Мөнгөнд дарлуулсан амь нас

Монголчууд бид Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдлэхэд тун бэрх боллоо. Бидний амь нас, эрүүл мэндтэй салшгүй холбогдсон ЭМД-ын шимтгэл нийгэмд томоохон асуудал үүсгэх болов.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.2.2-т энэ хуулийн 6.1.2-6.1.4, 6.1.12-т заасан даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө улирал бүр, эсхүл жил бүр эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлнө гэж заажээ. Харин бодит байдал дээр улиралаар бүү хэл хагас жилээр ч бус заавал нэг жилээр төлөх ёстой гэнэ. Банк нь ч, даатгалын байгууллага нь ч ийм хатуу шаардлага тавих боллоо. Энэ ньиргэдэд маш том дарамт болохын зэрэгцээ хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ хуулийн 6.1.2-6.1.4, 6.1.12-т заасан даатгуулагч гэдэгт хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, “гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, ажилгүй иргэд багтаж байгаа юм.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2016 оны 02 дугаар сарын улсын мэдээгээр 35079 бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.9 хувиар өсчээ. Бүртгэлгүй ажилгүйчүүд ч бас олон тоогоор бий гэдгийг санах хэрэгтэй. Эндээс дүгнэхэд ЭМД-ын санд шимтгэл төлөх иргэдийн тоо энэ хэмжээгээр буурна гэж ойлгож болох юм. Яагаад гэвэл шинэ хууль хэрэгжихээс өмнө нэг жилд 8040 төгрөгийн шимтгэл төлдөг байхад зарим хүмүүс зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах үедээ ЭМД-ын дэвтрээ бөглүүлдэг байсан. Харин одоо огцом нэмэгдэж 46080 төгрөг болсон шимтгэлийг шаардлагатай байсан ч төлөх хүн хэд байх бол. Хаа сайгүй цомхотгол хийгдэж байгаа энэ үед хоёр идэхгүй, хоосон хонохгүй байх нь айл бүрийн асуудал болоод байгаа цаг. Энэ үед эмийн замбараагүй хэрэглээний талаар дурсаад ч хэрэггүй. Уг нь сарын 3840, улиралын 11520, хагас жилийн 23040 төгрөгөөр төлөх боломж олговол амьдрах итгэл тэр хэрээр нэмэгдэх учиртай.
Нөгөөтэйгүүр, ЭМД-аа төллөө гэхэд улиралд 150 мянган төгрөгийн үйлчилгээг авах боломжтой юм байна. Хэрэв энэ хэмжээний үйлчилгээгээ авсан бол та үлдсэн шинжилгээ, оношилгоо, эмчилгээнийхээ зардлыг өөрөө нэмж төлөх ёстой. Үүнийг сайн талаас нь харъя гэвэл заавал улсын эмнэлгийн урт дараалалд зогсолгүйгээр хувийн эмнэлэг бараадаж болно гэсэн үг. Харамсалтай нь энэ хэрийн чадамжтай хүн анхнаасаа цаг алдаж улсын эмнэлгийг царайчлах нь юу л бол.
Үүнтэй холбоотой нэгэн асуудлыг сөхье. Манай улсын эмнэлэгт шаардлагагүй хэвтэлт их байна гэсэн судалгаа байдаг аж. Манай судлаачдын судалгаагаар гурав дахь шатлалын буюу төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд 40 хувь, аймаг дүүргийн эмнэлгүүдэд 39,9 хувь, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 62,8 хувьд нь шаардлагагүй хэвтэлт байна гэсэн дүн гарчээ (Н. Удвал, 2013). Үүнийг тоон үзүүлэлтээр нь хэлэхгүй болохоос хүн бүр л мэднэ. Танил тал, мөнгө бэлтэйгээрээ эмнэлгийн үйлчилгээг хүссэн үедээ аль чанартайгаас нь авдаг эрхмүүд олон бий. Тэд өвдөж зовсон нэгнийхээ өдрийн, цагийн эмчилгээг булаагаад хэвтэж байх. Булаалгасан нь мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй байх. Ийм маягаар ЭМД-ын сангаас үргүй зардал хэр хэмжээгээр гарч байгааг бид таашгүй.
Энэ мэт эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа асуудлууд дан ганц эзэнгүйдсэндээ ч үүсээд байгаа юм биш. Эмнэлгээ сахисан, өвчтөнөө асарсан олон сайн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг үгүйсгэж болохгүй. Тэд энэ салбарын эзэд. Гагцхүү бодлогыг нь зөв тодорхойлох, замыг нь тэгш чиглүүлэх, ард олныхоо төлөө гэх сэтгэл зүрх "дээр суух хэдэд" дутаад байна. Үүнийх нь горыг "доодчууд" нь хүртээд байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ