Н.Энхбаярыг ял шийтгэлтэйд тооцсон хэвээр гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудлаар Засгийн газраас АТГ-аас лавлагаа авахаар албан бичиг хүргүүлсэн. Тодруулбал, Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авахаар бичиг илгээсэн. Энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж үзээд “Н.Энхбаярын шүүхээс шийтгүүлсэн ялтай байдал хэвээр үргэлжилж байгаа тул тус тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх хариуг илгээсэн байна. Зарим хуульч ялангуяа МАХН-ын гишүүдийн тайлбарлаж байгаагаар шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Н.Энхбаярыг ялтайд тооцох асуудал эцэс болсон гэж тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг Шадар сайдаар томилоход ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж байгаа юм. Харин хуулийнхан ирэх есдүгээр сарын 1-ны өдрийг хүртэл Н.Энхбаярыг ялтайд тооцсон хэвээр байна гэж тайлбарлаж байна. Энэ асуудлыг хуульч Ч.Өнөрбаяраас тодрууллаа.

-Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох болүомжтой эсэх асуудлаар багагүй маргаан өрнөөд байна. Хуульч хүний хувьд үүнд тайлбар хийнэ үү?

-Хуульчийн хувьд тайлбарлах гэж оролдъё. Н.Энхбаярыг Өршөөлийн хуулиар гэм буруугүй болсон гэдэг асуудал багагүй яригдаж байх шиг байна. Өршөөлийн хуулинд авлига, албан тушаалын хэргийг, бас энэ төрлийн хэргийн ялтай байдлыг өршөөгөөгүй. Зарим хүн шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд ял шийтгэлтэй байдал гэсэн ойлголт байхгүй учраас Н.Энхбаярыг ял шийтгэлгүйд тооцно гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэхүү хууль нь ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх учиртай. Тэр хүртэл одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчлэх юм.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг уучилсан тул түүнийг гэм буруугүй гэж үзнэ гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна.

-Гэм буруутайг шүүх тогтооно. Ерөнхийлөгч уучлалт үзүүлнэ гэдэг нь ялыг биечлэн эдлэхээс уучилсан болохоос гэм бурууг уучилж байна гэсэн үг биш.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ