Даяаршлын үеийн даяаршсан гэмт хэрэг

Цахим юм бүхэн авсаархан, гарын дор, цаг хугацаа, орон зайг туулах замыг хэд дахин хэмнэж нугалдаг гэсэн санааг өөртөө агуулж байдаг билээ. Гэвч энэ авсаархан ертөнц даяаршлын өнөө үед үндэстэн дамнасан цахим гэмт хэргийн нөхцлийг бүрдүүлэх болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд манай иргэд онлайн дэлгүүр болон бусад үйлчилгээний нэрийн дор тэрхүү даяаршиж буй хохирогчдын тоог нэмэлцэх болжээ.
Хохирогчид харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг бөгөөд тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогчид болдог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гадаад харилцагчаасаа бараа бүтээгдэхүүнүүдээ авахаар харилцдаг. Ингэхдээ дийлэнх тохиолдолд и-мэйл хаяг, мессежээр харилцдаг аж. Энэ тохиолдолд гэмт этгээдүүд тухайн гадаад улсын харилцагчийн и-мэйл хаягийнх нь үсэг болон тоог нь солих гэх мэтээр үл анзаарагдам байдлаар өөрчилж монголоос харилцаж байгаа хүн рүү и-мэйл бичин өөрсдийнхөө хуурамч хаягийг өгдөг байна. Улмаар тухайн хаяг руу манай иргэд, ААН компанийн ажилчид мөнгө шилжүүлэн хохирдог.
Мөн гуравдагч орнуудаас болон олон улсын байгууллагуудаас манай иргэдэд хаягласан гэх илгээмж зарим улс оронд дипломат шуудангаар ирж саатсан тул гаалийн торгууль, илгээмжинд терроризмын аюулгүйг тогтоох, дүн шинжилгээний төлбөр нэхэмжлэх, тухайн иргэдийн танил хүмүүсийн нэрийн өмнөөс холбоо барих, хүнд байдалд орсон тул санхүүгийн тусламж ирүүлэхийг хүсэх зэргээр хувь хүний нэр дээр дамжуулан яаралтай мөнгө шилжүүлэхийг шаардах луйвар, залилангийн тохиолдлууд их гарч байна. Иймд гадаадын үл таних хүмүүстэй чат, и-мэйлээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм. Мөн дарамт, шахалт, сүрдүүлгээр төлбөрийн баримт, баталгаагүй амлалтад хууртан өөрийн мөнгийг гадаадын хүнд шилжүүлж, цахим гэмт хэргийн золиос болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсахаас сэргийлж онлайн дэлгүүр, зар сурталчилгаа болон бусад хуурамч хаягны цаана байгаа аливаа этгээдтэй харилцахдаа хянуур болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Цахим ертөнцөөр аялахдаа ямар нэгэн хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, сургалтын хөтөлбөр болон бусад хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа үйлчилгээг авахдаа зайлшгүй магадлан шалгаж байх нь чухал. Түүнчлэн банкаар гүйлгээ хийхдээ тухайн дансны харилцагч нь мөн эсэх, тухайн үйлчилгээг санал болгож байгаа байгууллага нь үнэхээр тэр үйлчилгээг хууль эрх зүйн хүрээнд явуулж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Эс бөгөөс хөнгөмсгөөр найдаад нэр, хаяг, дурдсан дансанд нь мөнгө шилжүүлснээр үндэстэн дамнасан цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Үүнтэй холбоотой дараах зөвлөмжийг хүргэе.
1. Таны гадаад түнш Bill-с ээлжит нэг шуудан ирлээ, Билл нь bill @microsoft.com гэсэн албан ёсны хаягтай байсан байж. Танд яг тэр хаягнаас л и-мэйл ирэх болно. Үүнийг үнэн худлыг мэдэхийн тулд REPLY буюу хариу бичих товчыг дарахад нөгөө bill @microsoft.com гэсэн хаяг чинь танд bill @yahoo.com юм уу өөр бусад байдлаар бодит хаягийн ард нуун илгээсэн гэмт этгээдийн хаяг харагдах болно, үүнийг анзаарах,
2. Хэрэв та бараа материалын мөнгөө гадаад улс руу шилжүүлсэн боловч ямар нэг хариу ирээгүй юм уу эсвэл бараа очиж байна гэсэн хариу авсан ч бараа нь ямар нэг байдлаар саатаад байгаа бол та гадаад түнштэйгээ шууд утсаар ярьж мэдээллийг баталгаажуулж болох юм, учир нь гэмт этгээд та хоёрын дунд орчихсон хэн хэнийг нь тайвшруулаад байж болох талтай.
Эцэст нь дан гадаад улс орны гэлтгүй дотоодын залилагч этгээдээс сэрэмжлэх үүднээс аливаа эргэлзээтэй асуудлын талаар цагдаагийн байгууллагад урьдчилан хандаж шалгуулж болно.
Цахим гэмт хэргийн анхны тохиолдол манай улсад 2012 долдугаар сарын 02-нд бүртгэгдсэн байна. Тэгвэл 2016 он гарснаас хойш таван хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ