Умард Солонгосын сонин цөмийн жижигхэн цэнэгт хошууны зураг нийтлэжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун загвар байж болох цөмийн авсаархан цэнэгт хошууны хажууд зогсож байгааг харуулсан гэрэл зургийг Умард Солонгосын намын “Нодон Синмун” сонин лхагва гарагт нийтлэжээ.

Зурагт Умард Солонгосын тэргүүн цөмийн эрдэмтдийн дунд зогсож, харин цэнэгт хошуу байж болох мөнгөлөг өнгийн жижигхэн бөмбөлөг тэдний өмнө ширээн дээр харагдана.

Ийм зураг гарсан нь БНАСАУ цөмийн цэнэгт хошууг нийтэд үзүүлсэн анхны тохиолдол болж байна. Гэсэн ч Пхеньяны эрх баригчид ийм хэмжээний жинхэнэ байлдааны цэнэгт хошуутай болсон уу, эсвэл энэ нь туршилтын загвар уу гэдэг нь тодорхойгүй байгааг Ассошиэйтед пресс агентлаг тэмдэглэжээ.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам гэрэл зурагт гарсан объектыг судлаж байгаагаа мэдэгдсэн байна. Хол тусгалын пуужинд суурилуулахад тохирох цөмийн авсаархан цэнэгт хошуутай болсон гэдгээ Пхеньяны удирдлага түрүүнд нь мэдэгдсэн бөгөөд гэхдээ БНАСАУ-д ийм боломж бий гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа ажээ.

Мөн Умард СолонгосЯпон тэнгисийн зүг ойрын тусгалын хоёр баллистик пуужин харавсныг Өмнөдийн Ёнхап агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус агентлагийн дурдсан Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны мэдээгээр, хоёр пуужинг БНАСАУ-ын өмнөд нутгийн Хванхэ-Пукто мужаас харавжээ.Хоёр пуужин 500 орчим км нисээд, тэнгист унажээ. “Зэвсэгт хүчин байдлыг анхааралтай ажиглаж, Умард Солонгосын зүгээс хийх аливаа өдөөн хатгалгад бэлэн байна” гэж штабуудын дарга нарын хорооны төлөөлөгчийн хэлснийг Ёнхап агентлаг дурдсан байна.

БНАСАУ гуравдугаар сарын 3-нд мөн ийм хэд хэдэн пуужин харавжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ