Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг дахин шалгахаар боллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцжээ. Хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулж шалгах юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа,Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон юм. Ингээд Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүр 24 жилийн хорих ял оногдуулсан билээ. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялын хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 22 жилийн хугацаагаар тогтоосон.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ