Шар сүм ба Өөлдийн таван шүтээний түүх

Гандантэгчилэн хийдийн Дашчоймбол дацангийн өвгөн лам гавж Тольтон бургуд Цэгмэдийн Лувсан агсан 98 насыг зооглож, 2012 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурханы оронд заларсан билээ. Энэ даруухан хүний тухай амьд сэрүүнд нь дуугарч чадаагүй боловч одоо дурсахдаа баяртай байна. Дурсах шалтгаан ч надад бий. Гавж ламтан Ц.Лувсангийн тухай Дашчойнпэл дацангийн Зод зиндааны гэлэн лам Б.ЭрдэнэбатСГЗ Ш.Сонинбаярын бүтээсэн “Дашчойнпэл дацангийн түүх” номонд \ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Дөрөлж хэмээх газар 1914 онд мэндлэсэн, жил Бар. Найман настайдаа Шар сүмд шавилан, 1931 онд Дашчойнпэлд хадагт зиндаалсан, Тэрээр манай дацангийн лам, шавь нарын хайр хүндэтгэлийн орон болсон гайхамшигт буурлуудын сүүл болон үлдсэн ачтан бөгөөд дацангийн чойрын зан үйл түг, торчой, домын хурал, лянх мордох зэрэг онцгой хурал зан үйлийг удирдан заан зөвлөдөг юм. Госоо госоо дамжин хүүхдүүдтэй ном хэлэлцэн монгол лам нарын рэгвий ухаанаас гарсан дагсал хаяж үзүүлэх нь сонин бөгөөд шавь нарын сонирхол, ном үзэх дуршлыг төрүүлэхэд их нэмэр болдог. Түүний гол авьяас нь оёдол, урлах үйл бөгөөд Гандан хийдийн оёдолчин, үйлчин эмэгтэйчүүдэдшашины номын хувцас, навсыг зөв үйлдэхэд нь зааж сургасан ачтан билээ \ гэж бичсэн бий.

Чингис хаан одонт, СГЗ Г.Мэнд -Ооёо “Билгийн мэлмийгнээгч” бүтээл номондоо 3, \ Жанрайсигийн сүм дэх дотоод чимэглэлийн оёдлын эсгүүрийг лам Ц.Лувсан |1914| гардан удирдаж, Орломжав, Норовсамбуу, Баасанхүү, Должинсүрэн, Дэжид, Эрдэнэцэцэг, Мэгмид, Мөнгөнхуяг, Оюунчимэг нар оёв. 8, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Равсал |1916| их бурханы дүгийг урлaсан бол хорол болон шүхэрийг Ц.Лувсан |1914| бүтээв” гэсэн бий. Ийм л эгэл даруй мөртлөө аугаа нэгэн агсан билээ.Гавж ламтан Ц. Лувсан амьд сэрүүн ахуйдаа дараах сонин түүхийг надад ярьсан билээ.

-Ховдын шар сүм нь 200 шахам жилийн түүхтэй. Өөлдийн гэлэн Дондогоор ахлуулан 1760-аад оны үед Түгээмэл Амаржуулагч хэмээх сүмийг бариулсан нь Ховдын шар сүм юм. Уг сүмийг анх барьж үүсгэсэн тухай Монгол Улсын Үндэсний Түүхийн төв архивт “... Тэнгэрийн Тэтгэсний гучин нэгдүгээр /1766/ онд гал нохой жил Манжийн хаан сангаас түм илүү лан мөнгө гаргаж сүмийг эхэлж бариулан “Түгээмэл Амаржуулагч” хэмээн нэрлэжээ” гэсэн буй”Мөн сүмийн хөшөө чулууны бичигт: “Сайнаар зохицож дайныг байгсан /зогсоосон/-д баясалцаж, сааралгүй тарианы үйлдвэрийг хичээгтүн. Үүнээс хойш соёлд хандсан тулд хүмүүн үржиж үүрд аж төрмуй...” гэж бичсэн байдаг Ховдын шар сүм нь энэ хязгаар нутгийн шашин номын төв байлаа. Би 8 наснаасаа тэнд шавилан суусан юм. Сүм холоос харахад харахад ганжир нь алтран харагддаг тул Шар сүм хэмээн нэрлэгдсэн билээ. Дондог гэлэн манж нарт дургүй нэгэн байсан уу, яасан юм бүү мэд, шар сүмээс харахад Сангийн хэрмийн доторх нь бүгд харагддаг байсан юм. Монгол ухаан байршлыг тэгж сонгосон байх гэж одоо би боддог юм.

Уг нь манай өөлдүүд одоогийн Балба улсын хавьцаа нутаглаж байсан юм даг уу даа. Тэр үед өөлдийн ван Болд гэгээн байжээ./хожим Болд ван гэх болсон/ Тэр ноёны сэтгэлт бүсгүй нь тэр үеийн Ванчин богдын төрсөн дүү хүүхэн байжээ. Болд ван тэр хоёр хүнээс далдуур сэм уузаж учирдаг байсан ба хоёул үгсэн тохироод Болд ван сэтгэлт бүсгүйгээ оргуулан босгож авахаар болжээ.Чухам яагаад тэгэх болсон учир шалтгаан нь юу байсныг тодорхой мэдэхгүй юм. Вончин богдын орд өргөө нь маш нарийн харуул хамгаалалттай байсан боловч сэтгэлт хоёр оргон босож чаджээ. Үүнийг мэдсэн Ванчин богдын дагалт нар сандран дүү охин нь алга болсоныг Ванчин богдод дуулгахад Ванчин богд ойрдманай үүгээр гадны ямар ямар хүн үзэгдэж харагдсан бэ? гэж асуужээ. Нөгөөдүүл нь тийм олон хүн үзэгдэж харагдаагүй ганцхан өөлдийн Болд ван л саяхан нэг явж байсан гэжээ. Хариуд нь Ванчин богд: За тэгвэл тэр ноён аваад явжээ. Одоо эрж хайгаад хэрэггүй хожим сураг гарнаа гэжээ.Гурван жилийн дараа Болд ван хатнаа дагуулаад Ванчин богдынд очихоор явах болоход /заншил ёсоор/ тэр үеийн өөлдийн нэг их эрдэмт ламтэр хоёрт” За та хоёр Ванчин богдоос арван шүтээнийг нь залж авчраарай” гээд нэгэн алтан тэвнэ таринaдаж өгөөд: Энэ тэвнэ тэр бурхад шүтээнийг танихад чинь хэрэг болно гэж өгчээ.

Ванчин богдынхон Болд ванг хатных нь хамт хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Ванчин богд дүү хүүхэн Болд ван хоёрт хандаж за та хоёр надаас юу хүсэх вэ? гэжээ. Хариуд нь тэр хоёр арван шүтээнийг нь гуйжээ. Хариуд нь за тэгвэл таниад ав гэжээ. Ингээд маш ижил олон тооны зандан бурхан байгаа сүмд оруулжээ. Болд ван ламын өгсөн алтан тэвнийг барьж ороод бурхадын өмнүүр явахдаа хатгаад явжээ. Ингээд хөдлөсөн арван бурханыг авч залж иржээ.

Өөлдүүд хар хятадтай дайтаж явахдаа арван шүтээнээ авч явжээ.Тэгээд хүний олонд хүчин мөхөсдөөд эргэж явахдаа Архангайн Өлзийтэд нэг хэсэг нь үлдэж, бусад нь цаашаа явж Говь-Алтайн Шаргад зарим нь хоцорч, үлдсэн хэсэг нь Ховдод иржээ. Энэ үед Өөлдийн ноён ах дүү Дамбий гүн Дагдан бэйс гэж байсны дүү Дагдан бэйсийнхэн Архангайд үлдэж /арван сахиусын хамт/ ах Дамбий гүнийхэн Ховдод ирж нутагшжээ. Хэдэн жилийн дараа Дамбий гүн дүүдээ элч илгээж арван шүтээний ахмад тавыг нь ахдаа өг гэжээ. Тэр ч зөвшөөрчээ. Ингээд Дамбий гүнийхэн ирж бурхадаа авахаар урьд өдөр нь даатгал хийж ном уншжээ. Өглөө нь Лхам, Гомбо, Чойжоо, Намсрай, Жигжид таван бурхан баруун тийш харсан байсныг Дагдан бэйсийнхэн сэм Жигжид бурханыг өөрийн тал руу харуулаад тавьжээ. Ингээд л дөрвөн бурханаа авч явсан хэрэг. Тэр үед Ховдод байсан Барь-хамба өөрийн Жигжид бурхнаа өгч таван шүтээн бүрэн болсон гэнэ лээ.

Өөлдийн таван шүтээн нь нэг үе Шар сүмд залагдаж байгаадодоогийн Ховд сумын нутаг Хорчингийнхойд хөвөөн дээр /Эвдэрхийн урьд/ байдаг дуганд байжээ. Тэр дуган нь том модон гэр дотор нь хивсэн бүрээстэй гэр байсан юм. Тэр маш гоё хивсэн бүрээсний зургийг Хайнзан гэдэг лам зургийг нь гаргаад Лхамсүрэн залан Үрэмчид захиалж хийлгээд авчирсан юм. Тэр хивсийг нь Үрэмчээс манай аав Цэгмид нарын хэдэн хүн авчирсан билээ.

Таван шүтээнийг Шагдаржавын Чулуун гэдэг хүн хурааж аваад /1937-38 оны үед/ тэр хүнээр дамжин Улаанбаатар хотод ирсэн. Гандан хийдэд хурал ном сэргэхэд Эрдэнэпил хамба тэр таван шүтээнийг үзээд /музейд юмуу байсан/ авъя гэсэн. Тэгээд тусгай зөвшөөрөл авч Гандангаас Галосарид, Галсан гэдэг хоёр лам явж авчирсан. Тэр үед таван шүтээний

1.Чойжоон дорх бух байхгүй

2.Намсрайн дүг байхгүй байсныг хүрэн зандангаар нөхөж хийлгээд залсан байна.

Уг нь энэ таван шүтээн нь Ховдын Ганданпунцагчойлон хийдэд байвал зохилтой

Дашрамд дурьдахад Ш.Адьшаа нарын бүтээсэн“Ганданпунцагчойлон хийд” номонд \Хийд орон барьж байгуулах буяны үйлс бүгд учир зүйн шалтгаантай агаад газар усыг шинжиж, буянт газар шав тавих нь бурханы шашины олон зуун жилийн үйл заншлын нэг билээ. Түгээмэл амаржуулагч хийдийн их лам, зуу нас барагласан өөлдийн гүн хүндэт буянтан Ц.Лувсан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гавжтан Д.Цэрмаа, бага унзад Ц.Жамбалдорж нар анх хийдийн газрыг шавыг тавих үйлнээ оролцсон юм” хэмээжээ. Ийм л буян ном төгс нэгнийг өнөөдөр би дурсан бичиглэн үлдээсү.

МЗЭ-ийн шагналт зохиолч Их гулзат Дагвын Жүгдэрбарам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ