Ц.Элбэгдорж:Төрд орох гэж байгаа бол хулгай л битгий хийгээрэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 24-ний өдөр “Ерөнхийлөгчтэй хийх уулзалт III” буюу TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн тусгай дугаарт оролцон нийгмийн идэвхтэй залуус, сошиал медиа ертөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Уг нэвтрүүлгийг гуравдугаар сарын 26, 27-ны өдөр TV5 телевизээр дамжуулсан юм.

Төр өөрт байгаа муу юмаа шахаж гаргадаг хуультай, механизмтай болох хэрэгтэй

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Залуучуудын байгууллага, жиргээчид, фейсбүүк хэрэглэгчдийн зүгээс уулзах санал их гардаг. Би та бүхэнтэй адилхануригдаж оролцож байгаа. Энэ 2016 он гараад хоёр уулзалт хийсэн.

Эхний уулзалт нь Төвийг сахихтай холбоотой асуудлаар тоймч, судлаачидтай хийсэн уулзалт Eagle телевизээр гарсан. Дараагийнх нь АСЕМ-тай холбоотой асуудлаар хийсэн уулзалтыг Монгол HD телевиз шууд дамжуулсан. Бидний өнөөдрийн энэ уулзалтыг TV5 телевиз дамжуулна. Бас твиттер, фейсбүүкээр чшууд дамжуулж байгаа. TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” гэсэн сэдэвт нэвтрүүлэг байдаг. Бидний уулзалт бас энэ сэдэв рүү чиглэж байгаа. Гэхдээ та бүхний сонирхсон асуултыг аль нэг сэдвийн дор хязгаарлахгүй.

Өчигдөр орой би фейсбүүк, твиттер дээрээ энэ тухай бичсэнээс хойш маш олон асуулт ирсэн. О.Чулуунбилэг зөвлөх рүү бас олон асуулт ирсэн байна.

Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ? гэсэн асуултад хариулахаас өнөөдрийн яриагаа эхэлбэл яасан юм бэ гэж бодож байна. Саяхан УИХ-аас Монголын хөгжлийн бодлого, зорилтын тухай, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль баталсан. Бид ийм олон хууль, хөтөлбөр баталсан. Ерөөсөө хэрэгждэггүй, хүмүүс ч мэддэггүй. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн, өрсөлдөх чадвар, ДНБ-ний өсөлт, өр зээл, боловсролын түвшин, авлигын асуудал гэх мэт хэмжүүртэй байх ёстой.

Сонгуульд оролцох намууд энэ хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх талаараа хөтөлбөртөө тусгах хэрэгтэй. Аль нэг нь олонхи болоод, эсвэл нийлээд засаг байгууллаа гэхэд энэ хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заавал тусдаг байг. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд түүнийг асуудаг, шалгадаг байя. Ингэхгүй бол хэрэгжихгүй. Ийм л шаардлагыг тавьсан. Нэгэнт хуультай болсон. Одоо сайжруулахаа сайжруулаад, хэрэгжихгүй муу зүйлээ янзлаад явахад болох болов уу.

Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ. Нэгдүгээрт, миний бодож байгаагаар монгол хүнийг чадавхижуулахад анхаарах ёстой. Монголын төрийг хариуцлагатай болгоход онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Бүтээлч хувь хүн, хамт олонд боломж олгох ёстой. Ийм гурван ерөнхий байдлаар хэлж болно. Сонгуулийн улирал эхэлж байгаа учраас монгол хүнийг чадавхижуулах гэдгийн цаана би боловсролыг оруулж байгаа.

Монгол хүний чадавхи, идэвх санаачлагатай холбоотой асуудлыг оруулж байгаа. Улс төрийн эрх, санхүүгийн эрх, оролцооны асуудал гэж байна. Би хоёр зүйл шаардах хэрэгтэй гэж бодож байгаа. Иргэд эрхээ шаардах хэрэгтэй. Бидний улс төрийн эрх улс төрийн намаар дамжаад, хэдэн нэр дэвшсэн хүмүүсээрхязгаарлагдаад байна. Энэ улс төрийн эрхийг өргөн утгаар нь хэрэгжүүлье гэсэн чиглэлд шаардлага тавья. Олсон ололт байгаа бол түүнийг баталгаажуулаад, шинэ зүйлийг шаардаад явах нь зөв гэж боддог.

Жишээлбэл, орон нутгийн хөгжлийн сангаас эхлээд бид санаачилж, оруулж баталсан. Тухайн суманд ямар гэрэл тавихыг Улаанбаатараас шийддэг биш, орон нутагтаа шийддэг байя. Мөнгө өгье гэсэн. Энэ ажил хийгдээд явж байгаа. Үүнийг цааш явуулах хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхэд иргэдтэйгээ зөвлөж ярилцаж, тэдний оролцоог заавал авч шийддэг энэ хэлбэр рүү явах ёстой.

Сонсголын хууль гэж маш хэрэгтэйхууль гарсан. Энэ хуулийг бүх газар амилуулаасай гэж хүсч байгаа. Байгаль орчны асуудал байгаа бол эрх барьж байгаа улсуудаас шууд асуу. Төсөв, томилгооны асуудал, бүх зүйл тэнд байгаа. Иргэн, төр хоёр хоорондоо холбогдож асуудлаа шийдэх боломжийг энэ хуулиар нээж өгсөн.

Хоёр дахь нь, төрийг хариуцлагатай болгох асуудал. Төрийг хариуцлагатай болгох нь мөнгө зарахгүйгээр хийх ажил юм. Хариуцлагын тухай хууль батлахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. Улс төрийн намын тухай шинэ хууль батлахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. УИХ-ын гишүүд, хууль баталдаг хүмүүсийн олонхи нь энэ хуулиас зугтаад байгаа нь ойлгомжгүй юм. Сонгуулийн үеэр баахан хариуцлага, шударга ёсны асуудал тавиад, хулгайч, зэлгийч, янз бүрийн хүмүүсээсээ сална гэж ярьдаг. Эргээд сонгогдоод л мартдаг. Эргээд тэдэнтэйгээ бөөрөө нийлүүлээд явдаг. Үүнийгээ л зогсоомоор байгаа юм.

Төр өөрт байгаа муу юмаа шахаад гаргадаг хуультай, механизмтай болох хэрэгтэй. Би үүн дээр хатуу байр суурьтай байдаг. Энэ хуулийг УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт батлуулахын төлөө явна. Энэ хуулийг өргөн бариаджил дөрвөн сар болох гэж байна. Төрийг хариуцлагатай болгоё гэдгийг манай иргэд хүсэх хэрэгтэй байгаа юм.

Хэрэв иргэд, олон нийт шаардахгүй бол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг гартаа барьж байгаа та бүхэн шаардахгүй бол наадуул чинь хийхгүй. Иргэд, та бүхэн шаардаад, байх суух газаргүй болгоод, очсон газар бүхэн хариуцлагын хуулийг нэхдэг байх юм бол хийнэ. Иргэдийн уур амьсгал, салхийг л дагана.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүртэл тэр хүмүүст яаж хариуцлага тооцох вэ. Манайд ёс суртахүүны хариуцлага гээд ярихаар ойлгож байгаа хүн байхгүй. Өөр оронд нэг сайд маш жижиг алдаа гаргахад л уучлал гуйгаад огцордог, Монголд яагаад болдоггүй юм бэ. Үүнийг бид хуулиндаа тусгаж, иргэд нь шаардаж хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Улс төрийн хариуцлага байна.

Улс төрийн хариуцлагаа хүлээгээд “Улс төрд би байх нь улс оронд хохиролтой байна. Монголын хуулийг тэгш хэрэгжүүлэхэд би аюул учруулж байна. Би хувийн эрх ашигтаа л анхаарч байгаа болохоос бус нийтийн эрх ашигт анхаарахгүй байна гэж бодож байгаа хүнд бол улс төрийн хариуцлагаа хүлээгээд гарах хаалгыг нь зааж өгч байгаа шүү дээ.

Энэ хоёр хариуцлагаар асуудал шийдэгдэж байгаа бол заавал эрүүгийн хариуцлага ярихгүйгээр асуудлыг шийдэж өгч байгаа. Олон улсын жишигт ч тийм зүйл байдаг. Үнэхээр шаардлагатай бол эрүүгийн хариуцлага нь дараа нь шийдэгддэг. Үүнийг иргэд бичихгүй, хүсэхгүй, шаардахгүй, асуухгүй, улстөрчдийн босгож байгаа тоос шорооны хойноос дагаж хошуураад гүйгээд байвал Монголын төр хариуцлагатай болохгүй л гэж бодож байна.

Монголын хөгжлийн философи бол монгол хүн эрхтэй, мэдэлтэй, бололцоотой байх ёстой

Бүтээлч хувь хүн, хамт олон, бүтээлч бизнесийг дэмжие гэдэг санаа байгаа. “Монголын хөгжлийн туйлын зорилго юу юм бэ. Ардчилал, зах зээл юм уу?” гэж хүмүүс асууж байсан. Монголын хөгжлийн туйлын зорилго бол ардчилал, зах зээл биш. Монголын хөгжлийн туйлын зорилго бол монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох ёстой. Бид ардчилал, зах зээлийг гаднаас хуулаад байсан юм байхгүй. Явдаг зарчим, нэршил нь тэгээд явчихсан юм.

Монголчууд өөрийн эрхтэй, уламжлалтай, сонгуультай, ардчилалтай, зах зээлтэй, өмчлөлтэй, хөрөнгөтэй явж ирсэн. Малаа өмчлөх нь хэдэн мянган жилийн өмнөөс, Монгол газар нутгаас эхэлсэн. Хүн нь эрхтэй байдаг нь Монгол газар нутгаас эхтэй юм. Монголчууд мөнх хөх тэнгэрийн дор гэж ярьдаг. Үүнийг би өнөөдрийн утгаар ойлгохдоо хуулийн дор гэж ойлгож байгаа. Хаан нь ч бай, харц нь ч бай, мөнх хөх тэнгэрийн дор ижил байна. Энэ бол хуулийн дор ижил байя гэсэн үг гэж ойлгож байгаа. Ийм уламжлалтай. Бид энэ уламжлалаа сэргээж байгаа юм.

Нөгөө талаар монгол хүн бүр хувь заяандаа эзэн болъё гэж байгаа юм. Би үүн дээр нэг жишээ авч хэлдэг.Монгол Улсын хөгжлийн философи нь юу юм бэ. Ийм асуулт гардаг. Миний хардгаар Монгол Улсын хөгжлийн философи бол бусад улсаас ялгаатай. Манай хоёр хөршөөс ч ялгаатай. Төв нь, эрх мэдэл нь хүчтэй байх юм бол тухайн улс оронд тогтвортой байдал байдаг. Төв нь, эрх мэдэл нь хүчтэй байх юм бол тухайн улс оронд эв зохицолтой, нийгэм хөгжих боломж бүрддэг. Энэ бол том улсуудад байдаг хөгжлийн философи байх. Би үүнтэй санаа нэг байна. Бидэнд бусад улс орон ямар замаар хөгжихийг мааньзаах шаардлага байхгүй. Гэхдээ бид өөрийнхөө замыг тодорхойлох эрхтэй.

Миний бодлоор Монголын хөгжлийн философи бол монгол хүн эрхтэй байх ёстой. Монгол хүн мэдэлтэй байх ёстой. Монгол хүн бололцоотой байх ёстой. Төр нь эрх мэдэлтэй, тэнд байгаа Ерөнхийлөгч нь, тэнд байгаа эрх авсан хэдэн хүн, түүнийг тойрсон гэр бүл л эрх мэдэлтэй, боломжтой байдаг биш. Нийт ард иргэдэд, хүн бүрт энэ боломж нээлттэй байх ёстой. Бид гурван саяулаа. Монголчууд эрхтэй, монголчууд боломжтой, монголчууд чадалтай, мэдлэгтэй, монголчууд оролцоотой, монголчууд шат шатныхаа асуудлыг шийдэхэд бүгдээрээ оролцдог. Ийм л байх юм бол энэ бол Монголын хөгжлийн философи гэж би хардаг. Үүгээрээ бид ялгаатай.

Нэг жишээ авч хэлэхэддалайн од гэж амьтан бий. Хуруу гэж хэлдэг нэг хэсгийг нь таслаад хаяхад эргээд ургадаг гэж байгаа юм. Тэгээд амьдраад яваад өгдөг. Аалзны толгойг цавчих юм бол үхдэг. Яагаад гэвэл аалз төвлөсөн нервийн системтэй. Нэг тархи, нэг удирдлагатай. Далайн од бол тийм төвлөсөн нервийн систем байхгүй. Цавчаад хаясан ч явдаг.

Монголын хөгжил монгол хүмүүсийн хүсэл зоригоос хамаардаг байх ёстой

Төр нь муу ажиллаж байгаа, төр нь ажиллаж чадахгүй байсан ч гэсэн Монголын ард түмэн хувь заяагаа шийдээд, ажлаа хийгээд, амьдраад явах боломжтой л байх ёстой. Монголд хэн Ерөнхийлөгч болохоос, аль нам УИХ-д олонхи болохоос Монголын хөгжил хамаардаг биш, Монголын ард түмнээс, Монгол хүмүүсийн хүсэл зоригоос хамаардаг байх ёстой. Ингэх юм бол Монголын хөгжил зөв явна гэж би боддог.

Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж зарим нь асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу, үгүй ч юм уу, би мэдэхгүй. Гэхдээ бид донсолгоотой зам руу орсон. Үнэн. Бид хэцүү зам руугаа орсон шүү. Бид худал хуурмаг замаар яваагүй. Бид үнэн замаар л явж байгаа. Хүний явдаг замаар л явж байгаа.

Энэ таны хүсч байсан ардчилал мөн үү гэж ам асуудаг. Мөн гэж би хэлнэ. Мөн. Монголчууд эрхтэй байна. Өнөөдөр монгол хүн түүхэндээ байгаагүйгээрээ эрхтэй байгаа. Өнөөдөр монгол хүн түүхэндээ байгаагүйгээрээ хийж бүтээх боломтой байгаа. Өнөөдөр монгол хүн түүхэндээ байгаагүйгээрээ төр, засгаа шүүмжлэх боломжтой байгаа. Дургүйцлээ илэрхийлэх боломжтой байгаа. Үүнийг л бий болгоё гэсэн юм.

Ардчиллын мөн чанар бол хүн бүхний дур хүслийг хангахад биш. Харин хүн бүрийн дургүй байх эрхийг хамгаалахад оршдог

Ардчиллын мөн чанар бол хүний хүссэн бүхнийг бүтээхэд биш. Хүн бүхний дур хүслийг хангахад биш. Харин хүн бүрийн дургүй байх эрхийг хамгаалахад оршдог. Таны намайг шүүмжлэх эрхийг хамгаалахад л оршиж байгаа юм. Та хувь заяагаа шийдээд явах ёстой. Ингэж энэ ардчиллын утга учрыг бид ойлгох ёстой юм.

Одоо болтол энэ 26 жил бид бүгдээрээ л будилж явж, суралцаж байгаа. Эдгээрийг би энд хэлье гэж бодсон юм. Манай нийгмийн идэвхтэй залуус энд цугласан учраас нэг талаас ярих биш, бүгдээрээ харилцан ярилцаад явах нь зөв байх.

Өчигдрөөс ирсэн асуултууд энд байна. Та бүхний асуултыг хэн нэгэн цензурдээгүй. Хэн нэгэн харж, болдог, болдоггүй асуулт гээгүй. Ямар л юм асуумаар байна, асууж болно. Жиргээчид 140 тэмдэгтээр бичдэг . Түүндээ багтаасан та нарын асуулт дэлгэц дээр гарч байгаа. Фейсбүүкээр мөн асуулт ирж байгаа. Асуултууд түүгээр усны урсгал шиг явж байгаа. Түүнийг бүгдийг барихад л надад жаахан хүнд байна.

Энд хөтлөгч гээд зогсож байгаа сэтгүүлч алга. Та биднийг холбож байгаа зүйл фейсбүүк болон твиттерээр ирүүлж буй асуултууд л байна. Мөн Та бүхэнд асуулт асуухцаг гаргана. Одоо ирсэн асуултуудаас эхэлье. Эхний асуултад хариулъя.

Би бол Ерөнхийлөгч гэдэг мандаттай Монгол Улсын нэг л иргэн

-Хараад байхад та хуулийн шинэчлэлтийн төлөө тэмцэж байна. Намынхан чинь дэмжихгүй юм. Та ганцаарддаг уу?

-Тийм юм байхгүй. Би бол намаас түдгэлзсэн хүн. Би ард түмний эрхийг төлөөлж байгаа, ард түмнээс сонгогдсон хүн. Би бол Ерөнхийлөгч гэдэг мандаттай Монгол Улсын нэг л иргэн. Үнэхээр би ажлаа ойлгуулж, бусадтай ярьж, хийхийн төлөө явна. Бүх нам, бүх улсуудтай хамтарч ажиллахын төлөө явна. Үүн дээр нэг их ганцаардаад байгаа зүйл байхгүй ээ.

Би Мүүнтэй ямар ч холбоо байхгүй

-Та сонгуульд оролцох гэж Мүүнээс санхүүжилт авсан юм уу? Та үнэхээр Мүүнийг шүтдэг юм уу?

-Би Мүүнийн талаар өмнө нь гарч байсан, сая нийгэмд өрнөсөн хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлыг бүгдийг нь харж байсан. Эхний асуулт бол Мүүн чинь шашин юм уу, юу юм бэ? Та юу гэж боддог вэ гэсэн байна. Би үүнд хариулт өгье. Би Мүүнийг шашин гэдэгт эргэлздэг. Би үүнийг культ гэж ойлгодог. Культ гэдэг бол ерөнхийдөө өөрийгөө шүтүүлэх гаж үзэгдэл шүү дээ. Би бол ингэж л харж байгаа. Би энэ өөрийгөө шүтүүлэх гаж үзэгдэлд дургүй.

Өөрийгөө шүтүүлэх үзэгдэлд гурван гол зүйл байна гэж би харж байгаа. Өөрийнхөө бодлыг цорын ганц үнэн гэж үзэж байгаа. Хоёрт, шүүмжлэлийг тэвчдэггүй. Үнэн төрх нь илчлэгдэхээс байнга айж явдаг. Гуравт, бусдыг урхидах, тархи угаах технологийг эд нар гаргууд хэрэглэдэг. Энэ бол гаж үзэгдэл л гэжбоддог.

-Та яаж яваад Мүүнтэй холбогдсон юм бэ? Та Мүүнийг дагадаг уу?

- Надад олон улсын хурлын урилга ирж байсан. Хурлын нэр нь тухайн цаг үедээ олон улсын хэмжээнд тулгамдаж байсан маш чухал асуудлуудыг хөндсөн байсан. Олон улсын энх тайвныг тогтоох, зэвсэгт мөргөлдөөн, цөмийн зэвсгийг хязгаарлах, шударга ёс тогтоох ч гэдэг юм уу. Оролцогчдын нэр нь дэлхийн, олон улсын хэмжээний өндөр өндөр мэргэжлийн хүмүүсийн нэртэй. Дэлхийн улс төр, бусад салбарын өндөр тушаалын удирдагчдын нэрийг бичсэн, та л тэр хуралд очих ёстой гэсэн урилга ирж байсан. Тэр хуралд би очсон.

Хурал эхний нэг хоёр өдөртөө яг л олон улсын хурал шиг болж байсан. Миний очсон хурал бол бүр НҮБ-ын төв байранд болж байсан. Сүүлийн өдөр нь тэр нэг өвгөн орж ирж байсан. Тэгээд ярьсан зүйл ньхүн татаад, урхидаад байх зүйл байгаагүй. Ийм л юм. Тэр хуралд очсон манай улс төр, бусад салбарын хүмүүсийг ч би энд буруутгаж яримааргүй байна. Тэр индэр дээр очиж байр сууриа илэрхийлье. Монголынхоо нэрийг гаргая гэсэн зорилготой л очиж байсан байх. Түүнээс биш тархи толгой нь эргээд тийшээ давхиж очоод байсан юм бол байгаагүй байх. Олон улсын нэртэйтийм хуралд оролцоод,сонсоод ирэхээр ер нь энэ Мүүн гэдэг чинь юу вэ. Зорилго нь өөр юм байна гэдгийг ойлгосон байх.

Би залуучуудад, хүүхдүүдэд хэлдэг. Муу юмыг муу юм байна гэж мэдэх юм бол мэдэнгүүтээ сал гэдэг. Тийм учраас би Мүүнийг үнэхээр энэ бол муу зүйл байна. Дагаж дэмжээд байх зүйл биш гэдгийг залуус маань ойлгосон гэж бодож байна. Надад ямар ч холбоо байхгүй.

- Та Мүүнээс санхүүждэг юм уу?

-Тиймэрхүү ямар нэг санхүүжилтийн асуудал байхгүй. Сонгуулийн үеэр авсан ямар ч санхүүжилт байхгүй. Санхүүгийн болон үзэл санааны ямар нэгэн холбоо байхгүй. Улсууд зохиох гэж оролддог юм. Та бүхэн тэртэй тэргүй бүгдээрээ мэдээлэлтэй байгаа шүү дээ. Мүүн гэдэг хүн үхсэн. Түүний авгай, хүүхдүүд нь хоорондоо хэрэлдээд, зодолдоод, хоёр гурван тал болоод, тэр сайн, тэр муу гээд бөөн хэрүүл болоод, дагагчид нь хэрүүл болоод явж байгаа.

Болгоомжлох зүйл бол энэ хэрүүл Монголд орж ирж, үүнээс болж монголчууд хоорондоо хагарах хэрэггүй. Үүнээс болж бид нэгнээ ялгаварлах хэрэггүй. Би залуучууддаа хэлмээр байгаа юм. Би Мүүний тухай хийсэн тэр нэвтрүүлгийг үзсэн. Түүн дээр нэг залуу хэлж байна лээ. Би тэр залуутай яг санал нэг байгаа. Айх хэрэггүй. Муу юм гэж бодож байгаа бол гар. Муу юм гэж бодож байгаа бол холд. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая. Монгол Улс иргэнээ хамгаална. Шаардлагатай бол Монгол Улс хуулиараа хамгаална. Бүү ай. Би бүр тэгж уриалъя. Муу юм л гэж бодож байгаа бол тэндээс холд, сал, гар. Асуудал байхгүй.

Бид иргэнээ хамгаална шүү. Бид иргэнийхээ талд зогсоно. Монгол хүний талд зогсоно. Мүүнийг шүтдэг, шүтдэггүй гээд дайраад байгаа юм. Монголчууд өөрийн шүтээнтэй шүү. Монголчуудыг тэгж доромжилж болохгүй. Бид өөрийн эх түүхтэй, өөрийн ихэс дээдэстэй. Бид чинь өөрийн ээж, аавтай. Би өөрийн шүтээнтэй. Би өөрийн эх оронтой. Би өөрийн ард түмэнтэй. Би шүтдэг зүйлтэй хүн.

Өчигдөр нэг хүн ярьж байсан. Та Аяатолла Хомейнитэй гар барьж байсан. Мусульман болсон уу. Ромын Паптай гар барьсан. Католик болчихсон уу гэж асууж байсан. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ?

-Сая зураг харуулаад үүнийг тайлбарлаж өгөөч гэж байна. Энэ зургийн жинхэнэ тайлбар юу вэ гээд нөгөө хүнтэй гар бариад зогсч байгаа зургийг явуулсан байна.

-Би Ерөнхийлөгч байхдаа Мүүнтэй уулзаагүй шүү. Монгол Төрийн тэргүүн болоод би уулзаагүй. Би өмнө нь уулзсан. Өмнө нь Мүүн Монголд ирээд, тэнд хурал цуглаанд уригддаг бүх хүмүүс нь ороод, “Та нэг уулзаж өгөөч. Та л уулзахгүй бол болохгүй нь. Ерөөсөө энэ зорилгоор л ирж байгаа юм байна” гэсэн. Тэгээд уулзаад гар барьсан. Гар барихад тэр хөгшин миний хацар дээр гараа тавиад “Гэрэлтсэн хацартай залуу байна” гэсэн. Тэгэхэд миний дургүй хүрч байсан.

Тэгсэн чинь хөөрхий, алгадуулаад гилжийгээд зогсож байсан гэж тайлбарлаж байгаа юм. Нэг видеоны тасархай, нэг зураг барьж аваад хэнийг ч, юу ч гэж хэлж болно шүү дээ. Одоо энэ 1990 он биш, 25 жилийн өмнөх биш. Та нар бүгдээрээ утсаа бариад зураг аваад сууж байна шүү дээ. Үүнийгээ эвлүүлээд юу ч гэж хэлж болно биз дээ.

Х.Баттулга Мүүний охидын хамтлагийг дэмжлээ гээдбуруутгаж байна. Түүнийг дэмжсэн, зураг нь сэтгүүл дээр гарсан байна гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг буруутгаж яах юм. Тэр төлөөлөлтэй нь уулзаж гар барилаа гээд Мүүнчин болох уу.

Би үүн дээр харин нэг дүгнэлт хийж байгаа. Энэ бол Монголын нийгэм харин чэрүүл байгаагаа л харуулж байгаа юм. Манай нийгэм эрүүлжих тийшээ явж байгаагаа харуулж байгаа юм. Энэ асуудал хөндөгдөж тавигдаж байна. Сайн, муу олон талаас нь ярилцаж байна. Зөв. Маш зөв. Энэ талаар мэдээлэл өгч байгаа, үүнийг ярьж байгаа, ийм яриа өрнүүлж байгаа, шүүмжилж байгаа хүмүүс байгаа нь маш зөв зүйл.

Энэ нь өөрийн толгойтой бай л гэсэн үг. Өөрийн итгэл үнэмшилтэй бай. Монгол соёл, уламжлалдаа л ойрхон бай. Нэг юмыг сонсонгуутаа итгэж дагаж гүйдгээ боль. Юм сонсоод эргэлзэнэ, юм үзээд эргэлзэнэ гэдэг чинь зөв байр суурь шүү.

Миний арга байдаг юм. Нэг юмны тухай сонсоод л гарынхаа ар талыг хараад нэг ийм юм ярьж байгаа юм байна гээд, эргүүлээд харахаар шал өөр юм харагдаж байдаг. Бүр дотор нь задлая гэвэл таван хуруугаа тавьж байгаад ярих хэрэгтэй. Юм заавал хоёр талтай байхгүй, олон талтай. Нэгд би ингэж бодож байна. Хоёрт ингэж бодож байна. Гуравт ингэж бодож байна. Дөрөвт ингэж бодож байна. Дөрөвхөн юм бодоод цаана нь нэг хуруу чинь үлдэж л байгаа бол би гүйцэд бодоогүй л байна. Энэ тухай дахиад бодох хэрэгтэй юм байна. Надад мэдээлэл хэрэгтэй л гэж бодох хэрэгтэй. Ийм хэмжээнд асуудалд ханддаг л бол. Түмэн янзын мэдээлэл орж ирнэ. Түүнийг дагаж салхилаад шуураад байж хэрэггүй. Түүнийг дагаж бие биеэ гутаагаад байх хэрэггүй.

Өнөөдрийн миний нэг зовлон бол Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай, гэрэлд харагдаад байгаад л зовлон байгаа юм. Жирийн иргэн байсан бол ингэхгүй байсан байх. Гэхдээ би нэг юм боддог. Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ? Ц.Элбэгдоржийг гутааж байгаа бол өөр шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг доромжлох нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ? Энэ зүйлүүдийг товчхон ингэж хэлье.

Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз.

Бас энэ шашныг хорих хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэж байна. Би бол өөрийнхөө байр суурийг хэлсэн. Энэ бол культ, энэ бол гаж үзэгдэл гэж хэлсэн. Хамгийн түрүүнд сэтгэлээсээ авч хаях хэрэгтэй. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Монголд ирээд Монголын хуулийг зөрчиж байгаа бол, Монгол Улсын иргэний эрхийг зөрчиж байгаа бол бид Монгол Улсынхаа хуулийн дагуу л тийм зүйлтэй ажиллана. Нэг зүйл хэлье. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз. Зарим нэг асуултыг уншия.

Эхийн цагаан сүүний ард хор, хулгай хоёрыг нууж болохгүй гэдэг

-Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг гадуур байцааж болдоггүй юм уу. УИХ-ын дарга З.Энхболд сая телевизээр таныг болон Ерөнхий сайдыг шүүх, цагдаа, прокурорыг томилдог. Би юу ч мэдэхгүй гэж хэллээ. Энэ бүх зүйлийн ард таныг байдаг гэж хэлж байх шиг байна. Үүнд тайлбар өгнө үү гэсэн байна.

-Манай өвөг дээдэс нэг юмыг цээрлэдэг л дээ. Та нар сонсож байсан байж магадгүй. Эхийн цагаан сүүний ард хор, хулгай хоёрыг нууж болохгүй гэдэг. Ингэж цээрлэдэг байсан юм шүү. Монгол Улсын хуулийн өмнө ямар ч албан тушаалтан, ямар ч эрх мэдэлтэн бүгд тэгш. Бид тэр нийгмийн төлөө явж байгаа. Хүний эрх зөрчигдөж байгаа бол хуулийнхан тайлбар өгөх хэрэгтэй.

Би хуулийнханд хоёрхон шаардлага тавьдаг. Та нар мэдэж байгаа. Нэгдүгээрт, хүн хэлмэгдүүлж болохгүй. Хоёрдугаарт, хууль завшуулж болохгүй. Энэ зааг дундуур явна гэдэг хэцүү.

Одоо бол олон нийт хүчтэй болж байгаа цаг. Манай хууль, хяналтынхны нэг дутагдал бол яг хуучнаараа байгаа. Хуучнаараа ажиллаад л байгаа. Хэчнээн хуулийг нь өөрчлөөд, системийг нь өөрчлөх гээд зүтгээд байхад хуучнаараа байгаа. Олон нийтэд л бодит мэдээлэл өг. Чи олон нийтэд бодит мэдээлэл өгч чадахгүй бол тэр цоорхойг чинь хэн нэгэн ашиглана. Ойлгомжтой. Тийм учраас бодит мэдээллийг цаг тухайд нь, хууль зөрчихгүй олон нийтэд өгдөг л байх хэрэгтэй.

Төр засгийн хувьд софтвэйр буюу толгой нь солигдчихлоо. Харин хардвэйр буюу бие нь солигдоогүй байна

Хүмүүс зурагт үзэх, сонин уншихаа больж байна. Харин гар утаснаасаа бүхий л мэдээллийг олж авдаг болж. Гар утсанд бидний сонирхсон бүх зүйл байдаг болжээ. Төр, засгийн байгууллагын хоцрогдоод, шүүмжлэгдээд байгаа зүйл энэ гэж би боддог. Хүн төрөлхтний хувьд ч мөн адил. Төр засгийн хувьд софтвэйр буюу толгой нь солигдчихлоо. Харин хардвэйр буюу бие нь солигдоогүй байна. Тийм учраас тархиндаа тааруулж биеэ солих хэрэгтэй шүү дээ.

“Ц.Элбэгдорж фэйсбүүк хөтөлж байна. Хэрэггүй зүйл хөтөлж байна” гэж шүүмжилдэг. Би фэйсбүүк хөтөлдөг, үүнийг маш зөв зүйл гэж боддог. Ард иргэд маань мэдээлэлтэй байна, мэдээлэлтэй байх тусмаа мэдлэгтэй болно. Эхлээд будилна, сүүлдээ сайн мууг ялгаж сурна. Орж ирж байгаа бүхэн иргэдэд маань сургамж болно. Энэ эрх чөлөө, боломжийг олгох ёстой.

Нэрээ нууцлаад, хуурамч зураг тавиад, хүмүүст мөнгө төлөөд хүүхэд залуус, ард иргэдийн тархийг угаах үйлдэл хийж буй хүмүүсийг ч бид мэдэж байна. Гэхдээ эдгээр нь цөөхөн байгаа. Сүүлдээ үүнийг муу зүйл гэдгийг мэддэг болно. Хэдэн жилийн дараа үүнийг муу зүйл байсныг ухаарна.

Дээхнэ үед Алтан цөгцний гэх хэрэг гарч, хүслээ хэлбэл биелдэг мэтээр яригддаг байсан. Сүүлд бурхнаар бөөлждөг эмэгтэйн талаар дуулиан дэгдсэн. Эхлээд зарим нь итгэж, бүр зурагтаар ярилцлага нь гарч байсан. Түүнд итгээд тойрч суугаад нэвтрүүлэг хүртэл хийж байсныг та бүхэн харсан шүү дээ. Бүр 1990-ээд оны үед нэг эмэгтэй биенээсээ гал гаргаад байгаа тухай дуулиан дэгдсэн ч шүдэнз зураад гал гаргаад байгаа нь тодорхой болсон.

Энэ бүхэн дундуур бид, дарга, цэрэг, Ерөнхийлөгч, ард иргэд гэлтгүй бүгдээрээ явж суралцсан. Цаашид ч бүгдээрээ суралцъя. Тийм учраас төр засгийнхан жиргээнд нэгдэж, фэйсбүүк хөтөлж, иргэдийнхээ санал бодлыг сонсож байх хэрэгтэй. Хэдийгээр уур хүрч, бухимдал төрмөөр зүйл байдаг ч энэ бидэнд хэрэгтэй.

З.Энхболдын ярианы талаарх асуултад хариулъя. Би үүнийг үзэж амжаагүй. Гэхдээ энэ нь намынхаа гишүүдтэй суугаад, нээлттэйхийсэн яриа биш байх гэж бодож байна. Манай З.Энхболд бол шударга ёсыг эрхэмлэгч нэгэн гэж би боддог. Уулзалтаар намын гишүүд утсаа унтрааж байгаад дотоод асуудлаа ярилцъя гээд санал бодлоо хэлэлцсэн байж магадгүй. Гэтэл энэ уулзалтыг нууцаар бичээд дамжуулсан бол ёс зүйгүй асуудал.

Та улс төрд орсон бол таны эмзэг газрыг үргэлж гишгэлж байх болно гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр бид тухайн мэдээллийг буруутгах биш өөрсдийнхөө үг яриаг хянаж цэгнэх нь зүйтэй.

Бас нэг зүйл хэлье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчдийг томилдог гэж ярьдаг. Тэгээд шүүхээс ял онооход Ерөнхийлөгч ял өгсөн мэтээр ярилцдаг. Энэ бол өмнө байсан зүйл. Одоо шинэ хууль гаргаж, Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж байгуулагдаад, шүүгчид мэргэжлийнхээ ажлыг хийдэг болсон. Тэгээд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг шалгаруулдаг болсон шүү дээ. Харин үүнийг албажуулан зарлиг гаргах эрх л Төрийн тэргүүнд байдаг.

Мэргэжлийн байгууллага нь хянаад, шүүгчдийг шалгаруулан надад албажуулахаар өргөн барьдаг нь намайг шүүхэд нөлөөл гэж байгаа юм биш. Харин шүүхийн бие даасан байдлыг хангахад Ерөнхийлөгч та үүрэгтэй шүү гэж хэлж байгаа гэж би ойлгодог. Гэтэл зарим хүн шүүгчдийг томилоход өөрөө оролцож байгаа л бол нөлөөллөө тогтоох суваг нь болж байна гэж боддог. Энэ бол буруу ойлголт.

Бас Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлага гээд хүмүүс байна. Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг УИХ-д санал болгосноор гишүүд санал хураан томилдог шүү дээ. Хэрэв уг албан тушаалд тэнцэхгүй хүн байвал буцаах эрхтэй. Үүнийг оновчтой механизм гэдгийг Үндсэн хуулийг баталсан хүмүүс харсан гэж би хувьдаа ойлгодог.

Хүмүүсийн өмнө нүүрээ нуун, зөвхөн алга ташуулахын төлөө ажиллах юм бол Ерөнхийлөгч болох хэрэггүй

-Жастин Каплаг өршөөж 30 гаруй тэрбумыг салхинд хийсгэдэг нь танд ямар ашигтай юм бэ? НҮБ-д очих бэлтгэл үү? Үүний тухай ярихаа мартваа Ерөнхийлөгч өө? гэж асуусан байна.

-Жастин Каплагийн хувьд хоёр зүйлийг хэлье. Тэр хоёр хүн бол тухайн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд байгаагүй, хөлсөөр ажилладаг хүмүүс байсан. Хоёрт, энэ бол татварын асуудал. Гуравт, Монголын нэр хүндийн асуудал байна. Гадаадын иргэд Монголын шоронг аймшигтай газар мэтээр ойлгодог. Монголд ирээд хөрөнгө оруулах гэхээр барьж аваад шоронд хориод байдаг юм байна гэж ойлгоно. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчдын дунд Монголын нэр хүнд сансрын хурдаар унаж байсан. Тэдэнд ямар аймшигтай сэтгэгдэл төрж, сөргөөр нөлөөлж байсан гэж бодож байна.

Энэ шийдвэрийг гаргахад надад хэцүү байсан. Би Монгол Улсын төлөө галд орохоос буцахгүй ээ. Би бусад шиг зөвхөн өөрийн нэрээ бодоод гадаадын иргэдийг цааш нь хорих шийдвэрийг гаргасан бол та бүхэнд өнөөдөр эх оронч хэмээн магтуулах байсан. Харин та бүхний өмнө өөрийн нэр төрийг умартаж, Монгол Улсын төлөө энэ шийдвэрийг гаргасан юм. Төлөх ёстой мөнгийг төлүүлэх шийдвэрийг шүүх гаргасан. Энэ асуултыг надаас биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас асуусан нь дээр.

Ерөнхийлөгч хэцүү ажил хийх гэж гарч ирдэг юм. Шүүмжлүүлэх гэж, муу хэлүүлэх гэж гарч ирдэг юм. Үүнээс айж, бултан, хүмүүсийн өмнө нүүрээ нуун, зөвхөн алга ташуулахын төлөө ажиллах юм бол Ерөнхийлөгч болох хэрэггүй. Монголын Ерөнхийлөгч бол зовлонтой, хэцүү ажил шүү. Хоёр хөрш, бүс нутгийн улс орнууд, дэлхийн хэмжээнд ямар харилцаатай байх вэ? Тийм амар ажил биш ээ.

Бид өртэй байсан хүндээ л талархах ёстой

Ардчиллаа аврахын тулд бид чухам юу хийх вэ? Монголын өрийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?

Хуучин тогтолцооны, 1990 оноос өмнөх үед өр улсын нэр дээр бичигдэж байсан. Үүнийг ард иргэд нь төлөх ёстой байсан. Энэ өрийн асуудал өнөөг хүртэл явсаар саяхан шийдэгдлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Засгийн газраа төлөөлөөд ЗХУ болон хуучнаар БНМАУ хоорондын өр зээлийн асуудал бүрэн дууссаныг мэдэгдсэн. Бид ОХУ-ын ард түмэн, удирдлагад талархал илэрхийлэх ёстой гэж боддог. Өрийн асуудлыг шийдсэнийг Монголын ямар нэгэн улстөрч өөрийн хийсэн гавьяа мэтээр ярих ёсгүй. Бид өртэй байсан хүндээ л талархах ёстой. Хэцүү цагт бидэнтэй хамт байсан хойд хөршийнхөө удирдлагад бид талархах нь зүйтэй.

Та бүхэн шинэ өрийн асуудлыг асуусан байх. Өрийг нийтээр нь авч үзвэл 70 орчим хувь нь манай аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, босгосон бонд байдаг. Тэгэхээр бүтцээр нь авч үзвэл манай Засгийн газрын төсвөөс төлөх өр жилээс жилд багасч байгаа. Үүнийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр банкны зээл өндөр байна. Засгийн газраас бонд гаргаад Монголын зах зээл дээрээс мөнгө татахаар нөгөө аж ахуйн нэгж рүү явах гэж байгаа мөнгө нь Засгийн газарт очоод байна.

Тэгэхээр өнөөдөр манай бүх аж ахуйн нэгж, иргэд мөнгөөр дутагдаж байна. Монголд зээлийн хүү 18 хувьтай байгаа. Харин бид гадаадаас 2-5 хувийн хүүтэй зээл авч чадах бол буруу зүйл биш. Гэхдээ бид энэ зээлийн зарцуулалтад анхаарах ёстой. Иргэд үүнийг ихэд анхаарч шүүмжилдэг. Эргэн төлөгдөх юм уу, Засгийн газар өөрөө хариуцах юм уу гэж санаа зовдог. Энэ бол шударга шүүмжлэл.

Гаднаас орж ирж байгаа нэг ам.доллар дээр бид долоон ам.доллар босгох хэрэгтэй. Гэтэл энэ шалгуурыг өндөр байна гэж үзээд гаднаас орж ирж байгаа нэг ам.доллар дээр гурван ам.доллар босгоё гэж явдаг болсон. Үнэндээ 100 сая төгрөгний юм хийх гэж байгаа хүнийг Засгийн газар 30 сая төгрөгөөр дэмжихэд бэлэн байна. Засгийн газрын дэмжих баталгааны бичгийг авч яваад гадаадаас 70 сая төгрөгний хөрөнгө оруулалт аваад ир. Тэгвэл үлдсэн 30 сая төгрөг танд очно. Тэгээд Засгийн газрын 30 сая төгрөгийг буцаан төлнө. Ийм байдлаар явбал оновчтой байгаа юм.

Мөн тэг аравны төдөн хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлүүд үнэхээр байдаг. Ийм зээл авч зөв зүйлдээ зарцуулах хэрэгтэй. Зээлийг зарцуулах тодорхой бизнесийн салбарыг заая. Зээлийг Засгийн газар, албан тушаалтан шалгаруулахгүй. Олон улсын банкинд очоод Техник эдийн засгийн үзүүлэлтээ үзүүлээд, зээл авах хэмжээнд очсон төслийг шалгаруулъя.

Тэгээд уг зээлийг ашиглан Монголдоо хийж бүтээгээд гадаадад экспортод гаргах гэж байгаа бол түрүүлж дэмжинэ гэдэг юм уу, ийм бодлого Монголд хэрэгтэй байгаа. Энэ бодлогыг бид тэр бүр хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн. Энэ асуудлыг УИХ хууль болгоод Засгийн газарт шаардлага тавиад яваач гэж би үргэлж хэлж байгаа нь үнэн.

Эрх чөлөөний нэг сайхан тал бол алдаа хийх боломж юм

-Мөнгө өгвөл юу ч хамаагүй бурж, нийгэмд талцал үймээн дэгдээж байгаа хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулах уу?

-Ер нь би төрийн зохицуулалтын эсрэг байр сууртай байдаг. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбар дахь төрийн оролцоог хязгаарлах бодолтой байдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг бид санаачлан дэвшүүлсэн. Гэтэл уг хуулийг УИХ хэвлэлийн эрх чөлөөг боомилох тухай хууль болгоод батлах гэж байсан учраас би буцаан татаж авсан юм.

Хэвлэл мэдээлэл ийм эрх чөлөөтэй хэвээр байг. Хүмүүс нь ийм эрх чөлөөтэй ярьдаг байг. Энэ орчинд ажиллана гэж албан тушаал хашиж яваа этгээдүүд ийм орчинд амьдарч сураг. Магадгүй бидний дараагийн үе арай дээр байдлаар шийдэж болох юм. Тийм учраас бид эрх чөлөөний талд л зогсоно.

Эрх чөлөөний нэг сайхан тал бол алдаа хийх боломж юм. Хэрэв алдаа хийсэн бол суралцаад цааш явна биз. Энэ нь хөгжил дэвшилд гарах нэгэн гишгүүр болдог.

Төрд орох гэж байгаа бол хулгай л битгий хийгээрэй

-Зарим жиргээчид фотошоп ашиглан улстөрчдийг шүүмжилдэг. Тэднийг хууль хяналтынхан барьж хорьдог нь зөв үү?

-Юу ч ашиглан, хэнийг ч шүүмжилж болно. Иргэд бол худал мэдээлэл тараах эрхтэй гэж боддог. Надтай зарим хүн санал нийлдэггүй. Бодитой мэдээлэл тарааж чадахгүй байгаа бол иргэд худал мэдээлэл тарааж л таарна. Хэл амаа үдүүлчихсэн мэт суугаад байж болохгүй шүү дээ.

Х.Баттулга гишүүнтэй холбоотой асуултууд байна. Та нар ярилцаж болдоггүй юм уу гэх мэт. Түрүүн асуулт уншиж байхад энэ болж буй үйл явдалХ.Баттулга, Ж.Оджаргал нарын зодоон юм биш үүгэсэн асуултч байсан. Ганц гишүүнд ч биш, би бүх хүнд хэлдэг. “За төрд орох гэж байгаа бол хулгай л битгий хийгээрэй” гэж. Өөр олон шаардлага тавьдаггүй. Харин хулгай хийвэл өмнүүр чинь орж хууль хяналтын байгууллагуудын шалгалтаас хамгаалах гэж явахгүй ээ.

Хоёр хүний талаарх асуултууд яваад л байна. Нэг нь улс төрд бизнес хийх гэсэн хүн, нөгөө нь нүүрсний зах зээлд бизнес хийх гэсэн хүн байна. Тэгээд хоорондоо эрх ашиг нь зөрчилдсөн хүмүүс байна. Тэгж яривал хоёулаа нэг аймгийнх шүү. Баянхонгорын хоёр байгаа юм. Тэр хоёрт суугаад ярилц гэж би хэлж л байсан. Энэ төмөр зам, Тавантолгой хөдлөх юм бол Монголын ард түмэнд ашигтай байна шүү дээ.

Төмөр зам, Таван толгойг цагт нь хөдөлгөж чадсан бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3-4 хувь өсөхөөр дүн гарч байсан. Тэнд 600 гаруй аж ахуйн нэгж худалдан авалт, нийлүүлэлт хийх боломжтой байсан. Давхардсан давхардаагүй тоогоор 60 гаруй мянган хүн ажилтай болох боломжтой байсан. Монгол төгрөгийн ханш ингэж салбайтлаа унахгүй байсан. Монголын ард түмний орлого ингэтлээ дордож, халаас нь цоорохгүй байсан юм. Цагт нь ашиглаж чадаагүй, одоо энэ тухай яриад яах юм бэ? Би энэ тухай өмнө нь зөндөө хэлж, ярьж, саналаа оруулж байсан. Улс төрөө хийх нь улс төрөө хий, бизнесээ хийх нь бизнесээ хий л дээ.

Өмнөд хөршийн нэгэн удирдагч надад “Хятадын эдийн засаг сүүлийн арваад жил өсөхөд дэлхий нийтээрээ бараг дагаад баяжлаа даа. Гэтэл манайхтай хамгийн их газар нутгаараа холбогдсон, манай хамгийн чухал түнш маань үүнийг ашиглаж чадсангүй дээ” гэж хэлж байсан. Үнэн үнэн. Одоо бол манай өмнөд хөршийн эдийн засаг долоон хувьд хүрсэн. Өмнө нь 13 хувиар өсч байсан өсөлт долоон хувьд хүрэхэд худалдан авалт буурна. Энд тэнд цогцолбор барина л гэх юм. Зах зээл байхгүй бол ямар хэрэг байх вэ дээ.

Төв Азийн нэгэн уулзалтад оролцоод явж байхад нэг хүн биднийг томоохон ордонд оруулчихаад “Би энэ ордныг бариулсан юм. Зургийг нь би гаргасан. Энэ ордныг барихад би 27 удаа ирж шалгаж байсан. Энэ ордны чийдэнгийн бүрхүүл ньСваровски юм” хэмээн хэлж байсан. Гэтэл өөр нэгэн хүн ирээд надад “Монголд би арваад жилийн өмнө очсон. Зочид буудал хомс байсан. Ядаж үүн шиг зочид буудал бариулаач” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “Манай систем ялгаатай юм. Монголд Ерөнхийлөгч нь зочид буудал барьдаггүй юм. Ард иргэд, аж ахуйн нэгж, компани зочид буудал барьдаг байхгүй юу“ гэж хэлсэн.

Зарим этгээд бизнест нэр хүндээ алдаад ирэхээр улс төрд орж, ард түмний өмч хөрөнгөөс шанагадан авахаар дайрч байна гэж би хардаг юм. Ингэхээ л больчих хэрэгтэй. “Улс төрд орж байгаа л бол та бусдын эрх ашгийн төлөө явах ёстой” гэж би жиргэж байсан. Харин өөрийн эрх ашгийн төлөө явах гэж байгаа бол улс төрөөс ангид олон зам байна.

“Бид эвтэй баймаар байна” гэж байна. Үнэхээр бид эвтэй баймаар байна. Гэхдээ бид хулгай тойрон эвлэрч болохгүй ээ. Луйварчин бол луйварчин хэвээрээ л байдаг. Тиймээс бид нэгнийхээ хулгайг хараад сууж болохгүй.

-Та Цензургүй яриа нэвтрүүлэгт орох уу?

-Би түрүү жил оролцож байхдаа жилийн дараа дахин оролцоно гэж амласан. Урилга нь ирэх байх. Мүүний урилга шиг зүйл болохгүй байлгүй дээ. Зарим урилгад болгоомжтой хандахгүй бол болохоо байсан байна шүү.

-Х.Баттулгад та яг юу гэж хэлдэг юм бэ? Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ?

-Бид хоёр энэ сэдвээр зөндөө ярилцаж байсан. “Төмөр зам барихаар үнэхээр болохгүй, гаднаас элдэв зүйл ороод ирнэ гэж үү?” хэмээн ярилцаж байсан. “Би Тавантолгойг авъя” гэж надад хэлж байсан. “Чи авч чадах юм бол ав. Хамгийн гол нь Тавантолгойд ажиллая гэж байгаа хөрөнгө оруулагч нь орж ирээд өөрсдийн шалгуурт тохирох хүчин чадалтай компанийг сонгоно шүү дээ” гэж би хариулсан.

Тавантолгой бол миний ч юм биш, Монголын ард түмнийх. Засгийн газар шийдэж байгаа, гэхдээ шийдэхдээ тодорхой шалгуурууд тавьж байгаа. Энэ шалгуурт тийм олон компани, хүссэн хүн нь таардаггүй л байхгүй юу.Тэгээдтүүнийг, Баттулгыг итгэл найдвартай түнш гэж сонгохгүй л байна шүү дээ. Тэгээд одоо яах юм? Асуудал бол ердөө л энэ. Тэгээд энэ асуудлыг мундаг зүйл болгоод яваад байх хэрэггүй байх гэж бодож байна.

-Таныг гүтгэх доромжлоход олон хүн цагаа зарцуулах юм. Үүний ард чухам хэн байна бэ?

Намайг гүтгэх доромжлоход цаг заваа зарцуулдаг олон хүн байхгүй ээ гэж би боддог. Энд хөрөнгө зарцуулж, сүлжээ бий болгодог, үүнийг санхүүжүүлдэг нэг л гол этгээд байгаа.

Хэн юм бэ гэж байна. Би үүнийг үзэгдэл гэж боддог. Та нар өөрсдөө ол. Үүнийг хүнээр төлөөлүүлж хэлэх аргагүй. Би үүнийг буруу үзэгдэл гэж боддог. Хэдэн зуун хүн суулгаад, эвлүүлж бичээд сууж байдаг. Миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол тэр 15-20-иод насны залуучуудын тархийг угааж, хооронд нь талцуулж, үзэн ядалт бий болгож байгаа үйлдэл юм. Гэвч буруу хэлүүлж байгаа хүнд зөвөөр ойлгогдох боломж бий.

Гадагшаа оргуулаад зугтаалгасан нөхөд рүү л “Монголдоо хурдан ир” гэж мессэж явуулах хэрэгтэй

-Цагдаагийн байгууллагыг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо шалгана гэж байгаа. Та үүний талаар юу гэж бодож байна вэ?

-Би энд нэг зүйлийг хэлье. Цагдаагийн байгууллага руу, сайд ру

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
    2026 оны 02 сарын 07 | Хариулах