Порошенко Обаматай уулзахдаа үрчийсэн костюм, тоос болсон гуталтай иржээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вашингтонд Украины ерөнхийлөгч Петр Порошенког хүлээн авч уулзжээ. Хачирхалтай нь уулзалтад Порошенко тун эвгүй байдалтай ирсэн байна. Юу гэвэл, тэр үрчгэр костюм өмсөж, гутлаа арчилгүй орж иржээ.

Цагаан ордны гэрэл зурагчид Порошенкогийн энэ ичгүүртэй байдлыг харуулж дөнгөжээ. Улс төрийн удирдагчдын гар барин мэндчилдэг үед уламжлал ёсоор авдаг зурагт зочин үрчийсэн костюм, тослоогүй гуталтай харагдаж байна. Толийтол индүүдсэн костюм, гялалзтал тосолсон гутал өмссөн Обаматай харьцуулахад Украины төрийн тэргүүн наанадаж эвгүй, инээдэмтэй харагдаж байжээ.

Порошенкогийн гадаад төрхийг нийгмийн сүлжээнд идэвхитэй тайлбарлаж байна гэж “Русская весна” порталд бичжээ. “Ичмээр юм, түүний пиджакийг фотошопоор индүүлчихээч. Согтоод, архи нь гараагүй байхдаа уулзалтад ирж дээ!” хэмээн нэг хэрэглэгч бичсэн байна. “Гутлаа арччихсан бол зүгээр байж” гэж өөр нэг нь халаглажээ.

Украины ерөнхийлөгч нэг чухал зөвлөгөөнд нэг цагаар хожигдож ирсэн нь бага хэрэг, харин тэр ингэж саатсан шалтгааныхаа тухай бусдад бас худал хэлээд авчээ.

“Ёстой уучлаарай. Та нарыг хүлээсэнд баярлалаа. Би шууд онгоцноосоо ирж байгаа нь энэ” гэлээ.Түүний нисэх онгоц буух зөвшөөрөл хүлээгээд, эргэлдээд байсан юм байхгүй, нисэхийн “Эндрюс” баазад ямар ч сааталгүйгээр яг цагтаа газардсаныг “Flight Radar” сервис үзүүлжээ.

Украины засгийн газрыг эмхлэн байгуулсны дараа Украинд 1 тэрбум долларын зээл өгөхөд бэлэн байгаагаа ерөнхийлөгч Обама нотоллоо гэж Петр Порошенкогийн хэвлэлийн албанаас тараасан мэдээнд дурдсан байна. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова энэ мэдээллийг тайлбарлахдаа,“Минскийн тохиролцоог хэзээ хэрэгжүүлэх тухай асуултад өгч байгаа хариулт нь энэ болж байна. Вашингтоны засаг захиргаа олгох гэж байгаа тэрбумын зээлээ энэ баримт бичгийн дагуу хүлээсэн үүргээ Украины удирдлага хэрхэн биелүүлэхтэй холбох болов уу” гэжхэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ