Халуун "мангаа"-г халах цаг болсон

Урд зүгээс муу улбаатай бүхэн нь манайд орж ирдэг. Сав суулга хүртэл хүний амь биед эрсдэл дуудах болсон талаар энэ оны эхээр бараг бүх мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиад өнгөрсөн. Бараг айл бүрт байдаг түргэн тогоо хэмээгч тэр “халуун мангаа” хүүхдийн хамгийн гол дайсан болсоор удлаа.

Соц нийгмийн үед барьсан байрнууддаа орос ах нарын суурилуулж өгсөн Луч, Мечта, Лисьва гэж зуухууд байлаа. Одоо ч гэсэн зарим айлд хэвийн ажиллаад хээв нэг данхайж байгаа. Хүүхэд байхад тэр зуух өндөр санагддаг байсан нь одоо бодоход бас л учиртай аж. Чанартайгаас гадна аюулгүй байдалд энэ нь чухал үүрэгтэй байж.

Харин эдэлгээ даахгүй эрүүл мэндэд халтай түргэн тогоог хилийн цаана түгжиж орхивол үлдсэн нь үтэр түргэн хог болох нь тодорхой. Иймэрхүү аргаар аюулаас ангижрах боломж бидэнд байна. Эс бөгөөс түргэн нэртэй түргэн эдэлгээтэй, түргэн дуудуулдаг төмөр сав монголын ирээдүйг эрэмдэглэж, тэр ч бүү хэл аминд нь эцэс төгсгөлгүй хүрсээр байх болно. Хэсэгтээ намжмал байдалд орсон мэт чимээгүйхэн болсон энэ аюул дахин чихнээ сонстох болсон тул ийнхүү асуудлыг сэргээж, анхаарлаа хандуулж, боломжит гарцыг эрэлхийлж байна. Энэ төрлийн гэмтэлтэй хүүхдүүд гэмтлийн эмнэлэг дээрээ хүртэл тусгай нэршилтэй болсон нь тоглоом биш. Асуудлыг нэг л удаа шуугиад өнгөрөх бус нэг мөсөн эцэслэж сурах нь аливаа бэрхшээлээс ангижрах бидний гол гарц мөн.

Хамгийн гол нь халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн нас барах магадлал өндөр. Хоногтоо зөвхөн нийслэлийн хэмжээнд энэхүү аймшигт “мангас”-аас болж түлэгдсэн 4-5 хүүхэд бүртгэгддэг гэх албаныхны үгийгэнд дахинонцлоё. Ихэнх тохиолдолд түлэгдэлт хүүхдийн биеийн 40-өөс дээш хувийг эзэлдэг байна. Улмаар өрхийн эдийн засгаас эхлээд хүүхдийн ирээдүйд хүртэл асар хүнд нөхцөл үүснэ.

Өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь хятад халуун тогоог ашигладаг талаар тодорхой тоо хэлэхэд бэрх ч нийт хүн амын дийлэнх нь гэхэд хилсдэхгүй. Тиймээс үнэ хямд энэ барааны эргэлт тэр хэрээр хурдан. Манай улсад чанар үнэртүүлсэн зуух /плитка/-ны үнэ тэнгэрт хадаж, бэлтэйхэн айлын л хэрэглээ болсон гэхэд худал болохгүй биз. Тиймээс хямд үнээр хятад тогоогоо залж хоолоо хутгах нь эгэл монгол амьдралын энгийн дүр зураг болжээ. Түргэн тогооны залгуур нь богино, таг нь нимгэн, суурь нь жижиг, утас холбоос нь хэврэг. Цахилгааны хүчин чадлын тохиргоотой ч бүрэн чадлаар нь ажиллуулбал хайлж шатах магадлал өндөр. Улмаар эдэлгээ богино, гэсэн ч үнэ хямд. Харамч хүн гурав төлдөг гэх үгийг бодон үнэтэйхэн, чанартайхан эд авъя гэх санаатай нь бидний дунд олон ч сачийтай нь цөөн байх юм.

Ийм л гаслантай нийгмийн хохирогч нь эцэстээ хүүхэд болж байгаа юм. Халуун тогоонд хүүхэд түлэгдэх явдал өдрөөс өдөрт нэмэгдэж түлэнхийн тасагт өдөрт 10-15 хүүхэд хүргэгддэг болсон талаар бид сар шинийн өмнөхөн мэдээлж байсан. Үүнд асран хамгаалагч буруутай гэдэгт маргахгүй. Гэвч гараад байгаа гаж үйлдлийг гацаах дээрх аргыг хэрэглэвэл, ард түмэн арай өөр сонголтыг аяандаа хийж эхлэх нь лавтай. Шууд суурьтай халуун мангааг халж, уртхан залгууртай удаан эдэлгээтэйг дөнгүүрхэн үнээр оруулж ирэх боломж зах зээлийн шугамаа дагаад бий болно гэж харж байна.

Ямартай ч багачуудын дураараа наадан гүйлдэх зугаатай өдрүүд айсуй. Энэ л үед эцэг эхчүүд илүү сэрэмжтэй байхгүй бол ирээдүйгээ бид аймшигт халуун мангасын аманд өөрсдөө түлхэж оруулснаас өөрцгүй юм болно. Хатуу ч гэсэн энэ бол үнэн.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ