Обама Кубад түүхэн айлчлал хийж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр өдрийн айлчлал хийхээр гуравдугаар сарын 20-ны ням гарагт Кубад ирэв.
Обама ирмэгцээ Гавана хот дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудтай уулзсаныг Ройтерс агентлаг уламжилжээ.“Энэ нь түүхэн айлчлал, түүхэн боломж юм” гэж тэр мэдэгдсэн байна. Миний айлчлал Кубатай шинэ харилцаа тогтоох “зөвхөн эхний алхам” гэж америкийн удирдагч бас тэмдэглэжээ.
Дараа нь Обама гэргий Мишель, охин Малия, Саша нарын хамт хотын түүхэн төв болох Хуучин Гавана хотоор зугаалсан байна.Энэ үед бороо орж байжээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намын цөөнхийн удирдагч Нэнси Пелосио, сенатч Патрик Лихи, Дик Дурбин, Жефф Флейк нар дагалдан явж байна.
Обама Кубийн төрийн тэргүүн Рауль Кастротай уулзах юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч кубийн хувьсгалын удирдагч Фидель Кастротай уулзахаар төлөвлөгөөгүй байна. Түүнчилэн америкийн төрийн тэргүүн улс төрийн тэрс үзэлтнүүдтэй уулзаж, Эрх чөлөөний аралд хүний эрхийг хэрхэн сахиж байгаа асуудал хэлэлцэх ажээ.
Обама Кубатай харилцаагаа сайжируулах тухай 2014 оны 12 дугаар сарын 17-нд зарласан билээ. Хоёр орон 2015 оны долоодугаар сарын 20-нд Вашингтон, Гавана хотод элчин сайдын яамаа нээсэн юм.
Түрүүнд нь хориг арга хэмжээнээс болоод үйлчилж байсан хязгаарлалтыг сулруулах үүднээс Кубатай худалдаа хийх шинэ журмыг АНУ өнгөрсөн оны намар боловсруулж эхлэсэн байна. 1959 оны кубийн хувьсгалын дараа АНУ Кубийн эсрэг худалдааны хориг арга хэмжээ авч, харин 1961 онд тус улсаас дипломат харилцаагаа тасласан юм.
Тийнхүү Обама сүүлийн 88 жилд Кубад айлчилж байгаа АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Калвин Кулиж (1923 оны наймдугаар сараас 1929 оны гуравдугаар сард төрийн тэргүүний алба хашиж байсан юм) 1928 онд Эрх чөлөөний аралд зочилжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ