Сурагчид мансуурдаг эсэхийг албан ёсоор шалгана

Оросын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөл сурагчдаас мансууруулах бодисын шинжилгээ авах тухай хуулийг өчигдөр сайшаажээ. Мансууруулах бодисын хууль бус хэрэглээг эрт илрүүлэх зорилгоор сурагчид, техникум, дээд сургуулийн оюутнуудад тусгай шинжилгээ хийхийг баримт бичигт санал болгосон байна. Шинжилгээг хоёр шаттай хийх ажээ. Эхнийх нь нийгэм-сэтгэл зүйн шат байх бөгөөд энэ хүрээнд тусгай анкетын асуултад хариулахыг суралцагчдаас хүснэ.

Хоёр дахь нь анагаах ухааны шат бөгөөд энд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, биед мансууруулах бодисын ул мөр байгаа эсэхийг илрүүлэх зайлшгүй шаардлагатай шинжилгээ өгнө. Шинжилгээг гагцхүү сайн дурын үндсэн дээр хийх ажээ. 15-аас дээш буюу өсвөр үеийнхэн шинжилгээ хийлгэхийг өөрсдөө албан ёсоор зөвшөөрөх ёстой. Харин 15-аас доош насныхны зөвшөөрөлд эцэг, эхийн нэг нь гарын үсэг зурах ёстой юм байна.
С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ