Улаанбурхан уу, H1N1-ийн мутаци уу?

Улаанбурхан өвчний талаар саар мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт хангалттай цацагдлаа. Өнөөдөр ч үргэлжилж байна. Энд нэг асуудал гарч ирсэн нь олон хүүхдийн амийг авч одож буй энэ вирус чухам улаанбурхан уу, мутацилагдсан Н1N1 үү гэдэг нь ойлгомжгүй боллоо. Учир нь УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр уг өвчнийг тайлбарлахдаа улаанбурхан нь бусад архаг, суурь өвчинтэй хавсарсны улмаас хүндэрч үхэлд хүргэж байна гэлээ. Хачирхалтай нь H1N1-ийн вирусийн шинэ хэлбэр хэмээх тайлбарыг энд дурдаж байв. Тэгээд яг аль нь болохыг ойлгосонгүй.
Бидний үзүүлж буй тусламж үйлчилгээнээс давсан өвчлөл гарч байгаа тул эндэгдэл гарч байна хэмээн ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч мөн хэлсэн. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэдэг шиг өвчний давагдашгүй хүчин зүйл нийгэмд ийм аюул дагуулж байгаа ажээ. Давагдашгүй гэхийн учир нь энэхүү үхлийн өвөрмөц вирусийг эмчлэх вакцин дэлхий дахинаа байхгүй гэнэ. Энэ талаар УИХ-ын чуулганы хуралдаанд албаны хүн мэдээлсэн юм. Тэгэхээр олон үрсийн амь чухам ямар өвчний улмаас эндэж байгааг мэргэжилтнүүд ч тодорхой тогтоогоогүй байгаа бололтой.
Энэ өвчний онцлог нь тухайн вирус өвчтөний биед “хайлт” хийж хамгийн эмзэг, эмгэг хуучтай эрхтний өвчнийг сэдрээх, гүнзгийрүүлэх байдлаар маш хурдацтайгаар үхэлд хүргэдэг гэнэ. Ийм аюултай өвчнийг зарим хүмүүс улстөржүүлээд байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах арга хэрэгсэл мэтээр ярьж байна. Ирээдүйгээ хорлосон ийм улс төр эх оронд минь арай л дутаагүй биз гэдэгт найднам. Харин монголчуудыг хашраах H1N1-ийн мутацилагдсан шинэ вирус гэх нь арай үндэслэлтэй сонсогдоно. Гэхдээ бид улаанбурхан өвчнөөс нэгэн цагт ангижирч чадсан шигээ технологийн хөгжил дэвшлийн энэ үед аймшигт үхлийн вирусийг хашрааж чадна гэдэгт итгэж байна. Ер аль онош нь ч бай үрс эндэж байхад хэдэн биесээ чичлэн хэрэлдэн тэмцэлдсээр байх уу?
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ