Автобусан доторх ардын эмгэнэл

Нийтийн тээврээр зорчих үедээ гэмтсэн иргэд II шатлалын эмнэлэг буюу дүүргийн гэмтлийн тасагт олон тоогоор хандах болжээ. Тэдгээр иргэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд анхан шатны эмнэлэг болох ГССҮТ-д очих ёстой байдаг ч үүнийг мэддэг нь цөөхөн юм. Гэмтэлд хандах үед цагдаагийн байгууллагаас бүртгэл хийдэг байна. Гэвч хохирогчдын дийлэнх нь энэ талаар мэддэггүй тул бүртгэл хийлгээгүй гэх шалтгаанаар чимээгүй өнгөрөх нь элбэг. Үгүйюмаа гэхэд нийтийн тээврийн гомдол санал авах утсанд хандаад л өнгөрдөг байна. Гомдол хүлээн авсан мэдээллийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргээд хариу өгөх үүрэгтэй ч энэ талаарх мэдээллээ авсан хүн тэр бүр байдаггүй бололтой. Үүнийг албаныхан тайлбарлахдаа иргэдийн утас холбогдохгүй, эсвэл утсаа авдаггүй гэх мэт шалтгаанаар тайланд энэ төрлийн тоон мэдээлэл ч байдаг гэв.

Ер нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч хуулийн дагуу аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс зайлшгүй зогсох ёстой. Харин зорчигчид аюулгүй байдлаа хангаж явах үүрэгтэй. Тэгэхээр дээрх асуудлыг зохицуулах, аюулгүй зорчих ямар арга байж болохыг хэлж мэдэх хүн алга. Түүнчлэн жолооч нар буудалдаа хараахан хүрээгүй байхдаа хаалгандаа ойртохыг зорчигчдоос шаардах нь хэр хариуцлагатай, зөв үйлдэл вэ? Ихэвчлэн ийм үед л гэнэтийн зогсох шаардлага гарч, улмаар хүн гэмтдэг. Иймд нийслэлийн замыг уралдааны талбар болгосон энэ дүр зургийг арилгах дорвитой арга хэмжээ авах нь аль хэдийнээс тулгамдаад буй асуудал хэдий ч өдийг хүртэл юу ч шийдэгдэхгүй байна.

Нийслэлийн тээврийн газарт уг нь сургалт хариуцсан мэргэжилтэн гэж байдаг аж. Энэ нь Замын цагдаа болон бусад мэргэжлийн байгууллагуудтай тодорхой хугацаагаар графикт сургалтууд явуулдаг байна. Гэсэн ч иргэдийн зүгээс гомдлууд их гардаг, арга хэмжээ ч авдаг гэж байгаа. Тухайлбал, зөрчил гаргасан жолоочид тооцох хариуцлагын тухайдхуулийн хариуцлага хүлээлгэх юмуу сахилгын арга хэмжээ, мөнгөн торууль болон ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Нийтийн тээврийн зарим асуудлуудыг шийдвэрлэж байгаа ч гагцхүү уралдааныг зохион байгуулах комисс л хэрэгтэй байгаа юм. Энхтайвны өргөн чөлөөний дагуух автобусны буудлуудад тухайн буудалд хэдэн минутын дараа ямар чиглэлийн автобус ирэх зэрэг мэдээлэл бүхий самбар байршуулна гэж яригдаж байсан. Самбартай болчихвол ядаж уралдах асуудал цэгцрэх байх хэмээн бодож байсан иргэдийн горьдлого бас л талаар өнгөрөх бололтой. Учир нь уг самбар маш өндөр өртөгтэй тул ердөө дөрвөн буудалд байршуулах гэнэ. Одоохондоо ямар буудлуудад байршуулахаа хараахан тогтоогоогүй байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд 960 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд бүгдийг нь камержуулсан гэж байгаа. Тэгэхээр нийтийн тээвэрт асуудал гарсан үед зайлшгүй баримтжуулж авах нь иргэд асуудлаа шийдвэрлүүлэх цор ганцарга болох нь. Ингэхдээ автобусны хажуугийн гараш дугаараар баталгаажуулан, камерыг шүүх замаар баримтжуулж Нийслэлийн тээврийн газар гомдол гаргах боломжтой. Камер нь 30 гаруй гегабайт, сар хүртэлх хугацааны бичлэгийг хадгалах багтаамжтай юм байна. Хэрэв гэмтсэн тохиолдолд дахин сануулахад нэн түрүүнд ГССҮТ-д хандах ёстой юм шүү.

Ер нь иргэд нийтийн тээврийн жолооч нарын мэргэшилд үл итгэх, микроны жолооч нар ихэвчлэн нийтийн тээвэрт ажилладаг гэсэн байр суурьтай байдаг. Энэ тухай Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болд хэлэхдээ “Иргэд ингэж боддог юм билээ. Гэхдээ мэдээж бүгд тийм биш шүү дээ. Тодорхой тооны микроавтобус жолоодож байсан жолооч нар байгаа.” гэсэн юм.

Ямартай ч “төв замын түргэн улаан”-ы залгамж халаа үеийн үед уралдсаар байх бололтой. Уралдааныг зөв зүйтэй зохион байгуулах комисс байгуулж, асуудалд цэг тавимаар байна. Ингэж хүний амь нас, эрүүл мэндээр тулаан зохион байгуулах нь энэ нийгмийн бас нэгэн эмгэнэл юм.

Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зохион байгууллаа гээд түгжрэлд нэмэртэй ч, түгшүүрийн харанга хангинасан хэвээр.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ