“ИУ” бүлэглэл халдлага үйлдэхээр 400 гаруй террорист бэлтгэжээ

Олон улсын террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэл Европт халдлага үйлдэхээр 400-600 террорист бэлтгэжээ. Ассошиэйтед пресс агентлаг эх сурвалжийн хэлснийг иш татан лхагва гарагт ингэж мэдээлсэн байна.
Тэдний хэлснээс үзвэл,террористуудыг Ирак, Сирийн нутаг дахь хуаранд бэлтгэдэг ажээ.Террористуудыг тухайлбал, тэсэлж дэлбэлэх, мөрдөн тагнах ажилд сургадгийг тэмдэглэж байна.
Террористууд бүлгүүдэд хуваагдсаныг тагнуулын албаны эх сурвалж тэмдэглэжээ.Парист хэд хэдэн халдлага үйлдсэн бүлгийн террористууд одоо Герман, Их Британи, Итали, Дани, Швед улсад таран байрлаад байна. Бас нэг хэсэг террорист Туркээс иржээ.
Хамгийн сүүлд Брюссель хотын Завентемийннисэх буудал, метроны “Маальбек” станцад террорын ажиллагаа үйлдсэн билээ. Сүүлчийн мэдээгээр, дэлбэрэлтийн улмаас 32 хүн амь үрэгдэж, бас 300 орчим хүн шархадсан байна.
Нисэх буудалд амиа золиослогчийн нэг нь 30 настай Ибрагим эль-Бакрауи гэгч байсан тодорхой болжээ.Брюсселийн захын хороололд хогийн савнаас олдсон түүний компьютераас цагдаа нар түүний бичсэн гэрээслэлийг олсон байна. Энэ талаар “Телеграф” сонинд мэдээлжээ. “Би яахаа мэдэхээ болилоо. Би байнга л нуугдаж, намайг газар сайгүй эрж байна. Хэрвээ би бууж өгвөл, шоронд орно” гэж тэр бичжээ.
Одоо бельгийн хүчний байгууллагынхан нисэх буудалд тэсрэх төхөөрөг бүхий цүнх үлдээгээд, алга болсон нөгөө нэг хамсаатныг эрэн сурвалжилж байна. Тэр хэн болохыг хараахан тогтоогоогүй байна.
Гуравдугаар сарын 19-нд бельгийн прокурор Парист үйлдсэн террорын ажиллагаанд холбогдолтой бөгөөд хэт даврагч үзэлт байгууллагын үйл ажиллагаанд оролцдог Салах Абделслам гэгчийг сэжигтнээр татжээ. Брюсселийн Моленбек дүүрэгт тусгай ажиллагаа явуулах үеэр түүнийг саатуулсан байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 14-нд шилжих шөнө Францын нийслэлд хэд хэдэн удаа террорын ажиллагаа үйлдсэний уршигаар 130 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн шархадсан билээ. Эдгээр халдлагыг үйлдсэн гэдгээ ИУ бүлэглэл хүлээсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ