Ш.Ганхуяг: Энэ жил дахин төлөвлөлтөөр 1500 айлын орон сууц ашиглалтад орно

Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягтай ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцыг таван хувийн зээлээр олгоно гэж Засгийн газар мэдэгдлээ. Тэгэхээряг өнөөдөр хэдэн орон сууц эзнээ хүлээж байна?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 24 байршлыг орон сууцжуулахаар төлөвлөсөн. Газрынхаа хэмжээгээр 1506 га, хашааныхаа хэмжээгээр 16 га орчим нэгж талбай. Энэ талбар газраа 75 хэсэгчилсэн талбайд хувааж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1500 орчим газрыг чөлөөлсөн маань төслийн амин сүнс байлаа. Учир нь, тэр газарт дахин яндан утаа хаяхгүй, хөрс бохирдохгүй. Нөгөөтэйгүүр, нэг айлын хашаанд 2-3 айл байдаг гэж үзвэл 4000 айлыг газрыг төр хувийн хэвшил, иргэн нийлэн орон сууц барьсан нь маш том дэвшил. Хашааныхаа хэмжээнээс шалтгаалж 1-3байраар гэрээлсэн айл ямар ч гэсэн эхний байрандаа орчихсон.тэд гэж нарийн хэлэх боломжгүй.

-Яагаад. Дахин төлөвлөлтийн хүрээнд хэдэн орон сууц сул байгаа тоонд үндэслэж зээл олгох шийд төв банк гаргасан байж таараа?

-Монголбанк, ХАХНХ-ын сайдын тушаалаар Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт баригдсан орон сууцанд таван хувийн зээл олгоно гэж заасан. Харин гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууц ньэнэ хүнд үед бартерын харилцаан дээр боссон гэхэд буруудахгүй байх. Барилгын компани гэрээнийхээ дагуу гэрээлсэн айлдаа өгч байна. Засал, арматур хийсэн компаниуддаа өгсөн. Мөн нийслэлээс төрийн албан хаагчдыг орон сууцжуулах журмын хүрээнд 93 хүнд байр өгсөн. Янз бүрийн тоо гараад байгаа юм.

-Тэгвэл зээл олгох болсон талаарх мэдээллийг барилгын компаниуд хэр нааштай хүлээж авсан бол. Төр эрэлтийг дэмжсэнээр гүйцэтгэгчдэд итгэл найдвар өглөө шүү дээ?

-Тийм. Итгэл үнэмшил нь илүү өөдрөг болно гэдэг ч юм уу. Ний нуугүй хэлэхэд, шинэ сууршлын бүсэд байр барих амархан. Хэн нэгэнтэй газрыг нь авах гэж зөвшилцөхгүй, захирамж гаргаад газраа аваад дэд бүтэц татчихна. Харин гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хариуцсан компани иргэнтэй зөвшилцөж байж ажлаа эхэлдэг.Үүгээрээ л ялгаатай. Зарим газар дээр нь төсөл хэрэгжүүлэгч нь тодроод ажлаа эхлээд оршин суугчдаа оруулчихсан бол нөгөө хэсэг дээр ньгазраа чөлөөлөхгүй эсвэл хэрэгжүүлэгч нь шалгараагүй байх жишээний. Нөгөөтэйгүүр, барилгын салбар олон зүйлээс хамааралтай учраас мөнгө санхүүгээс болж зогссон нь ч бий. Гэхдээ компаниуд иргэнээ зориг гаргаж энэ ажлыг эхлүүлээгүй бол өнөөдөр олон айл тохилог орон сууцанд амьдрахгүй байсан. Нийслэл дангаараа төсвийг нь даахгүй, төсөл ч хэрэгжиж чадахгүй байсан.

- Өнгөц харахад гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг дэмжсэн мэт боловч нөгөө талаараа барилгын салбарыг сэвх хийтэл өргөх том дэмжлэг юм уу гэж би хараад байгаа юм. Та санал нийлэх үү?

-Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдсан хэд, хэдэн газар эзэнгүй байгаа. Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийг дагаад журам гарч ирэх юм. Тэгэхээр дахинзарлана. Жишээ нь, Багануурт өнгөрсөн хугацаанд нэг ч барилгын компани ажиллая гэж саналаа өгөөгүй. Гэтэл зарим газарт нь иргэдтэй нь тохирч чадахгүй байна гээд саатсан ч байна. Гол нь, Засгийн газрын шийдвэр чиний хэлдгээр хөшүүрэг л болж өглөө. Баяртай байна. Ний нуугүй хэлэхэд, барилгын компаниуд одоо амарч эхэлж байна. Энийгээ дуусгачихсан, одоо харзная гээд. Өнөөдөр барилгын зах зээлд 30000 байр зарагдаагүй гэх тоо гарах ч 17000 ч гэх юм. Тиймээс компаниуд хаширлаад туршлагажиж байна гэх үү дээ.

-Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд газраа байраар сольсон иргэд орон сууцандаа орлоо л гэдэг. Харин яг нарийн тоо мэддэггүй?

-2013 онд эхэлсэн ажил маань 2014 онд 168 айлыг орон сууцанд оруулсан. 2015 онд нийтдээ 1556 айл байрандаа орсон байна. Энэ жил газраа чөлөөлж өгсөн 1500 айлын асуудлыг шийднэ. Барилгуудаа нэмж ашиглалтад оруулна. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн учраас компаниудад учрах эрсдэл гарахгүй. Ер нь, их л өөдрөгөөр харж байгаа шүү дээ.

-Гэхдээ таван хувийн зээл сонгуулийн л шоуны нэг хэсэг. Дөрвөн сарын дараа яаж ч мэднэ гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-Төв банк улсын төсөв санхүүг зохицуулдаг байгууллага. Тэгэхээр тооцоо судалгаагаагүй ажил эхлүүлнэ гэж байхгүй байх. Миний хувьд тэгнэ, ингэнэ хэлж мэдэхгүй. Ганц зүйл нь банкны зээлүүдээс хамгийн их найдвартай төлөгдөж байгаа нь орон сууцны зээл. Хүний амьдрал юм чинь хүн байраа алдахыг хүсэхгүй. Яаж ийж байгаад л зээлээ төлж байна. Их хурлын дарга Монгол Улсын инфляцын төвшин дан оронтой тоонд орсон учраас таван хувийн зээл олгож байгаа гэж тайлбарлаж байсан. Надад юу нь сайхан байна гэхээр компани, иргэний эрэлт, хэрэгцээ нийлэх нь. Явж, явж энэ л чухал шүү дээ.

-Зарим эдийн засагч таван хувийн зээл олгохоор энэ хямралтай үед арилжааны банкууд дийлэхгүй. Банкуудыг хямрал руу түлхэж байна гэж яриад байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Монголбанк улсын мөнгө, санхүүг зохицуулж байна. Энэ хүмүүс гаргасан.Тооцоо судалгаатай л байлгүй дээ.

-Тэгэхээр хэзээнээс дахин төлөвлөлийн хүрээнд баригдсан орон сууцнууд зах зээлд зарагдаж элэх юм бол?

-Хуулиараа 70 хувиас дээш баригдвал барилгын компани захиалга авах журамтай. Тэгэхээр зээл олгох үүрэг хүлээж буй арилжааны банкууд энэ талаар илүү мэдээлэл өгөх байх аа.

О.Сод

СЭТГЭГДЭЛ БИЧИХ