Анкарад болсон халдлагад монгол залуу өртөх дөхжээ

Туркийн Анкара хотод өчигдөр орой парламентын ордны ойролцоо автобусанд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн шархадсан хэмээн AFP агентлаг уламжиллаа.
Уг халдлагад Анкара хотод суралцдаг монгол залуу өртөх дөхсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр дэлбэрэлт болсон газрын ойролцоо байсан бөгөөд тэсрэлтийн долгионд цохигдон газар унасан тухайгаа ярьжээ.
Тэрбээр өөрийн “Facebook”-дээ “Амьд явах баталгаа байхгүй юм байна л даа... хажууханд бөмбөг дэлбэрэх...” хэмээн бичсэн байна.
Халдлагын дараа Истамбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар олон нийтийн сүлжээнд анхааруулга нийтэлжээ. Уг анхааруулгад “2016 оны 2-р сарын 17-ны өдрийн 18:30 цагийн үед Анкара хотын төвд дараалсан 2 дэлбэрэлт болсон бөгөөд БНТУ-ын Тагнуулын Ерөнхий газрын мэдээлж байгаагаар 14 алан хядагч БНТУ-ын хилийг нэвтэрч олон улсын нислэг үйлддэг нисэх онгоцны буудлыг онилсон байгааг БНТУ-д амьдарч, суралцаж буй Монгол Улсын иргэдийн анхааралд хүргэж байна. Иргэд анхаарал болгоомжтой байна уу” гэжээ.
Турк улсад Монголын 2100 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн тоог 2014 онд Гадаад хэргийн яамнаас гаргасан байдаг.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ