэлийн гудамж, талбайд эргүүл хийж байна. Нисэх буудлууд, хүмүүс олноороо цуглардаг газар, шашны байгууллагуудыг хамгаалалтад авчээ. Цэргийнхэн аялал жуулчлалын Бали аралд эргүүлж хийж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ