Сор залаачидыг яах вэ , “Буудчих уу, Жанжаан”

Сор залж байна аа. Сүртэй ч гэж жигтэйхэн. Монголын нэгэн уран сайхны кинон дээр ядарсан салбархай бөө хамаг бүгдийг зүхэн дөвчигнөж байхад нь Сүхбаатар жанжин тааралддаг. Жанжны туслах эр “Буудчих уу, Жанжаан?” гэхэд Жанжин Сүхбаатар амийг нь өршөөж “Төрд хэрэгтэй зайран” хэмээн өгүүлдэг. Тэр өршөөл эдлэх эрхтэй байсан. Ус нутаг, эрх чөлөө, хамаг байдгаа алдаж буйдаа харуусч өөрийн гэх төргүй зайран дөвчигнөж байхдаа ч Монгол төрөө зүхэж занаагүй. Гэтэл өнөөдрийн сор залаачид өөрсөдөд нь таалагдахгүй бүхнийг зүхэн занаж сор залж байна. Төрд хэрэгтэй зайрангууд бус төрийг зүхсэн зайрангууд дэндүү олширч байна. Сүүлдээ төрийн хар хүн нь ч сор залж дөвчигнөх болов. Өөрөө өөрийгөө зулын гол болгон сор залж, Ерөнхий сайдынхаа зургаар ч сор залах болов.
Төрийн өмчит аж ахуйн нэгж, төсвийн байгууллагуудыг дансаа шилэн болгож, нийтэд зарлаагүй гэх шалтгаанаар ч сор залж л байх. Шилэн Цогоо Сор Цогоо болж ч хувирч байх шиг. Цаг төр ороо бусгаа, нийгмийн байдал шалдар булдар болоод ирэхээр шилчин бүү хэл “сор”-чин нь ч олшироод ирдэг бололтой юм. Маргааш эхнэртэйгээ муудалцсан хэн нэгэн сор залбал гайхах ч хэрэггүй болж. Сургуулийн хүүхэд таалагдаагүй багшаараа сор залж, цэцэрлэгийн жаал тоглоомоороо сор зална хэмээн айлгах энүүхэнд байна. Тэтгэвэрийн хөгшин тулдаг ганц таягаараа сор зална аа гээд явж байхад цочих хүн байна уу, Монголд.
Удахгүй АСЕМ-ийн уулзалт Монголд болно гэж байгаа. Тэр үеэр энэ олон сорчид нийлээд тэдний өмнө Монголоороо сор зална аа гэвэл битгий зал гэж хэлэх хэцүү, тэг гэж хэлэх ч хэцүү л болох гээд байна. Нэгэнт л бараг нийгмээрээ шахуу сорчин болсон болохоор хэрхэн сорчин болох тухай тусгайлан хичээл орох, буруу сор залбал ямар хуулийн зүйл заалтаар ял хүлээх, хүүхдээ хэрхэн сорчин болгож хүмүүжүүлэх, сор залах талаар өв уламжлал юу байна гээд бүгдийг нь судлаж, дэлгэрүүлбэл зүйтэй ч юм шиг.
Ер нь сор залах хийгээд сорчин болох нь мэргэжил үү, удамшилын гаралтай хам шинжит өвчин үү гэдгийг ч шинжлэх ухааны зүгээс судалж, тодруулах хэрэгтэй байна. Түүнээс гадна бүх шашин, нам эвсэл сор залаад байх уу, эсвэл тусгайлсан сорчинтой байх уу гэдгийг ч хуульчилж өгвөл яасан юм бэ. Ядаж л өөрөө өөрөөрөө сор залах эс залах тухай ухагдахуунтай болоод авна шүү дээ.
Мөн сор залах тусгайлсан өдөр байдаг гэдгийг “Сорчин Цогоо” анх удаа нийтэд мэдээлэв. Тэрээр энэ талаараа тусгайлан сэдэв авч, эрдмийн зэрэг цолоо яаралтай хамгаалахгүй бол монголоор дүүрэн сорчид байгаа гэдгийг анхааруулах хэрэг юун.
Тэрээр сэтгүүлчидэд “Зориуд энэ өдрийг сонгож сор залж байгаа юм. Энэ өдөр залсан сор мянга, живаа болон үрждэг” хэмээн мэдэгдсэн нь сор цаашаа зогсох бус улам үржихийг зарласан хэрэг байлаа. Нэгэн цагт төрийн ордон руугаа лооль шидэж, өлсгөлөн зарлаж, трактортой жагсч, төв талбай дээрээ гэр барин өвөлжиж тэмцдэг байлаа. Энэхүү тэмцлийн хурц хэлбэрүүд архагшсаар өнөөдөр сор залдаг болон өргөжиж байна. Ёстой л нөгөө “Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт”гэгчээр тэмцэл хүртэл хойшлох тусмаа “буруу чанаржиж” байгаа нь төр анхааралаа энэ чигт хандуулж засарч, үгийг нь сонсч, зарим зүйл дээр төрийн төмөр гараа үзүүлэхгүй бол дүрсгүй хэдэн хүүхэд нийлээд төрийн ордон, төрсөн гэр, улс орноороо ч сор залж мэдэхээр болоод байна шүү.
Т.Байдраг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ