Обамад аюултай хор бүхий захидал иржээ

Маш аюултай рицин гэдэг хор бүхий ээлжит захидал АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нэр дээр ирсэн байна. Америкийн төрийн тэргүүнд ирсэн захидлын агуулга нь Нью-Йорк хотын дарга Майкл Блумбергт ирүүлсэн захидалд бичсэн сүрдүүлэгтэй адилхан байжээ.
Рицин гэдэг хор бүхий энэ хоёр захидал Луизиана муж улсаас иржээ. Захидалд галт зэвсгийн эргэлтэд хяналт тавих асуудлаар баримталж буй байр суурьтай нь холбогдуулан тэднийг сүрдүүлсэн байна. Обамад ирүүлсэн нэг, Блумбергт ирсэн хоёр, нийт гурван захидлыг цагаагийн байгууллагын мэдээлснээр, америкийн Шривпорт гэдэг жижигхэн хотоос тавдугаар сарын 20-нд явуулжээ.
Захидлын дугтуйн дээр хурууны хээ үлдсэн эсэхийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгааг хэвлэлд дурдаж байна.
Блумберг зэвсэг чөлөөтэй авч явахыг хамгийн шийдвэртэй эсэргүүцэгчдийн нэг юм. Тэр зэвсгийн хууль тогтоомжийг чангатгахыг эрх баригчдад нэг бус удаа уриалж байжээ. АНУ-ын ерөнхийлөгч галт зэвсгийн хяналтыг чангатгахыг бас зорьж байдаг юм.
Дугтуйнуудад чухамхүү рицин гэдэг хор байсныг лабораторийн шинжилгээний дүн нотложээ. Рицин нь ургамлын гаралтай хор юм. Захидлыг нэг л хүн явуулжээ гэж цагдаагийн байгууллага үзэж байна. Холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгах ажилд хавсран оролцож байна.
Тун саяхан АНУ-д мөн иймэрхүү хэрэг явдал болсон юм. Дөрөвдүгээр сарын дундуур Обама, АНУ-ын конгрессын гишүүн Рожерс Уикер, түүнчлэн Миссисипи муж улсын нэг шүүгчид мөн ийм захидал иржээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр эрх баригчид 41 настай Эверетт Датчка гэдэг хүнийг эдгээр захидлыг явуулсан хэмээн сэжиглэн, яллагдагчаар татсан байна. Түүнд бүх насаар нь хорих ял оноож болох ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ